Д.ОЮУНЧИМЭГ, Д.БАТБААТАР
Д.Батжаргал 1991-1999 оныг хүртэл Санхүүгийн техникумын сургалт эрхэлсэн дэд захирал, 2004 оноос СЭЗДС-ийн захирлаар ажиллаж байсан. Өдгөө тус сургуулийн дэд захирлын албыг хашиж байна. Тэрээр зургаан нас хүртлээ аав, ээжтэйгээ Завхан аймгийн Ургамал суманд амьдардаг байв. Айлын отгон хүүхэд. Хавар, намартаа оторт явдаг малчин хүү байжээ. Долоон настайдаа нийслэлийг зорьж нутгаасаа гарсан тэрээр хотын хүүхэд болох гэж хэрдээ их хичээсэн тухайгаа хүүрнэсэн юм. Энэ жил уугуул нутгийнх нь 90 жилийн ой болно. Түүний чин хүсэл бол эко аялал жуулчлалын бааз байгуулах. Тиймээс унаган нутгийнхаа байгаль, түүх, соёл, уламжлалыг хамгаалах, хадгалах, түгээн дэлгэрүүлэхээр сэтгэл шулуудан зүтгэж буй. "Голын улаан” компани байгуулан эко жуулчны бааз байгуулахаар ажиллаж буйгаа бидэнд дуулгалаа. Энэхүү баазаа Монгол орны бүх суманд байгуулахаар зорьж буй бөгөөд төрсөн нутгаасаа эхлэхээр шийджээ.
Түүний аав Дорлигжав гуай нутгийнхандаа нэртэй, уншлага сайтай лам байсан ч 1937-1938 оны хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү цагт хийдээ орхин малчин болжээ. Ингээд гэр бүл зохиож найман хүүхэдтэй болсны том нь охин, бусад нь хүү. Тэдний хамгийн отгон, бас айлын хэнз хүү бол манай "Амьдралын тойрог”-ийн зочин юм. Айлын бага гэсэн ч өдөрт хонь хурга хариулна. Хавар, намарт тэмээ унаад хонио усанд оруулаад бүтэн өдөржин гадаа, хээрээр явдаг. Хүний бараа харахгүй, хааяа радио сонсдог. Тэр нь түүнд их сонирхолтой санагддаг байсэн гэнэ лээ. Аав, ээжтэйгээ гурвуулхнаа байдаг учраас хоёр хөгшнийхөө аясаар аядуу зөөлөн хүн болж төлөвшсөн юм болов уу даа хэмээн намуухан ярих нь түүний төлөвшлийг батлах маягтай. Аав, ээжээсээ малч ухаан, байгаль дэлхийг хайрлах сэтгэлийг олсондоо хэмээн ярьж суухдаа борви бохисхийхгүй ажилладаг байснаа дурсав. Тэрээр сүүлийн үеийн хүүхдийн живхийг харахаар өөрөө байгалийн живхтэй өссөнөө санадаг. Тухайн үеийн хүүхдүүдийн биеийн тэнхээ тамир үүнтэй холбоотой гэдэгт итгэдэг гэсэн. "Монголын малчид уужуу, тайван, бухимдалгүй байдаг нь хүн ам нь таруу, бутархай суурьшдагтай холбоотой байж болох юм. Ийм орчинд өсөж торнисон хүн уужуу тайван болж төлөвшдөг” хэмээн Д.Батжаргал багш ярьж сууна.
Айлын отгон хүүхдийн эрх мэдэл ах, эгч нараас давуу байдаг нь бичигдээгүй хууль. Харин Д.Батжаргал айлын отгон хүүгийн хувьд төдийлөн эрх ямба эдэлж байгаагүй аж. Ээж, аав хоёр нь "Муу хүү минь бид хоёроос хойш яана даа” хэмээн сэтгэлээ чилээж суусан нь намайг хайрласан хайр байсан хэмээн тэрээр дурсах. Харин отгон хүү минь гэж эрхлүүлэхээс илүүтэй ойр зуурын юманд гүйж, гар хөлийн үзүүрт зарагддаг хамгийн сайн хүү байсан хэмээн инээд алдан ярьж суугаа энэ эр өдгөө мундаг эдийн засагч, том сургуулийн захирал болсон нь аав, ээжийн хайрлаж, сургаж өсгөсний ач биз ээ. Хотоос ах, эгч нар нь амралтаараа ирнэ, бүгд л дээрэлхэж зарна. Тэдний хуучин хувцсыг өмсөнө. Ийм л орчинд өссөн хүүг эрхийн балай, айлын отгон хүү гэж хэлэх аргагүй байв. Харин энэ бол ихээхэн аз жаргал, хүнийг хайрлах, хүндлэх сэтгэлийг өгсөн зөв эрдэм байжээ. Нэг удаа цагаан сараар хар эсгий гутал, даалимбан дээл шинээр нь өмсч байсан нь санаанаас гардаггүй гэнэ. "Өглөө босоод гэрээс холгүй бие засдаг байсан. Харин шинэ хувцас өмсчихөөр холоо очиж бие засдаг болох юм билээ” хэмээн инээд алдан ярилаа.
Хүүхдүүдтэй адил өөрт нь зориулсан тоглоом гэж байгаагүй учраас өнгө өнгийн чулуу цуглуулна. Шилний хэлтэрхий олбол далайгаас сувд шүүрсэн мэт баярладаг байжээ. Бидний үед хүүхдүүд тоглохдоо ахуй амьдралаа дүрслэн тоглодог байж дээ гээд инээмсэглэлээс нь Д.Батжаргалыг сайн хүү, дүү, аав, хань гэдгийг тольдож болохоор ...
Түүний ач охиныг Ү.Хүслэн гэдэг юм байна. Энэ бяцхан ертөнц түүнийг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай, баяр баясгалантай хайраар гэрэлтсэн, сагасан өвөө болгосон байлаа. "Ач охин минь гэрт байвал би заавал нэг зүйл авч орохгүй бол ч том нүд эргэлдээд хэцүү шүү” гэж суугаа түүнийг хайр нь бялхсан өвөө гэдгийг илтгэнэ.
Залуудаа спортын бүхий л төрлөөр хичээллэдэг тамирчин байжээ. Спортын гимнастикийн дасгалжуулагч болохоор Киевийн биеийн тамирын сургуульд суралцахаар болж байсан хүү том ахынхаа захиасаар олон улсын эдийн засагч мэргэжилтэй болохоор шийдсэн байна. Ингээд л МУИС-ийн эдийн засгийн сургуульд оржээ. Нэгдүгээр курс төгссөн жилд сургуулиас нь багш болгохоор ОХУ руу сургуульд явуулах шийдвэр гаргав. Ингэж тэрээр хойшоо сургуульд явжээ.
"ХӨДӨӨНИЙ ХӨӨСӨН МАНТУУ” НАЙЗТАЙ БОЛСОН НЬ
Нутгаасаа гараад нийслэлийн амьдралд дасах гэж хэрдээ их юм болж байж. Хүүхдүүдтэй найз болж тоглох гэж нэлээд хэцүү, хүнд даваатай тэрээр учирчээ. "Хөдөөний хөөсөн мантуу” хэмээн дооглох хүүхдүүдтэй найз болно гэхэд сэтгэлд нь багтахгүй байж. Хүүхэдтэй найзлахын хүслэн болсон тэрээр бусдын анхаарлыг татах арга зам сүвэгчилнэ. Ямар нэгэн аргаар анхаарлын төвд очихгүй л бол өмссөн дээл, хацрын улааныг нь хараад үеийн хүүхдүүд нь тоомжиргүй хандана. Нэг өдөр гудамжинд хүүхдүүд урт модны үзүүрт ногоо уячихсан, түүгээрээ байлдаж тоглож байв. Тэр "зэвсэг”-ээр ороолгуулсан хүүхдүүд учиргүй өвдөж байгаа бололтой уйлна гэж жигтэйхэн.
Д.Батжаргал багшийн төрсөн нутагт халгай ургадаггүй учраас тэр үед ямар ургамал болохыг мэдэхгүй байж. Гэхдээ л тэр хүүхдүүдийн анхаарлын төвд орох боломжийг овжноор шүүрчээ. "Наадах чинь яадаг юм бэ” хэмээн үеийн хүүгээс асуухад түлэгддэг юм гэж. Тэгэхэд нь халзан толгойтой, улаан хацартай, монгол дээлтэй мань бор хүү /Д.Батжаргал/ "Би түлэгдэхгүй” гэжээ. Хүүхдүүд түүнийг тойрч хүрээлээд ирж. Бяцхан бор хүү "Худлаа гэвэл миний толгойг үрээд үз” гэв. Дарвисан жаалууд түүний толгойг халгайгаар үрж гарчээ. Гүрийлээ, өвдөж байна гэж учиргүй. Гэсэн ч гүрийв. Ингэж л эрэлхэг зоригтой мундаг хүү гэдгээ харуулан өөрийгөө үнэлүүлж чадав. мундаг жаалхүү болж. Харин халгайгаар үрүүлсэн толгой хорсож эхлэх үед аль болох бусад хүүхдэд мэдэгдэхгүйн тулд хичээн тэвчсээр гэрийн зүг гүйжээ. Гэртээ ороод хүйтэн усаар толгойгоо шавшаад уйлж гарав. Том том цэврүү үсэрсэн халзан толгойтой жаалын хүсэл ингэж биелэн найзуудтай болсон гэнэ. Харвасан суманд оногддоггүй баатар, хаданд халтирдаггүй баатар хэмээн дууны шүлэг шиг хавийн хүүхдүүд түүнийг халгайнд толгой нь түлэгддэггүй мундаг хүү хэмээн ихэд хүндлэх болсон байна.
АЖЛЫН АМТЫГ СУРГУУЛЬД БАЙХААСАА МЭДРЭВ
Аав, ээж нь малчин байгаад хотод ирсэн учраас аав нь худалдааны конторын сахиул, ээж нь цэвэрлэгч хийдэг байж. Тэрээр "Олон хүүхдийг хувцаслах, хооллох гэдэг чинь том даваа шүү дээ. Тиймээс бид зуны амралтаараа ажил хийдэг байлаа. Миний хамгийн анхны ажил бол гуравдугаар ангиа төгсөөд ээжтэйгээ хамт сүү зардаг байж билээ” хэмээн ярьж суухдаа тэртээ он жилүүдийн дурсамж сэтгэлийг нь хөдөлгөв бололтой. Сүү зардаг 38 ширхэг 40 литрийн бетоныг өдөр бүр цэмбийтэл нь угаадаг ажил нь сард 110 төгрөгийн цалинтай. Харин зургадугаар ангиасаа ачигч, мах цавчигч хийж эхэлсэн нь түүний том хүн болсныг илтгэж буй. Анх ачигч болохдоо машин дүүрэн гурил буулгах даалгавар авчээ. Машины жолооч түүнийг голонгуй хараад "Шуудайны булан даахгүй хүүхдээр зөөлгөх юм уу, хэдийд дуусах вэ” хэмээн ундууцжээ. Гурилыг агуулахын модон нааран дээр давхарлаж хураадаг. Гурилаа өндөрлөх тусам өргөж тавихад хэцүү болно. Дөрвөн хөллөөд унах бол энүүхэнд. Харин түүнийг харж байгаа жолооч мэддэг бүхий л хараалаа урсган өргөж тавьдаг байж. 6-9 дүгээр анги хүртлээ ачигч хийсэн жаалхүү цалингаа аваад хамгийн түрүүнд дүрэмт хувцас, ном дэвтэр, цүнх авна. Ингээд үлдсэн мөнгөөр нь олон өнгийн даалимба худалдаж аваад трапец өмд хийж өмсөнө, бас зарна. Гоё хувцастай хүмүүсийн хувцасны доторх шошгыг тэсгээхгүй. Гуйж авна, гувшиж авна, хулгай хийгээд ч авчихна. Бөөн ажил болгож авсан тэрхүү шошго нь өөрийн гараар урласан хувцасны хамгийн гоё гангараа нь болдог байв. Түүний амьдралын энэ хэвшил, хэв маяг хүн хөдөлмөрлөж орлого олдог гэдгийг аяндаа сургажээ. Өөрөө амьдралыг бие, сэтгэлээрээ мэдэрч өссөн болохоор хандлага өөр байсан гэж боддогоо хэлж байлаа. Хэрэв айлын отгон хүү гээд бүх зүйлийг ах эгчээрээ бэлдүүлдэг байсан бол миний амьдралын зам өдийд ямар байх байсан бол хэмээн хааяа бодогддог шүү хэмээн инээмсэглэн суугаа түүнд отгон хүүхдийн эрх, давилуун, дураараа араншин энэ хүнээс гарах болов уу гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байлаа. "Хүүхдийг багаас нь хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх хэрэгтэй. Өөрийн гараар хийсэн ажлын хөлсөө аваад юунд зарцуулах вэ гэдэгт сургаж чадвал, мөнгө болоод амьдралд хандах нь шал өөр байна” хэмээн Д.Батжаргал багш хэллээ. Мань эр цалингаараа хамаагүй зүйл огт худалдаж авдаггүй. Хэчнээн гоё амттай чихэр, печень байсан ч тэвчээд л өнгөрдөг байж. Хичээлийн хэрэглэлээ бэлдэхдээ ч тухайн үед 10 төгрөгийн үнэтэй араас нь дарж черниль соруулдаг үзэг барьдаг байж. Тухайн үедээ тийм үзэгтэй хүүхэд бол хамгийн мундаг нь байсансан. Ер нь л багаасаа мундаг хүн байх ёстой гэдэг бодол түүнийг сүүдэр мэт дагасан бололтой. Д.Батжаргал багш "Одоогийн хүүхдүүдийн хэрэглээ шал өөр болжээ. Монголчууд бүхэлдээ эдийн хэрэглээнд шунасан, түүндээ автсан байгааг судалгаанаас харж болно. Тухайлбал, яах гэж худалдаж авсан бэ гэвэл хэрэглэх гэж биш, хэн нэгэнд харуулах, бусдын өмнө гангарах гэж, зиндаархах гэж авсан байдаг. Тиймээс хүүхдүүдийг цэцэрлэгээс нь эхлээдд хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх хэрэгтэй” гэв. Тийм ч учраас Санхүү эдийн засгийн дээд сургууль дэргэдээ цэцэрлэг, бага сургуультай болж буйгаа дуулгалаа.
Д.Батжаргал багш бага сургууль, цэцэрлэгийн хөтөлбөр, агуулгыг өөрөө зохиож байгаа аж. Тус сургууль санхүү бүртгэлийн чиглэлийн хүүхэд бэлтгэдэг учраас суралцахаар ирсэн оюутны төсвийг тэмдэглүүлдэг болж. Зарим нь дургүйцнэ, нөгөө хэсэг нь дуртайяа хөтөлнө. Нэг сар өнгөрсний дараа юунд зарцуулж буй нь харагдана. Ингээд л түүний зорьсон хэрэг бүтэх нь тэр.
ХАНЬДАА ХООЛ ХИЙЖ ӨГСӨӨР БАЙГААД АВААД СУУЧИХЖЭЭ
Түүний эхнэрийг С.Норов гэдэг. Даруухан, инээд алдсан нуруулаг бүсгүйг Д.Батжаргал багш өөрийн болгож чаджээ. Үүндээ сэтгэл хангалуун бас бардам байгаа нь амьдралын ханиа зөв, онож сонгосонтой нь холбоотой болов уу. Анх 1982 онд тэрээр эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан гэнэ. Оюутны байранд хамт амьдардаг байв. Нэг гал тогоотой учраас хоолны материалаа хамт цуглуулж бэлтгэл тогоочийг нь Д.Батжаргал багш, ахлах тогоочийг нь С.Норов хийсээр нэг л мэдэхэд гэр бүл болж хүүхэдтэй болсон доо хэмээн инээлдэн ярьж суугаа хосыг харах сайхан байлаа. "Эхлээд эхнэр минь хоол хийдэг байсан ч сүүлийн үед би хийдэг болсон шүү дээ” гэв. Тэдний хүүг Б.Үнэнмөнх гэдэг. Өдгөө гэр бүлтэй нэг охинтой сайхан амьдарч буй.
Ач охиноо ямар хүн болгоно доо гэж боддог тухай ярьж байхдаа хоёр эмээтэй нь гадаад хэл сургана, сургахгүй гээд л үзэлцэж байгаагаа ярьж сууна лээ. Одоо дөрвөн настай бяцхан охин тэр гэрийн ганц атаман бололтой. Өвөө нь хөдөө дагуулж явах сонирхолтой байдгаа хэллээ. Хоёрхон настай байхдаа морь уначихаад хүмүүсийг холд хэмээн түлхэж байсан хэмээн өвөө нь охиноороо бахархан ярив. Угтаа өвөөгийн малч удам байгааг илтгэж байна уу гэсэн бодол түүний сэтгэлийг эзэмджээ.
Өвөө, эмээ хоёрыг аргалах заль Хүслэн охинд бий гэнэ. Өвөөгөө ажлаа тараад үүдээр орж ирэхэд л "Өвөө, охиндоо юу авчирсан бэ” гээд л эхэлдэг учраас ямар нэг юм авахгүй гэртээ ордоггүй гэв. Ач охиноо ярьж суухдаа түүний хайр ундарч байгааг нь мэдэрч байлаа. С.Норов "Жоохон үг хэлэх гээд эхлэнгүүт "Охиндоо уурлах гээд байгаа юм уу, эмээ” гэхээр нь "Үгүй” гээд л нам болчих юмаа” хэмээн инээж байлаа. Өөрийн хүүхдээс арай л өөр хайрлаад байх шиг санагддаг аж. Хүү минь эмээ дээрээ өссөн дөө. Залуу, ид ажилтай байсан үе учраас хүүдээ анхаарал бага хандуулж байсан хэмээн тэр хоёр ярьсан юм.
Бэр нь анх гэрт нь ирэхдээ л түүнийг "Аав аа” гэж дууджээ. Д.Батжаргал багш цочирд сон ч "Хүний охин хүүхдийг ийм сайхан сэтгэлтэй байхад нь хайрлахгүй бол болохгүй” байсан гэдэг. Хадам аав, бэр хоёр жил нэгтэйдээ ч юмуу ямартай ч бие биеэ маш сайн ойлгодог гэлээ. Олон жил ханилаад ирэхээр эхнэр, нөхөр хоёр бие биедээ уусаад харцаараа бүхнийг ойлголцдог, нөхөж амьдардаг гэлцдэг. Цаг хугацаа л энэ бүгдийг харуулдаг. "Би ч Норовын хэдийд уурлах гэж байгаа, юу хэлэх гэж байгааг нь хараад л мэднэ. Түүний хийж буй үйлдэл, дууны өнгө ч андашгүй дээ. Зарим үед том дугарах завшааныг алдахгүйг хичээнэ” гэлээ. Ийнхүү амьдралын жаргал зовлонг хамтдаа туулсан ханьтайгаа адилхан байна гэдэг. Тэдний хувьд зуршил, хоол унд, бүхий л зүйл ижил болж байх шиг санагддаг байна.
С.Норов:
БАТЖААГИЙН ӨРӨӨНИЙ ХААЛГЫГ ТОГШИЖ СЭРЭЭДЭГ БАЙЛАА
-Би энэ хүнтэй суух юм байна гэсэн бодол хэдийд төрсөн бэ?
-С.Норов: Батжаа манай сургуульд очиход би гуравдугаар курсын оюутан байлаа. Дээд курс байсан учраас доод курсынхныг дээрээс нь доош нь хүртэл л хардаг байсан даа. Нэг гал байсан учраас хоолоо хамт хийдэг байсан. Одоо манай хүн "Хоол хийж өгсөөр байгаад л аваад суучихсан” гэдэг юм шүү дээ. Би тавдугаар курсын оюутан байхдаа хүүгээ төрүүлж байсан. Нэг жилийн чөлөө аваад л нутаг буцаж байсан даа.
-Д.Батжаргал: Дэлгүүрээс юу авах, хаанаас нь авах, хэдэн копек болохыг зааж өгдөг байлаа. Төмс, ногоо арилгаж өгнө. Хоол хийхийг нь харж зогсоно. Хоолоо хамт иднэ. Ингэсээр байгаад л суусан юм даг.
-Та хоёрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаас хуваалцаач?
-Бид хоёр хоёулаа л айлын бага хүүхдүүд. Гэхдээ би хотын хүүхэд, бас их дураараа, эрх өссөн. Хоёр өөр орчинд өссөн байгаа биз. Тэгээд бид хоёр яриад суухаар нөхрийн маань ярьж байгаа нь сонирхолтой санагддаг байв. Оросод хамт сурч байхдаа арваадхан монгол оюутан байдаг байсан. Хамт байсаар бие биедээ дасаж суусан даа. Хүний нутагт байгаа хүмүүс гэр орныхоо тухай ярина. Ингээд л биеэ сайн мэддэг болсон.
-Д.Батжаргал: Хүний нутагт байгаа хүмүүс амь нэгтэй байдаг юм. Тэгээд өдөрт гурван удаа хооллоно. Байнга таарна. Өглөө намайг хаалга тогшиж сэрээдэг байсан. Хэрэв хаалга тогшихгүй бол иртэл нь хүлээгээд л хэвтдэг байж билээ.
-Хүүхэдтэй болсон үеийн мэдрэмж ямар байсан бэ?
-Д.Батжаргал: Нэг л өөр болж байна даа гэж бодож байсан. Оросоос арваннэгдүгээр сард эхнэрээ галт тэргэнд суулгаж өгч байлаа. Тогоон чинээ том гэдэстэй явсан болохоор замдаа яадаг бол гээд их сэтгэл зовж байсан. Эхнэр чинь төрлөө гэж байхад хүүдээ би өөрөө нэр өгнө гэж бодож байсан. Ингээд утсаар хүүгийнхээ нэрийг хэлтэл ах дүү нар минь буруу сонсчихоод бөөн л юм болж байсан даа. Эргээд дурсахад хөгжилтэй байдаг юм.
-С.Норов: Манай нагац ах Батжаатай яриад нэрийг нь асууж байлаа. Тэгээд "Үнэнмөнх” гэснийг нь "Үнэнбух” гэж сонсчихоод ямар хачин нэр өгдөг юм бэ гэж байсансан. Тэр нэрийг нь сонсоод бид бүгд л уурлаж байж билээ. Үнэнмөнх гэдэг нэрний учир нь манай оюутнууд Батжаагаар "Эхнэр чинь төрсөн” гэж их тоглодог байсантай холбоотой. Тухайн үед төрсөн гэж байна гэхээр нь нөхөр маань "Үнэн үү” гэж асуудаг байж. Тэгэхээр нь "Худлаа” гэж хэлдэг байсан байгаа юм. Ингээд л үнэн юм үүрд мөнх байдаг гэдэг бэлгэдлийг бодож өгсөн нэр дээ.
Анх хүүгээ найз охинтойгоо орж ирэхэд ивээл жилтэй байхад нь олзуурхаж байж. Бэр гуйх ёслол, танилцах хоёроо хамтад нь л хийжээ. Дээр үед гэр бүлийн бат бөх байх бэлэгдлийг бодож шарын арьсыг гурван хоног буцалгаж гаргасан шар цавуу өгдөг байсан байна. Бат бөх байхыг нь бодож бяслаг авч хадагтай охиныг чинь гуйж байна гээд л аавынх нь өвөр дээр тавьж байгаад л бэрээ авчихсан юм даа гэлээ.
Хүү, бэр хоёрынхоо тухай ярихдаа хайр нь дотроо хал нь гаднаа байдаг монгол ёсыг бодож харилцдаг болов уу гэмээр төв, төвшин аавын төрх харагдана. Харин ханийнхаа хэлсэн үгийг ёсчлон биелүүлэх нь, бие биесээ нөхөж амьдардаг нь хорвоогийн жам гэлтэй. Харин ач охин нь түүнийг "Өмнөө сөхрүүлж” чадсан нь хүний орчлонгийн жаргал, зовлон, баяр баясалын охь гэдэг нь анзаарагдана. Д.Батжаргалынх гэдэг халуун ам бүлийнд амьдрал ийнхүү өрнөж байна. Айл бүхэнд, ам бүл болгонд амьдралын тойрог ийнхүү эргэж байгаа биз ээ. Монгол хүн бүрийн, монгол айл болгоны тулган дахь галын дөл өөдөө байж, амьдрал нь ч гэсэн дулаахан байг ээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих