"Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгагдан шалгагдаж ирсэн Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн шүүхэд одоо болох гэж байна. Энэ хэрэгт Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мөн шалгагдаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд олонтаа гарсныг энд сануулъя. Чухам харин өнөөдрийн тухайд Х.Баттулга А.Гансүхийн хамт шүүгдэх үү гэдэг нь анхаарал татсан асуудал юм.
Сануулахад, Х.Баттулга, А.Гансүх нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард гарсан ч, прокуророос үгүйсгэж байсан билээ. Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ "Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон. хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл дараа нь хэрэг шүүхийн шатанд шилжих гэж байгаа гэх мэдээлэл эх сурвалжаас гадагшилсан юм.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, "Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт холбоотой БНСУ-ын иргэн, "Самсунг Си энд Ти” хэмээх хуурамч компанийн захирлаар ажилладаг Ли Жонг Ёлыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг нь сунгаж, бусад холбогдогчид бүгд батлан даалтад гараад байсан юм.
Х.Баттулга нар өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байхгүй, хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа гэх үндэслэлээр нэр бүхий хэвлэлүүдээс мөнгө нэхэмжлээд байсан ч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр 201501000154 дугаар бүхий хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.
ТүүнчлэнХ.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгоод байгаа гэдгийг хуулийнхан хэлж байсан билээ.
Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасныг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман албан ёсоор мэдэгдсэн байдаг. "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл мөрдөн байцаалтын явцад 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байгаа юм. Тэрбээр "Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна” хэмээн мэдүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа ил болоод байна. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан шалгаж байгаад, сулласан билээ. Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийхдээ тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Р.Чингисийг "Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан юм. Харин ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр "АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй” гэж байсан бол прокурорын зүгээс найм, есөн хүнийг шалгаж байгаагаа хэлсэн байдаг юм.
Эх сурвалж: Hunnu.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих