"Дөл” сонины 70 жилийн ойг тохиолдуулаад Б.Батцэрэн ахтай ярилцахыг хүслээ. 40 жил гэрэл зураг авсан тэрээр ажил амьдралынхаа ихэнх он жилүүдийг "Дөл” сонинд өнгөрүүлсэн юм. Энэ хүн тэр чигээрээ архив. Бидний амьдран буй Дорнод аймгийн Чойбалсан хотын түүхийг түүний гэрэл зургууд нь өгүүлнэ.
-Та хэдэн настайдаа "Дөл” сонины гэрэл зурагчин болсон юм бэ?
-1975 он, 25 настай байсан. Хэрлэнгийн сангийн аж ахуйд ажиллаж байхдаа ганц хоёр зураг "Дөл” сонинд нийтлүүлсэн юм. Тэр л сонины гэрэл зурагчин болох үндэс суурийг минь тавьсан байх. Анх "Дөл” сонинд нийтлүүлсэн зургаа нэр устай нь сайн санадаг шүү. Хаврын тариалалтад сайн явлаа гээд Г.Навчцэцэг, Д.Чулуунбаатар гэх хоёр тракторчны зураг байсан. "Дөл” сонин Дорнод аймгийн намын хороо АДХ-ын гүйцэтгэх захиргааны төв хэвлэл байсан болохоор тэр байгууллагад ажилд орно гэдэг шалгуур өндөртэй. Намын хорооны хурлаар 2-3 удаа орж байж "Дөл” сонины ажилтан болно.
-Гэрэл зургийг хэзээнээс сонирхож авч эхлэв?
-Би 1970 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны харьяа 119 дүгээр цэргийн ангид хөгжмийн салааны цэрэг байлаа. Цэргээс халагдахад найз минь надад зургийн аппаратаа бэлэглэсэн юм. Түүнээс хойш гэрэл зураг сонирхож авч эхэлсэн. Инженер Базарсад гэдэг найзын минь охин одоо Хулан Дорнод дээд сургуульд багшилдаг.
-Сонины үсгийг өрж хэвлэдэг байсан цаг үед гэрэл зураг яаж хэвлэдэг байсан бол гэж бодохоор их сонин санагддаг юм?
-Намайг ажилд ороход "Дөл” сонин ганцхан зурагчинтай байлаа. Юм болгонд явна. Авсан зургаа ажил дээрээ ирээд угаана. Цаасан дээр буулгана. Цаасан дээр буулгасан зургаа хянуулна. Нарийн бичгийн дарга үзэж сонинд нийтлэгдэх зургийг сонгоно. Дараа нь Хэвлэл утга зохиолын хянах улсын газрын төлөөлөгч манай сонинд суудаг байсан юм. Тэр хүн зургийн ард тамга дарж баталгаажуулаад эцсийн зөвшөөрөл өгнө. Тийм тамгатай зөвшөөрөлтэй зургаа сонинд хэвлэхэд бэлэн болгохын тулд кислотагаар идүүлж янзална. Одоо аккумуляторын кислота шүү дээ. Хувцсан дээрээ ганц дусаахад өмрөөд л унах эд л дээ. Тийм хортой нөхцөлд ажилладаг байсан болохоор бидний үеийн гэрэл зурагчид ихэнх нь элэгний өвчтэй болдог. Би гайгүй ээ. Нэг хэсэг өвдөөд зүгээр болсон.
-Тэр үед хальстай аппараттай олон дарахаар хальс дуусчих гээд хэцүү биз?
-Хэмжээтэй ш дээ. Төвийн сонины гэрэл зурагчид долоон кадраас нэг зураг гаргах эрхтэй байдаг бол орон нутагт гурван кадраас нэг зураг гаргах ёстой. Тэгэхээр нэг зургийг хамаагүй олон дарж болохгүй. Нэг сонинд 4-8 ширхэг зураг орно. Долоо хоногт хоёр удаа сонин хэвлэгдэнэ. Жилд 96 дугаар гарна гэхээр маш олон зураг авна. Нормын сүүгээ уугаад зургаа янзална даа. Өглөөний таван цагт гэрээсээ гарч шөнө дөлөөр л харина. Зураг харлаад шаардлага хангахгүй хэвлэгдвэл дуудагдана. Тийм л ажилтай байсан.
-Хөдөө томилолтоор их явах уу?
-Тоймгүй тоймгүй. Аймгийн захиргаа, намын хорооноос нэг дарга хөдөө ажлаар явлаа гэхэд намайг ард нь хийгээд л явуулчихна. Сүүлд 1985 оноос сэтгүүлч сурвалжлагч нар өөрсдөө зургаа авдаг болж юм болгонд явахаа больсон. Сурвалжлагад явахаас гадна зургийн материал, сонингийн цаас, тоног төхөөрөмжиндөө Чита хот руу их явдаг байлаа. Заримдаа Москва явна. Сүүлд Хайлаар луу явдаг болсон. Манай сонины эрхлэгч байсан Батсүх гуай Хайлаар хоттой холбогдож хамтын ажиллагаатай болсон юм.
-Танд Орос найз нар бий юу?
-Бий. Дивизэд 10000 цэрэгтэй орос цэргийн анги байлаа шүү дээ. Тэнд цэргүүдэд зориулсан "Знамя родины” сонинд гэрэл зурагчин хийдэг байсан болохоор Оросуудтай найзална. Орос дэлгүүрийн пропусктой, дэлгүүрээр хэснэ. Сайхан цаг байсан. Би Чита хотын "Забайкальский рабочий” сонинд гурван сар дадлага хийж байсан. Цахим ертөнцийн ачаар олон жил холбоо бариагүй хоёр Орос найзаа Facebookер оллоо. Одоо холбоотой байгаа. Дөл сонины 70 жилийн ойд мэндчилгээ ирүүлсэн.
-Тэр үед хэвлэлээр шүүмжлүүлнэ гэдэг бол байж болшгүй зүйл байсан гэдэг. Аймгийн төв хэвлэлийн гэрэл зурагчин явна гэхээр эмээнгүй, хүндэтгэсэн байдалтай хүлээж авна биз?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед ахуйн үйлчилгээний гурав дөрөвхөн зурагчин. Өөр олон зураг авдаг хүн байгаагүй. Томилолтоор явахад нэгдлийн дарга нар л хүлээж авна, нийтийн хоолны газар ороход аль аятайхнаа л барина. Хүндэлдэг байсан.
-"Дөл” сонинд мэдээ, нийтлэлийн зураг тавигдахаас гадна гэрэл зургийн өөр төрөл жанарын материал хэр нийтлэгддэг байв?
-Фото сурвалжлага, шүүмж, найруулал, судалбар зургууд нийтлэгдэлгүй яахав. "Дөл” сонины нэлээд хэдэн дугаар надад бий тухайн үеийн зургуудыг чамд үзүүлье. \"Дөл” сонины дугааруудыг гаргаж ирэв.\ Энэ 1992 оны "Дөл” сонины дугаарт "Сүү дууссан дараа ирнэ” нэртэй сүү зарж байгаа хүн нь машин дээрээ хэвтээд тонгойчихсон урт дараалал үүсчихсэн зураг байна. Цаг үеэ дагаад хөрөг зураг их авдаг байсан. Хөдөө малчны хотонд хурга тэвэрсэн зураг их авахуулна. Тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад дандаа хурга тэврэхгүй радио сонсож байгаа малчин ч юмуу ямар өнцгөөс авбал өөр харагдах бол гэдэг үүднээс зургаа авдаг байлаа.
-Та бас бичдэг байсан юм билээ?
-Би өөрийгөө сэтгүүлч гэж хэлэхгүй. Би бол гэрэл зурагчин хүн. Энэ ажлаа насаараа хийсэн. "Дөл” сонинд ажиллаж байхдаа бичдэг байсан. Төвийн ганц нэг сонинд орон нутгийн сурвалжлагч ч хийдэг байлаа. Нэг удаа буриад суманд томилолтоор явж ирээд "Дөрөө нуурын дөрвөд Пүрвээ” гэдэг нийтлэл бичлээ. Надад буриад суманд дөрвөд хүн байх нь сонин санагдаж бичсэн юмандаа гарчиг өгсөн юм. Тэгтэл хариуцлагатай нарийн бичгийн дарга чи хүнийг яс үндсээр нь хэлдэг нь яаж байгаа юм гээд "Дөрөө нуурын Пүрвээ” болгосон. Тийм цензуртэй сэтгүүлзүй байсан цаг үе шүү дээ.
-Гэрэл зурагчин хүнд агшин алдана гэдэг бол харамсаад барахгүй зүйл байдаг байх? Тийм үе тохиолдож байв уу?
-Халхгол суманд Ялалт хөшөөний нээлт болсон юм. Батмөнх дарга шар автобус дүүрэн сурвалжлагч гэрэл зурагчидтай ирж том үйл ажиллагаа болсон. Би "Зенит” гээд шинэ зургийн аппараттай хөшөөний нээлтэд очлоо. Яг нээлтийн үйл ажиллагаа болж байхад хоёр зураг дараад аппарат минь гацчихсан. Хуучин аппаратаа авч явсан болохоор түүгээрээ зургаа авсан. "Зенит”-ээрээ авсан бол илүү гоё зураг гарах байсан болов уу гэж боддог юм. Тухайн үеийн гэрэл зургийн аппаратууд хөшгөө нээгээд фокус тааруулж зураг авдаг. Өнөөх аппаратаа асаагаад фокусаа тааруулах гэсээр үйл явдал болоод өнгөрөх тохиолдол байна. 12 кадр дараад хальс дуусна. Тэр болгонд ёстой агшинг алдах үе гарч л байсан байх.
-Таны гэрэл зургийн санд хичнээн зураг байна. Зөвхөн танд байгаа ховор зурагнууд бий юу?
-Зурган файл болгоогүй хальснууд олон байна. Зөвхөн түүгээд авсан нь 30000 зураг бий. Хүний залуу сайхан үе, түүхэн дурсгалтай мөчүүдийг би хадгалаад яахав хүнд өгье гэж бодоод өөрийн facebook-ээр дамжуулан хуучны зурагнуудыг тавьдаг. Ихэнхдээ хүмүүс их талархалтай хүлээж авдаг. Нэг хүн 10 жил хайгаад олоогүй дүүгээ таны зурагнаас оллоо баярлалаа гээд ярьсан. Харин зарим хүмүүс та тэгэхэд тийм зураг авсан танд байгаа гээд албатай юм шиг хандахад нь дургүй ээ.
-Гоё гэрэл зураг авахад юу хамгийн чухал вэ?
-Нэгдүгээрт техник, хоёрдугаарт орчин. Үйлдвэрт зураг авах хамгийн хэцүү. Сонины зургийг ихэвчлэн үйлдвэрүүдээр явж авна. Одоогийн дижитал аппарат шиг харах боломжгүй ямар зураг гарсныг мэдэхгүй харанхуй л аваад явна шүү дээ. Олон жил хийсэн ажил юм болохоор туршлагажна. Би байнга хоёр аппараттай явдаг юм. Аппарат царцаж гацсан үед нөгөө аппаратаараа зургаа авдаг юм.
-Зургийн аппарат бол гэрэл зурагчин хүний "амин сүнс” нь. Түүнгүйгээр зураг авна гэж байхгүй. Одоо Та ямар үнэтэй ямар маркийн аппарат барьж байна?
-Марк 2 гээд аппарат барьж байгаа. Таван сая төгрөгөөр авч байсан сүүлийн үеийн загварууд нь гарсан. Англи хэл маруухан болохоор техникийн хөгжилтэй хөл нийлүүлж чадахгүй байна. Би гэрэл зурагчдын сургалтад сууя гэхээр залуучууд яах юм биднээр хэлүүлээд авна биз гэх юм. Гэрэл зургийн холбогдолтой ном сонин сэтгүүл унших дуртай. Миний номын сангийн нэг тавиур дүүрэн гэрэл зургийн холбогдолтой ном байна. \Тэр хар гээд заав\ Аппарат дуран харахаар авмаар санагдаад байдаг юм. Сая Солонгос улсад эмчилгээнд явахдаа яаж зүгээр явахав нэг дуран авлаа. Хүүхдүүд аппарат камераа хаврын хавсарга, цас бороонд цүнхэнд нь хийлгүй задгай бариад явж байгаа харагддаг. Хүйтэнд царцана, тоос шороо орж гацаж эвдэрнэ шүү дээ. Би бол хичнээн хол явсан ч хүзүүнээсээ зүүгээд эсвэл өвөр дээрээ тавиад аппаратаа биенээсээ салгаж чаддаггүй. Хүмүүс "Аппаратаа арагш нь тавихаа яагаав” гэдэг л юм. Доргиж сэгсрэгдэнэ гэж бодохоор хайран байдаг. Эдэлж хэрэглэж байгаа юмаа хайрлах хэрэгтэй.
Түүнтэй ярих юм зөндөө байсан. Олон жил сэтгүүлзүйн тогоонд чанагдсан түүнээс залуу сэтгүүлчид гэрэл зурагчид сурах сонсох юм их бий. "Сэтгүүлчийн ёс зүй бие биенээ хүндлэхээс эхэлнэ. Өөрөө л зураг авах гээд урагшаа дайрах биш бусдадаа зай тавьж миний ч хүний ч зураг сайхан гарна. Над шиг том хамартай хүнийг нүүрэнд нь тулж зураг авахаар ямар сайхан зураг гарах вэ дээ” гэж хошигнолоо. Түүний бие жаахан чилээрхүү гэртээ зурагнуудаа архивлаад суух. Архив нь эмх цэгцтэй гэж. Компьютер дээрээ би чамд тийм зураг үзүүлье гээд төвөггүй олоод харуулна. Үргэлж өөрийгөө ажилтай байлгадаг уран бүтээлч хүний зан байхдаа.
Б.Одмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25098
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих