Өмнөд Якутын Нерюнгри хотоос холгүй Колмар нэртэй уул уурхайн мангас компани Алс Дорнодод цахиур хагалж байгаа бололтой.
Тус компани баяжуулах үйлдвэр барьж, Ази номхон далайн нүүрсний зах зээлд түрэн орохоор Алс Дорнодын далайн гарцууд дээр байраа эзэлжээ. Улмаар Азийн нүүрсний зах зээлд өндөр чанартай коксжсон нүүрсний найдвартай хямд нийлүүлэлтээр ноёрхож, Австралийг цохиход бэлэн болоод байна. Колмар компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Анна Цивилева Оросын "Известия” сонинд өөрсдийн хүрсэн амжилт ба хэтийн зорилгынхоо талаар багахаан "гайхуулжээ”. Өнгөрсөн жил гэхэд Колмар /KSL AG/-ийн экспортолсон нүүрс нь ойролцоогоор 1.5 сая тонн болжээ. Энэ нүүрсээ өмнөд Якутын "Deni Creek”уурхайгаас олборлож байгаа бөгөөд коксжсон нүүрснийхээ туршилтын нийлүүлэлтээ хийж, зургаадугаар сараас Хятадад өгч эхэлжээ.
Якутын энэхүү "Deni Creek”-ийн нүүрс нь маш өндөр хэмжээний коксжсон агуулгаараа Австралийн нүүрсний чанартай өрсөлдөх хэмжээнд хүрсэн нь энд анхаарал татаж байна. Мөн Кolmar Sales and Logistics (KSL AG) компаний нүүрсээр хангахаар зорьж буй улс орнууд манай нүүрсний зорьж буй зах зээлтэй яг мөргөлдөж байгаа юм. Тус компаний зүгээс мэдэгдэж буйгаар бол Deni Creek-ээс гарсан нүүрс хүрэх ёстой гол зах зээл бол Ази номхон далайн орнууд тэр дундаа Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон. Энэ бол сая манай Ерөнхийлөгчийн айлчлалаар дахин эхлүүлсэн тойруу замаар нүүрсээ зарах гол зах зээл ба нүүрс худалдан авагч улсууд.
Манайхан 4500 км төмөр зам тавиад далайн боомт дээр нүүрсээ хүргэнэ гэж байгаа. Харин Колмар компани хаяанаас нь буюу Якутаас нүүрсээ олборлоод шууд Нахотка боомтоос Ази номхон далайн нүүрсний зах зээлд хямд зарж, өрсөлдөөнд удаан ноёрхсон Австралийг шахна гэж итгэл төгс хэлж байна. Гэтэл дэргэдүүр бид өрсөлдөж, 4500 км төмөр зам гялс тавьж дуусгаад гэнэт гараад ирэх юм байх...
Бид өнөөг хүртэл хаяандаа байх Хятадын зах зээлдээ ч хүчтэй өрсөлдөж чадахгүй байгаахэрнээ энэхүү далайн цаадах нүүрсээр цангасан зах зээлд хүрэх тухай олон жил ярьсан. Энд хоёр чиглэлийг нүүрсний салбарынхан ярьж ирсэн. Хятадын Тэнжин боомт хүрч, тэндээсээ далайн цаадах орнуудад нүүрсээ борлуулах. Нөгөө хувилбар нь тойруугаар буюу Оросын нутгаар дайруулан Нахотко, Ванино зэрэг суурин боомтод хүргэж, тэндээсээ Ази номхон далайн чанад дахь орнуудад нүүрсээ хүргэх.
Эхний хувилбараар буюу Хятадын Тэнжин боомт хүрэхийн тулд өөрийн хил хүртлээ 274 км төмөр зам тавих шаардлагатай. Харин хоёр дахь зам буюу ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх бол 4500 км төмөр зам тавих хэрэгтэй. Энэхүү 247 ба 4500 км-ийн зөрүүнээс тээвэрлэлтийн болоод эцсийн нэрлэх үнэ өртөг ямар зөрүүтэй болох нь хэнд ч харагдана.
Хятадын зүгээс Замын Үүд-Тэнжин гэсэн маршрутаар Монголыг нүүрсээ гаргахад ямар нэгэн хаалт хийгээгүй ба энэ боломжийг нээж өгч далайн боомтын чөлөөт бүст нүүрсээ буулгах 200 га талбайг Монголын талд олгосон байдаг. Энэ талаар баярын тууз, сүрлэг хөгжимтэй нэвтрүүлэг, мэдээ зурагт, хэвлэлээр зөндөө гарч байсан. Гэвч зөрүүд гөжүүд манайхан өөр хоорондоо үзэлцсээр 274 км төмөр замаа эхлүүлж чадаагүй гацаасан.
Ингээд 10-аад жилд "Төмөр замын асуудал” гэж бие даасан хэлэлцүүлгийн салбар бий болсон бөгөөд сүүлдээ бүр буруугаар эргэж "Төмөр замын хэрэг” гэсэн малгайтай хавтаст хэргийн дуулиан гарсан.
Ерөнхийлөгч маань Владивостокт очиж, В.Путинтэй уулзаж гар барингуутаа хэлсэн санал бол Алс Дорнод хүртэл нүүрсээ довтолгон, далайн гарц дээр хүргэх тухай байлаа. Энэ саналаа тавихдаа "тэгж болох уу ч” гээгүй бололтой юм. Урьд яригдаж байсан нээлттэй төсөл тул шууд л энэ тойруу замын тээвэрлэлтийг хийхэд үнэ тарифийн хөнгөлөлт үзүүлэхийг шууд хүсчээ. Оросууд "Давай... Хорошо ” гэсэн ба энэ нь манай шинэ Ерөнхийлөгчийн анхны дээд хэмжээний уулзалтын дотооддоо шуугих хамгийн топ мэдээ болов.
Өөдрөг байя гэх юм. "Давай” гээд 4500 км төмөр замаа тавьчихлаа гэж амарханаар бодъё. Хятадын хилийг тойроод, Оросын нутаг дээгүүр давхиулаад алс Дорнодын боомт дээр манай нүүрсний цуваа ирээд зогсож байна гэж төсөөлье. Харин энд хүрсэн байхад тонн нүүрсээ ямар үнэтэй дуугарч, ямар ашигтай зарах бол. Зардлаа хасаад, ашгаа нэмээд балансын үнээ хэлэхэд биднийг цохих өрсөлдөгчид тэнд "уже” гараад ирсэн байна. Тэд боомтын хаяанаас өртөг зардал багатай нүүрс олборлож буй тул аманд багтсан хямдхаан үнэ хэлж чадна гэдэг манай гол аюул.
Якутын " Creek”-ээс олборлосон өндөр чанарын коксжсон Колмарын нүүрс хэдхэн км тээвэрлэгдээд Нахотко суурин боомт хүрч чадна гэдгийг удирдага нь онцолж байна. Манай нүүрс сүнгэнэсээр Оросын хил хүрч байхад Кolmar Sales and Logistics (KSL AG)компаний нүүрс далайн боомтоос Хятад, Япон, Солонгос руу аль хэдийн маш хямдаар ачигдсан байна.
Мөн цаашлаад хоёрхон жилийн дараа буюу 2019 оны сүүлч гэхэд энэ компани өөрсдийн нүүрс ачиж буулгах терминалийг Хабаровскоос холгүйд барьж дуусгана гэж байна. Энэ нь мөн л манайхны нүүрсээ буулгаж болохоор харж буй Ванино гэх суурингийн хажууханд баригдаж таарч байна.
Тэгвэл энэ ширүүн өрсөлдөгчид хэзээ бидний тэмүүлж буй Алс Дорнод, Ази номхон далайн зах зээлээс холдох бол гэхээр ойрын 50 жилдээ сууж байхаар юм. Нүүрсний чанар болоод нийлүүлэлтээрээ Австралийг шахна гэж Алс Дорнодын боомтуудын аман дээр сууж байгаа энэ том нийлүүлэгчийн хаагуур нь 4500 км тойрч тээвэрлэгдэх манай нүүрс гарч ирж, яаж хямд үнээр өрсөлдөх нь судлаачдын гайхлыг төрүүлж байна.
Одоо бид харин бодит байдлаа нэг харцгаая. Өнөөдрийн нөхцөлд машин цуваагаар 1 тонн нүүрсний тээврийн зардал 26 ам доллар. Тавантолгойгоос 274 км төмөр зам баригдчихсан бол 1 тонн нүүрсийг 6 ам доллараар тээвэрлэх байлаа. Тонн тутмаас 22 амдолларын зөрүү гарч байна. 247 км төмөр замын ард гарсан бол маш их "ногоон” Монголдоо үлдэх байсан. Харин тойруу буюу ОХУ-ын нутгаар дайрсан замаар ачихад тонн тутамд багаар бодоход 70 доллар нэмэгдэнэ гэсэн эдийн засагчид тооцоо хийжээ. Энэ мөнгө Орос ах нарын дансанд үлдэнэ.
Бид дайн хийх тухай бус наймаа хийж, ашиг олох тухай ярьж байгаа. Алс Дорнодыг ойртуулах Ерөнхийлөгчийнхөө санааг хувьдаа дэмжих байна. ОХУ найрсаг хөршийн зан, геополитикийн бодлогоор тээврийн татвар, тарифаа хөнгөлж болно. Харин бидний тойруу замд аль хэдийн байраа эзэлсэн байгаа Кolmar (KSL AG) зэрэг том нийлүүлэгч Монголын нүүрсэнд найр тавьж зах зээлдээ амьдруулах уу. Нүүрснийхээ үнийг нь ганц доллараар унагахад л Монголын нүүрсийг алсын алст байх далайн боомт дээр түгжиж чадахыг яаж үгүйсгэх вэ?!
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/content/read/487908.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих