Хэрлэн голын ус татралтыг "Дорнод гурил” ХХК-ийн Зүүн дөрөө дэх тариан талбайн усжилтаас болсон гэх яриа сошиал сүлжээнд гараад буй. Тэгвэл энэ асуудлаар тус компаниас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
"Дорнод гурил” ХХК-ийн Цагаан овоо сумын нутаг дэвсгэрт байрлах "Зүүн дөрөө” тариа бригад нь Дорнод нутгийнхаа ард иргэдийн хүнсний ногоо, улаанбуудай, тэр дундаа төмсний хэрэгцээг сүүлийн 10 гаруй жил 80-100% хангасаар ирсэн билээ.
Бид улаанбуудай болон төмсийг Дорнод аймгийн Халхгол, Булган, Цагаан овоо зэрэг нутгийнхаа эрүүл хөрсөнд тариалж Дорнод аймгийнхаа хүнсний хэрэгцээг тасралтгүй хангахаар бүхий л хүчин чадлаараа чармайн ажиллаж байна.
Хэрлэн гол маань энэ жил цаг агаарын нөхцөл байдал, хэт халалт, бороо орохгүй удсанаас ширгэлт өгч, тариан талбайд усалгаа хийх боломжгүй болж ургацаа алдахад хүрсэн. Энэ жил ганцхан Дорнод аймаг гэлтгүй Монгол улс даяараа нийт ургацынхаа 70%-ийг алдахад хүрч, тариаланчид бид төдийгүй Монгол улс их хэмжээний хохирол амсахад хүрээд байна.
Энэ тал дээр аймгийн удирдлага, холбогдох байгууллагууд, бодлогын хүрээнд тариаланчдаа дэмжиж тулгарч буй асуудлыг шийдэх гарц нь болж ажиллах ёстой.
Хэрлэн голын эх авдаг Хан Хэнтийн байгалийн цогцолбор газарт 16 хоногийн түймэр гарч усны тэжээгдлийн орчимд "Ган” үүссэн, мөн хэт халалт, бороо оролгүй удсанаас Хэрлэн гол, түүний салаа, сувгийн ус тасарсан байдалтай байна гэж мэргэжлийн байгууллага тогтоосон.
Гэтэл дээрхи асуудлыг манай компанид холбогдуулан Улс төржүүлж, Хэрлэн голын усны татралтын асуудлыг Зүүн дөрөө тариан талбайн усжилтаас болсон мэтээр /social орчин, favebook/-ээр ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч талцуулж, "Дорнод гурил” ХХКомпанийн болон үүсгэн байгуулагч Улсын их хурлын гишүүн /Х. Болорчулуун/-ийг харлуулах оролдлого хийж байгаад харамсаж байна гэжээ.
Зүүн дөрөө тариа бригад нь Дорнод аймгийн төвөөс баруун тийш 70 орчим км-т байрладаг. Хэрлэн голын ус татралт, замагжилт зөвхөн энэ хэсэгт төдийгүй аймгийн төвөөс баруун тийш 130 орчим км зайтай Хөлөнбуйр сум, Хэнтий аймгийн зүүн захын сум болох Баян-Овоо орчимд ч үзэгдэж, хүн мал уух усгүй болж байгаа тухай нутгийн иргэд мэдээлсээр байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих