УИХ-ын чуулганыг өнөөдрөөс эхлэн завсарлуулах чиг барьж байгаа. Үүнээс өмнө "эзгүйдсэн” яамны сайдыг томилох асуудлыг шийдвэрлэх аж.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Харин салбарын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон билээ. Одоогоор тус яамыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариуцаж байгаа. Өчигдрийг хүртэл БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Н.Учрал, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын нэр яригдаж байгаа тухай эх сурвалжууд бичиж байв.
Тэгвэл өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн байна. Ингэснээр БСШУС-ын сайдаар "дан дээл"-тэй эрхмийг томилохоор болж байна. Ерөнхий сайд Боловсролын салбарыг мэдлэг чадвартай, туршлагатай академич Г.Чулуунбаатарыг томилох саналаа өргөн барилаа.
Тэгвэл "уналтад орсон” яамыг хүлээж авсан Г.Чулуунбаатар гэж "битүү морь” хэн бэ?
БСШУС-ын сайдаар Академич, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Г.Чулуунбаатарын товч намтар 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. 1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн аспирантур төгсөж "Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны 5 дугаар сарын 26-нд философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
2000 оны нэгдүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт "XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. 2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол 2010 Удирдлагын академийн профессор цол 2004 онд БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол 2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор 2009 оны 2 дугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол тус тус хүртсэн байна. Ховд аймгийн Дарви сум харъяат. 1981-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1994 онд "Прогноз” төвийн эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1996 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996 оноос ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан захирлаар ажиллаж байна. Мөн 2001 оноос УИХ-ын даргын улс төрийн зөвлөхөөр ажиллаж буй аж.
Эх сурвалж: П.Гоо
olloo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих