Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-аар батлаад байгаа. Хөтөлбөрийн талаар болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэлээс зарим зүйлийг тодруулав.
-Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэ хороонд СЭМҮТ-д ямар чиг үүрэгтэй оролцож байгаа вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2002 онд батлагдаж_ Үндэсний хороо байгуулах талаар заасан байдаг. Гэхдээ өмнө нь Үндэсний хороо байгуулагдаж байгаагүй. Харин энэ Засгийн газрийн үед Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан Ерөнхий сайдаар батлуулан Үндэсний хороо байгуулж ажиллаж байна. Мөн Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх анхан шатны ажлын төлөвлөгөө баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх нь дан ганц ХЗДХЯ ажил биш учир БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, хууль хүчний бүх байгууллага хамтарч ажиллах болсноороо Үндэсний хороо байгуулагдсан нь өндөр ач холбогдолтой. Эрүүл мэндийн яамны тухайд оношлогоо эмчилгээний стандартыг шинэчлэж боловсруулах, эмчилгээний суурь болон гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ. Мөн судалгаа шинжилгээний ажлыг судалгааны байгууллагатай хамтран хийнэ. Үүнээс гадна улсын төсөвт тусгайлсан стандарт хангасан эмчилгээ оношилгооны нийгэмшүүлэх төвийг байгуулах гэх мэтчилэн олон ажил орсон.
-Мансууруулах бодисны хамааралтай хичнээн хүн Монголд байдаг вэ?
-Аль ч улс орны хувьд мансууруулах бодис, хар тамхины донтолт нь нэн тэргүүний чухал асуудал болоод байгаа учраас НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хүртэл оролцоод дэлхий нийтээр хамтран ажиллаж байна. СЭМҮТ нь Монгол Улсынхаа хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв юм. Манайд ирэх мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн донтолттой хүн жилээс жилд ихсэж байна. Жилдээ 18-20 гаруй настай залуучууд голдуу шинжилгээнд орж, 30-40 хүн хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс гадна СЭМҮТ мансууруулах, сэтгэц идэвхит бодистой холбогдсон хүмүүст Шүүх, сэтгэц эмгэг судлалын экспертиз хийдэг. Өмнө нь 10 гаруйхан удаа хийдэг, илэрдэг байсан бол сүүлийн жилүүдэд олширч, дунджаар 92-100 болон нэмэгдээд байна.
-Донтсон хүнийг бүрэн эмчлэх боломжтой юу? Сүүлийн үед орж ирээд байгаа "Айс” гэх бодисын донтолтыг эмчлэх боломжгүй гэж мэргэжлийнхан тайлбарладаг юм билээ. Энэ тухайд?
-Дэлхий нийтэд мансууруулах донгоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бүх нийтээр яригддаг. Өндөр хөгжилтэй улс оронд ч дээд тал нь 5 хувийн эмчилгээний магадлалтай байдаг. Тэгэхээр 95 хувь нь эмчлэгдэх боломжгүй байгаа учир энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн чухал арга юм. Мансууруулах, сэтгэц эмгэгт нөлөөлөх, олон улсын хяналтанд ороогүй 560 гаруй бодис байдаг ч эдгээрт зөвхөн нэг л эмчилгээ байдаг юм. Манайд ирж хэвтэж байгаа донтолттой залуус ОХУ, Герман, АНУ, Тайланд, БНХАУ-д эмчлүүлсэн гэдэг ч бүрэн эдгээгүй байдаг.
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих