Улз гол 60 км орчим тасарч адагтаа хүрэхээ больжээ. Голын урсацын эх үүсвэр нь хурын ус учраас сүүлийн жилүүдэд хэт халах болсонтой холбоотойгоор урсгал нь шургах үзэгдэл байнга давтагдаж буй гэнэ. Гэхдээ энэ удаагийнх шиг 60 км-т хүрч байгаагүй аж.
Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар зүүн хойш урсан улсын хил давж, ОХУ-ын Тарь нууруудын хонхорт орших Баруун Тарь нуурт цутгадаг. Нийт урт нь 520 км бөгөөд үүний 495 нь манай улсын нутаг дэвсгэрт хамаардаг аж.
Онон, Улз голын сав газрын захиргааны өнгөрсөн сард хийсэн үзлэг шалгалтаар тус гол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт очоод шургаж, адагтаа хүрч чадаагүйг тогтоосон байна. Уг нь тэндээсээ Чулуунхороот сумын нутгаар дайраад хил давдаг байтал энэ жил Дашбалбараас цааш урсаагүй аж.
"Улз гол сүүлийн жилүүдэд Монголын хил дотроо шургах болсон. Хамгийн сүүлд гэхэд 2014 онд зуншлага сайтай байсны ачаар Тарь нууранд хүрч байлаа. Бид энэ зун гурван удаа явж үзэхэд тасарсан хэвээрээ л байна. Долдугаар сарын дундаас эхлээд манай нутгаар нэлээд бороо орсон тул урсгал нь сэргэсэн байж болзошгүй. Гэхдээ адагтаа хүрэх эсэх нь эргэлзээтэй. Бид өнөөдрөөс эхлэн сав газрын хэмжээнд усны тоо бүртгэл хийх юм. Энэ үеэр Улзын нөхцөл байдалтай танилцаж, урсгал сэргэсэн, үгүйг шалгана” гэж Онон, Улз голын сав газрын захиргааныхан ярилаа.
Уртаараа улсад дээгүүрт бичигддэг Улз голын усны түвшин 1996 оноос хойш багассаар иржээ.
Ч.Мөнх
Өнөөдөр сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих