Найр наадам, амралт зугаалгын улиралд Хэрлэн голын эрэг дагуу хог хаягдал ихээр хуримтлагдаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Чойбалсан хотын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд Хэрлэн голын эрэг орчмын ногоон бүсийг цэвэрлэх ээлжит аянаа эхлүүллээ.
Чойбалсан хөгжил ОНӨҮГ-ын албан хаагчид 7-р сарын 25-аас 8-р сарын 1-ний хүртэлх 6 хоногийн хугацаанд Бунхан толгойн зүүн урдаас хуучин 28-ын хотхон хүртэлх хур хогийг цэвэрлэж цэмцийлгэжээ. Эдгээр газруудад хур хог олон жил хуримтлагдсанаас гадна аймгийн төвийн хогийн цэгээс хаягдал их хэмжээгээр хийсч ирж байгааг хэлж байлаа. Тус байгууллагын 17 ажилтан албан хаагч 6 хоногийн хугацаанд 2 автомашинтайгаар нийт 252 м3 хог хаягдлыг татан тээвэрлэсэн байна.
Төрийн бус байгууллагууд ч хог цэвэрлэгээнд гар бие оролцож байгаа юм. Тухайлбал орон нутгийн залуусын оролцооны байгууллага "Дорнод аймгийн Залуучуудын нэгдэл”-ийн хамт олон 8-р сарын 5-ны бямба гарагийн 10 цагт Хэрлэн голын эрэг Найрамдал парк орчмоос эхлэн Хог цэвэрлэгээ хийх гэж байна.
Цэвэрлэгээнд ирэх иргэд, залуусыг:
-Бээлий
-Шуудай
-Маск
-Хайч болон цэвэрлэгээнд шаардлагатай бусад хэрэгслээ авчрахыг сануулжээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих