2017 оны 05 дугаар сард Монгол улсын ерөнхийлөгчийн ЗАРЛИГ-аар Дархан мэргэн цолоор шагнагдсан Дашбалбар сумын харьяат Дашнямын Бор-Охины цолны мялаалга харваа, хүндэтгэлийн арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Баттулга, ЗДТГ-ын дарга Ү.Бөхчулуун, Харзат багийн Засаг дарга М.Бат-Оргил нар Чойбалсан хотноо очиж хүндэтгэл үзүүллээ.
Дашнямын Бор-Охин 1939 онд Дашбалбар сумын Харзат багийн нутаг Тагай бүрд гэдэг газар айлын 3 дахь охин болж төрсөн.
1973 оноос аймгийн Үндэсний сурын анхны мастер Л.Лувсан, харваач М.Тавхайжамц нарын ахмад харваачдаар сур харвах арга техник заалгаж бэлтгэл сургууль хийж эхэлснээс хойш Монгол улсын үндэсний их баяр наадамд 1975 онд түрүүлж мэргэн, 1979 онд түрүүлж хошой мэргэн, спортын мастер, 1987 онд гуравдахь удаагаа түрүүлж гоц мэргэн цол хүртсэн Монгол улсын тавдахь харваач болсон байна.
1979 оны МБАТ-ий Y спартикиад, 1983 оны МБАТ-ий YI спартикиадын үндэсний сурын харваанд тус тус түрүүлж алтан медаль, улсын их баяр наадмын харваанд 2001, 2003 онд хүрэл медаль тус тус хүртжээ.
Дорнод аймгийн наадамд 1974, 1980, 1986, 1987, 1989, 1991 онд, Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 1979, 1983, 1984 онуудад тус тус түрүүлсэн.
Д.Бор-Охин амьдралынхаа 50 шахам жилийн хугацаанд сурын спортоор тасралтгүй хичээллэж, үр хүүхдүүдээ дагуулан сургаж сурын спортоор хичээллэхэд нь дэмжиж, арга барилаасаа зааж сургаснаар түүний хүү Ч.Батжаргал сурын спортын 1-р зэрэгтэй, охин Ч.Баярмаа байт сурын спортын дэд мастер, охин Ч.Оюунцэцэг үндэсний сурын спортын мастер, охин Ч.Оюунгэрэл үндэсний сурын спортын дэд мастер цолтой ээж аавынхаа удам залгамжилсан сайн харваачид болсон байна.
Мэдээллийн Ажилтан Дашбалбар Сум
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24778
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих