-Дэд хорооны хэлэлцэх асуудал нь тов тодорхой. Энд У.Хүрэлсүхийн өөрөө өөрийгөө тагнуулж, чагнуулж, мөрдүүлсэн байх магадлалтай хэргийн баримтууд дэлгэгдэнэ. Харин Сү.Батболд Тусгай хяналтын дэд хороо яагаад хуралдахгүй байгааг хэрхэн тайлбарлах бол-
Өчигдөр (2017.09.06) эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад удаагүй завсарлав. Шалтгаан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын "Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг тодорхой болгож өгөх” хүсэлтээс болж хойшилсон байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдын суудлаас буухдаа тулбал нэр цэвэр үлдэнэ гэж үзсэн байх. Харин У.Хүрэлсүх өчигдөр нэлээн сандарч өнжив. Тэдний хүмүүс мэдээллийн хэрэгслээр "Хүрэлсүхийг баривчлах гэж байна” гэсэн мессежийг түгсэн боловч зорилготой эхлүүүлсэн худал мэдээ газар авалгүй зогсов.
Энэ мэдээллээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авч, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар болсон байв. Гэвч Сү.Батболдын даргалдаг энэ дэд хороо хуралдсангүй. Гэхдээ дэд хорооны таван гишүүн тагнаж, чангасан хэргийн талаарх мэдээлэлтэй танилцсан. Үүнийхээ дараа дэд хороог "ирц хүрээгүй” гэдэг шалтгаанаар хуралдалдуулаагүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Дэд хорооны хэлэлцэх асуудал нь тов тодорхой. Энд У.Хүрэлсүхийн өөрөө өөрийгөө тагнуулж, чагнуулж, мөрдүүлсэн байх магадлалтай хэргийн баримтууд дэлгэгдэнэ. Энэ хэрэгт түүний төрсөн дүү, төрөл садны хүмүүс оролцсон. Хэргийг гардан гүйцэтгэсэн есөн хүн одоогийн байдлаар хоригдож байгаа юм. Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй ийм үйлдлийн ноцтой баримтууд сөхөгдөөд эхэлбэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаанаас том дуулиан үүсэх нь тодорхой. Тиймээс асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэхгүй барьж байхыг У.Хүрэлсүхийн талыг баримтлагч Сү.Батболд тэргүүтэй гишүүд чухалчилж байгаа бололтой.
Өчигдөр ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хуралдаагүй энэ дэд хороо өнөөдөр (2017.09.07) 08.30 цагт хуралдах зар түгсэн байна. Гэвч энэ хурал өнөөдөр болох эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ хуралдахгүй бол Засгийн газрыг огцруулах ажиллагааны далд эзэн гэгдэж буй У.Хүрэлсүхийн ноцтой баримтыг хэлэлцэхгүй байгаа шалтгаанаа Тусгай хяналтын дэд хорооны дарга хэрхэн тайлбарлахыг харж л байя.
Нохойд барьдаг мод
Аль ч УИХ-д эвтэйхэн хөдөлгөөд юм юм яриулаад байвал өөрөө тодроод явчихдаг, популизм хийхдээ сайн, хөөс нь дарагдаагүй, алдаршихын донтой нөхөд хэд хэдээрээ орж ирдэг. Энэ удаагийн УИХ-д ч МАН-аас нэр дэвшсэн хэд хэдэн ийм гишүүд сохор азаар парламентыг босгыг даван орж ирцгээсэн. Тэдний захаас дурдвал бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарыг нэрлэж болно. Яг одоо тэд Засгийн газрыг огцруулах асуудал дээр бусдаас чанга дуугарч байгаа. Акулууд тэднийг нохойд барьдаг модоо болгожээ.
Харин Сү.Батболд, Ж.Энхбаяр нарын хуучин гишүүд амаа хамхихыг хичээн, амнаасаа аль болохоор цөөн үг унагаахыг хичээцгээж байна. Тэд хэдийгээр засгаа огцруулах ажиллагаанд нэгдэн гарын үсэг зурчихсан ч, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй, ямар нэгэн мэдэгдэл хийхгүй л байгаа. Энэ нь тэдний асуудал хаашаа ч эргэж мэднэ гэсэн хаширлалттай холбоотой байх.
Тэдний хийх мэдэгдлийг "шинэков”-ууд хийж, под под дуугарсаар… Нэг л эвгүйдвэл цагтаа мөрийг нь илж явсан ах нар нь тэднийг Л.Гүндалай шиг, "Симба” Батаа шиг, Г.Шийлэгдамба шиг улс төрөөс бүр мөсөн арчаад ч хаячихаж чадна. Гэхдээ одоохондоо бол тэдэн шиг хэрэгтэй хүн алга. Тэдэнд ч популимз хийж алдарших хүсэл бий. Энэ хоёр сонирхол хөөс нь дарагдаагүй нялх улстөрчдийг улам оодруулах аж.
Нэг тэрэгний дугуй мэт ижил Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх хоёр
Сүүлийн 27 жилд олон Засгийн газрын нүүр үзсэн. Засгийн газруудын "богино нас” эрх баригч улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэлээс үүдсэн нь хожим ил болж байв. Тэдгээр түүхээс хамгийн анхаарал татсан тохиолдол нь 2014 онд огцорсон Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын бүдрэлт. Энэ Засгийн газрыг огцорсон гэж нэрлэх биш "хуйвалдаан”-ы золиос болсон гэвэл үнэнд илүү дөхнө. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрыг унагах бохир ажиллагаа Н.Алтанхуягийн Засгийн газрын тогооноос өрнөж байв. Товчхондоо энэ засгийн тогоо, шанагыг бариад, бантанг нь хутгаж суусан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаасаа урван, Н.Алтанхуягийг зайлуулчихаад өөрөө сэнтийд суучихаж билээ.
Ойрын үед Төрийн ордонд өрнөж буй МАН-ынхны Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах марафон нэг талаас "Херо”-гийн Баатарын "кино зохиол” шиг нөгөө талаас 2014 оны өдий үед эхэлсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа шиг өрнөж буй нь анхаарал татна. Энгийн харцаар харахад Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д 65 суудалтай МАН-ын 30 гишүүн бариад гүйж яваа. Гэвч энэ нь ердөө өнгөлөн далдлалт.
Тайзны ард Шадар сайд У.Хүрэлсүх дохиур атган 30 гишүүнийг удирдан залж, засгаа унагах симфонийг эгшиглүүлж байна. Үүгээрээ Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх хоёр нэг тэрэгний дугуй мэт ижил. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулахдаа сайдын суудал амласан гэх мэдээлэл түгсэн. Үүнийг гарын үсгийн эзэн УИХ-ын гишүүд эрс няцааж байгаа ч цаг нь ирвэл "үгүй” гэх байхгүй. Харин ч эсрэгээр Засгийн газарт багтахгүй олон сайд төрөх гэж зүтгэнэ. Бялуунаас үлдсэн нь боломж гарвал мөнөөх Засгийн газраараа дахин туг тахих гээд сууж байхыг ч үгүйсгэх аргагүй.
Т.ГАРЬД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих