Ө.БАТХҮҮ
Цаасан дээр хараар бичсэнээр бол Монгол Улсад хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Харамсалтай нь албан тушаал, мөнгө төгрөг, танил тал зэргээс шалтгаалаад хууль, дүрэм биелүүлэх шаардлагагүй хэсэг хүн өнөөг хүртэл манай оронд амьдарсаар байна. Хууль санаачилж, батлах үндсэн үүрэгтэй 76 ажилтан нь хүртэл хууль, журмаа биелүүлдэггүй учир "Хэн нь хэнийгээ хэлэх вэ” гэсэн назгай байдал хаа сайгүй үзэгдэнэ. Парламентын гишүүд бол ард түмэнд хэрэгтэй байгаа хууль санаачлах, батлах үүрэгтэй ажилчид. Харин тэдэнд ажил олгогч нь Монгол Улсын сонгуулийн насны бүх иргэд юм. Харамсалтай нь сонгуулийн өмнө ажил олгогчдоо уран сайхан үгээр хуурч, сонгогдсоныхоо дараа УИХ-ын чуулганы хуралдаандаа суух үндсэн ажлаа тасалдуулдаг ийм гаж үзэгдэл ёс юм шиг тогтож өнөөг хүрчээ. Үндсэн үүргээ ойлгодог М.Зоригт, С.Одонтуяа нарын нэлээд хэдэн гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангах, хуралдаан тасалсан тохиолдолд хариуцлагажуулах өөрчлөлтийг УИХ-ын тухай хуульд оруулахаар төсөл санаачилсан байдаг. Тэд ийм хууль батлах санаачлага гаргаснаа "Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ оны нэгдүгээр сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цагт эхлэхээр төлөвлөсөн боловч 50 минут хоцорч, 46 гишүүнтэйгээр хуралдаж, энэ өдөр 17 гишүүн хурал тасалж, 19 гишүүн хоцорсон гэсэн мэдээг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас гаргажээ. УИХ-ын намрын чуулганы хуралдаан эхэлснээс хойш зарлагдсан 23 өдрийн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ирц хоёр удаа, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц найман удаа, "Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн ирц таван удаа, ИЗНН-ын гишүүдийн ирц 11 удаа, бие даагч гишүүдийн ирц 14 удаа 50 хувьдаа хүрээгүй байна. Тиймээс энэ төсөлд УИХ дахь нам эвслийн бүлэг нь нэгдсэн чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд өөрийн бүлгийн гишүүдийн ирцийг 50 болон түүнээс дээш хувиар хангаж оролцуулах, дээрх үүргээ наймаас дээш удаа биелүүлээгүй бүлгийг татан буугдсанд тооцох тухай өөрчлөлтийг оруулахаар тусгалаа” хэмээсэн байв.
Гишүүд, сайд нар хуралдаа ирэхгүй, ирц бүрдэхгүй болохоор хурууны хээгээр ирц бүртгэж, хуралдаа ирсэн дарааллаараа үг хэлдэг байх хуулийн төслийг мөн л санаачлав. Хувийн байгууллагад бол зүгээр л жишиг болсон журмыг мөрдөхийг хуулийн төсөл болгон оруулж ирсэн ч гишүүд айгаад хэлэлцэж батласангүй. Ирц хүрдэггүй, гишүүд хуралдаа суудаггүй асуудлыг хэрхэн шийдэх тухай спикер "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа "Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төсөл унасан. С.Бямбацогт гишүүн өөрөө л хуулиа татаж авсан. Миний зүгээс хуулийн төслөө татаж авсныг нь одоогоор зөвшөөрөөгүй байгаа. Хууль татаж авсныг нь зөвшөөрөх юм бол түүнийг нь орлох зүйлийг оруулж ирсэн тохиолдолд би зөвшөөрнө гэж байгаа юм. Олон нийтэд камерын өмнө олонтаа ярьчихаад хуулиа батлах гэхээр буцаачихсан. Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төслөө яагаад татаж авсныг С.Бямбацогт гишүүнээс асуух нь зүйтэй. Гишүүдийн ирцийг зарлаж байгаа нь тэднийг ирцэндээ анхаараач ээ л гэсэн үг. Хөдөө уулзахаар очиход нь хөдөөний малчин "Чи яагаад хуралдаа суудаггүй юм” гээд асууна. Одоо суудаг болох байлгүй. Хамгийн чухал нь ил тод байдал. Тиймээс гишүүдийн ирцийг зарлачихсан. Үүнд гишүүд дургүй байгаа. Үүнээс өөр арга алга. Би хуралдаа суу гэж байнга л хэлдэг. Хуралдаа суухгүй бол, сонгогчдоороо л дүнгээ тавиулах хэрэгтэй” хэмээжээ.
Энэ бол аргаа барсан хариулт. Гишүүд ажилдаа ийм хойрго байхад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж буй 16 сайд хуралдаа сууж, хууль санаачлах, батлах ажилдаа сэтгэл зүтгэл гаргана гэдэг лөөлөө болж байна. Даахгүй нохой булуу хурааж байгаа учир тэдний "давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг Ерөнхийлөгч өнгөрсөн зун З.Энхболдод өргөн барьсан ч "2016 оны сонгуулийн дараа л ийм болвол болоё. Түүнээс өмнө чадахгүй” гээд гэдийгээд хэвтчихсэн билээ. Албан тушаалыг давхардуулан хашиж, өөх ч биш булчирхай ч биш болгож буй гэж шүүмжлүүлээд байгаа 16 хүний өнгөрсөн намрын чуулганы ирцийн мэдээг хүргэе. Намрын чуулган нийт 37 удаа хуралдсанаас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 27.5, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 23 удаагийн хуралдаанд суугаагүйгээрээ бусдыг манлайлжээ. Ерөнхий сайд 20.5 удаагийн хуралдаандаа суугаагүй боловч, танхимын тэргүүнийг энэ хариуцлагаас чөлөөлж болох байх. Харин бусад нь сайдынхаа ажлыг хийгээд хууль тогтоох ажлаа умартаж байгааг хүснэгтээс харж болох байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хууль гэж бий. Хүн бүрт эрх тэгш үйлчлэх зарчмын дагуу бол тэд ажил тасалсаныхаа хариуцлагыг хүлээх учиртай. Гэвч УИХ-ын дарга нь цөхөрсөн өнгө аястай ярьж байгаагаас үзэхэд хариуцлага гэдэг зүйл ажил хэргийн хувьд тэдэнд хамаагүй аж. Нэгэнт л ийм юм бол өдгөө манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-ын гишүүд, сайд нар мөрдөхгүй гэж хуульчилъя. Тэгэхгүй бол хууль баталдагууд нь хуулиа мөрддөггүй улс гэж Монгол орны нэр хүнд гадны улсад унаад байна. Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заажээ. УИХ-ын чуулганыг удаа дараа тасална гэдэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үг мөн бөгөөд тэднийг гишүүнээс нь эргүүлэн татах үндэслэл болох учиртай юм. Хуралдаа суудаггүй тэгээд бас давхар дээлээ тайлах дургүй хүмүүст хүлээх хариуцлагыг чангатгах гэж санаа гаргах хүмүүс байгаа боловч сачий нь үнэхээр хүрдэггүй бололтой. Одоо тэгэхээр Хөдөлмөрийн хуулиа л өөрчлөхөөс,өөр арга олдохгүй нь.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих