Саяхан Газрын тосны дарга байсан нэгэн боловсролтой залуу авлигын
хэрэгт шалгагдаж байгаад шоронд үхэхэд олон хүн баярлаж байх юм.
Шоронгоор дүүрээгүй, мөрдүүлж, мөшгүүлээгүй, дарамтлуулаагүй
бизнесмэнүүд Монголд цөөхөн. Буяндорж, Анандбазар гээд гайгүй
бизнесмэнүүд эрхбиш олны танил дуучин гэр бүлтэй тулдаа баригдлаа,
тавигдлаа гэж мэдээлэгдэж шоронд орсон гарсныг нь нийгэм нэг юм мэдэж
байна. Зах зээлийн нийгэмд иргэн болгон адилхан эрхтэй гэх
боловч хамгийн их үнэ цэнэтэй, хайрлаж явах ёстой хүмүүс бол
бизнесмэнүүд байдаг юм. Хуулинд бичиж болдоггүй л болохоос бизнесмэнүүд
капиталист ертөнцөд илүү эрх, илүү хүндлэл эдлэж явдаг юм.
Хамгийн аюултай нь зарим томоохон бизнесмэнүүдийг ямар ч чимээ гаргалгүй, мэдэгдэхгүй баривчилж, хилс хэрэг тулгаад тасалдаг болжээ. "Аэро Монголиа” компанийн захирал Баатарсүрэнг гэнэт чимээгүй баривчлан хилс хэрэг тулгаад шүүсэн болж долоон жилээр тасалсан дуулдана. Баатарсүрэн бол нисэхийн анхны томоохон бизнесмэн. Анхны хувийн онгоцнуудыг оруулж ирж энэ салбарт том гавьяа байгуулсан нэгэн. Өндөр боловсролтой ямар ч эрүүгийн хэрэг хийхээргүй хүмүүжилтэй. Өмгөөлөгчид нь Баатарсүрэн ямар ч эрүүгийн хэрэг хийгээгүй гэж ярьж байна. Тэгсэн чинь гэнэтхэн нэг өдөр хэн нэгний захиалгаар юм шиг баривчлаад л эрүү үүсгээд шүүсэн болоод тасалчихсан гэнэ.
Тулгасан ял нь бол тун хөгийн. Баатарсүрэн өөрийнхөө бий болгосон компанийг хүнд заржээ. Нөгөө авсан хүн нь "хүнд гар” таарч мөнгийг нь өгөлгүй луйвардаад өчнөөн жил болжээ. Баатарсүрэн өөрийнхөө алдсан компанийнхаа мөнгийг олж авах гэж шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрүүд Баатарсүрэнгийн талд гарч Баатарсүрэн шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө аваад байж. Гэтэл нэг шүүгч дуудаад өөрийнхөө компанийг зарсны төлөө өөрийг нь долоон жилээр ялласан гэнэ шүү. Коммунист дэглэмд бол за чи тэрийг бариад шоронд хийчих. Хүнийг нь бариад шоронд хийсэн бол зүйл анги нь олдоно гэдэг байсан юм.
Баатарсүрэнгийн хэрэг гэмт хэрэг мөн юм бол хоёр хүний хооронд наймаа хийсэн маргаан болохоор эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг баймаар юм гэж учир мэдэх томоохон хуульчид ярьж байна. "Жаст”-ын Батхүүгийн талаар би түрүү бичиж байсан. Баатарсүрэн, Батхүү болон шоронд байгаа олон бизнесмэнүүдийн бие нь тааруу дуулдах юм. Төрд ажилласан бүхнийг авлигачаар нь дуудаж төрөөс төрсөн тэрбумтнууд гэж зэрэг зэрэг хараах боллоо. Их хурлын гишүүд нь бие биенээ доромжлон загнаж чи хөрөнгөтэй, би ядуу гэж гайхуулцгаана.
Бүх хэвлэл мэдээллүүд хөрөнгөтэй хүмүүс рүүгээ дайрч доромжилдог нь жирийн үзэгдэл болжээ. Дэлхийн ямар ч улс оронд хамгийн том худалдан авагч нь төр байдаг. Төрд ажиллаж мэдээлэлд хамгийн ойр байсан нь хамгийн том наймаа хийдэг нь ертөнцийн жишиг. Төр худалдан авагч болж хөрөнгө оруулаад л байвал төрөөс тэрбумтнууд төрөхгүй яахын. Энэ жишгээс ямар ч улс орон тойрч чадаагүй юм. Төр гэдэг худалдан авагчийн тэр их мөнгөнөөс баяждаг хүмүүсийг зах зээлд шилжээд 20 жил болж байгаа манайх шиг улс орон байтугай, 200 жил болсон ардчилсан улс орон ч одоо хүртэл хорьж чадаагүй байгаа юм шүү.
Ийм л учраас сонгууль болж төрийн мөнгийг захиран зарцуулах эрхийн төлөө улайран тэмцэхийг сонгууль гэдэг юм. Арай увайгүй идсэн уусан улс төрийн хүчин нь халагдаж дараагийнх нь гардаг. Адилхан л хусаад гарвал дахиад л хусагдана. Арай багахан хамжааргатай эргэж уулзах нүүртэй идэж уусан нь сонгогддог юм. Тэрнээс төрийн худалдан авах тэр их мөнгөнөөс халбагадахыг хүсэхгүй хүн бараг төрөөгүй байх. Хэвлэл мэдээлэл бол мөн л бизнес байдаг. Хэвлэл мэдээллийнхэн маань бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд худалдан авагч иргэдэд зардаг. Бас хэвлэл мэдээллийнхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд төр гэдэг худалдан авагчид зарж амьдарна. Ямар ч улс орон, аль ч Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг дотооддоо төдийгүй гадаадад сурталчилдаг.
Засгийн газар танин мэдэхүйн, боловсролын. Хуулийн, байгаль хамгааллын, соёлын асар их бүтээгдэхүүн хувийн мэдээллийн байгууллагаас худалдан авдаг. Хэвлэлийн бизнес ингэж оршин тогтнодог. Гэтэл сая биднийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр маань мөнгөөр худалдаж авахгүй гээд тэнэг шийд гаргачихлаа. Монгол төр аюулгүй байдлынхаа тухай, Засгийн газар нь юу хийснээ, бас юу хийхээ мөнгө зарж сурталчлуулахгүй юм гэнээ. Бүүр хэвлэл мэдээллүүдийг ад үзэн эздийнх нь өмчид, үзэл бодолд нь халдан редакцийг нь хэн нэгэн мэдэх хууль хийнэ гээд байгаа. Хэвлэлийн биднийг хорлож хаалтын гэрээ гэдэг юмыг нь хааж байгаа нь тэр гэнэ. Засгийн газар сурталчлах гэрээ хийнэ үү гэхээс хаах гэрээ гэж хийдэггүй юмаа. Хаалтын гэрээ гэж байдаг бол хулгай хийсэн хүн л намайг битгий хэлээрэй гэж хаалтын гэрээ хийх байх.
Бид хэн нэгэн нь баян чинээлэг амьдрах, тэр баяжсан нэг хэсэг нь бусдаа хооллож ундалж, тэжээж явах капиталист нийгмийг сонгосон юм. Капиталистуудаа баривчлан хилс хэрэг тулгаж шорон гянданд хийж, хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй, нүд нь хорсож өсөрхөж явдаг нэг л хачин нийгэм бий болоод байна. Юун гадаадын бизнесмэнүүд орж ирэх дотооодын хэдхэн бизнесмэнүүд нь гараад явчихна даа. Мөнгөтэй, ухаантай хүн заавал Монголд бизнес хийнэ гэж шоронд орон орон зүтгээд байх уу. Тэд гадаадад гараад явчихвал бид л балрана. Манай бизнесмэнүүд ч эх оронч юм даа.
Г.ДАШРЭНЦЭН /МУСГЗ/ НИЙСЛЭЛ ТАЙМС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих