-Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээд байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллийнхээ үеэр "Нэр дэвшигчийн хувьд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй” гэсэн гэж мэдэгдэж байлаа. Зарим хүмүүс Соёлын яамыг тусад нь байгуулах ёстой, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийг яамыг салгах нь зөв гэх зэргээр ярьдаг. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний хувьд Засгийн газрын бүтэц одоогийн энэ хэвээрээ байх болов уу гэж бодож байгаа. Хүн хүний бодол санаа янз бүр байх нь дамжиггүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар л гэхэд нэг еэвэнгийн хоёр тал шүү дээ. Иймээс салгах шаардлагагүй. Ер нь бүтцэд өөрчлөлт оруулах гэдэг бол шинэчлэлт нэрээр далимдуулан хүмүүсийг бужигнуулан халж, оронд нь шахаа хийх шалтаг шалтгаан болж хувирдаг сул талтайг бүгд л мэднэ шүү дээ. Харин өнгөрсөн хугацаанд яам, агентлагуудад орсон мэргэжлийн бус, чадваргүй шахааны хүмүүсийг өөрчлөх нь зөв.
-Засгийн газар огцрох бүрийн араас дараагийн сайд нар давхар дээлтэй байх эсэх тухай маргаан гардаг. "УИХ, Засгийн газрын гишүүний оруулж ирсэн санал УИХ дээр илүү дэмжигддэг, хүчтэй явдаг” гэх хэсэг байхад нөгөө талаас хяналт алдагдана гэсэн байр суурьтай хүмүүс ч бий. Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлэх тухай мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хуулиар гишүүн сайд байх, давхар дээлтэй байх боломжтой. Гэхдээ энэ бол хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа холилдсон муу хэлбэр. Ялангуяа парламентын гишүүдийн тоо нь олон байгаад дан дээлтэй байхыг би зөв гэж боддог. 76 гишүүнтэй, хоёр гурван нам бүлэглэлд хуваагдсан өнөөгийн нөхцөлд бүгд дан дээлтэй байвал Засгийн газартаа дэндүү эрсдэлтэй, хэврэг болчихоод байгаа юм. МАН анх удаа дотроосоо Засгийн газраа унагаасан. Энэ бол хулгай худал, болохгүй бүхнийг намын эв нэгдэл, эрх ашиг нэрээр хаацайлдаг цаг үе өнгөрч, нам эрүүлжиж байгаагийн шинж юм. Мэдээж шинэчлэл хийе хэмээн гарын үсэг зурсан гишүүдээс тодорхой хэмжээгээр засагт томилогдон ажиллах нь дамжиггүй.
-Мөн дэд сайд нарыг байх нь зөв, буруу гэх яриа бий. Дэд сайд хамтарсан Засгийн газарт бол хяналтын үүрэгтэй байдаг. Харин нэг нам дангаараа эрх барьж буй үед хэрэггүй бараг л зардлын гарз гэх юм?
-Өөрийн чинь асуулттай санал нэг байна. Дэд сайдыг цомхотгоход болохгүй гэх асуудалгүй.
-Жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулахын тулд ямар хүмүүсээр бүрдүүлэх нь зөв юм бэ. Танай нам сонгуульд оролцохдоо "Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэж амалсан. Тэр амлалтынхаа дагуу мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсан ч огцорлоо.
-Уг нь бол Засгийн газрын танхимын 50-иас илүүгүй хувийг парламентаас бүрдүүлээд, бусад найм дээр нь салбар салбараас хэлэлцүүлэг хийж санал авах байдлаар шилж сонгон, шигшиж байгаад мэргэжлийн сайд томилвол хамгийн сайн. Засгийн газар унах бүрт л ангасан үхэр шиг сайдын суудал руу зүтгэдэг, сайд ч болдог хүмүүс байхаас гадна парламентад ганц сонгогдож, ганц жил ажиллачихаад сайд хийнэ гэж амбицлах гишүүн ч мэр сэр гарах шиг. Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэсэн эртний үг л өөрийн эрхгүй бодогдож байна. Ер нь анхнаасаа мэргэжлийн Засгийн газрыг жинхэнэ утгаар нь байгуулж чадаагүйгээс болж, одоо улам л төвөгтэй байх бололтой.
-Таны хувьд шинээр байгуулагдах Засгийн газраас ямар хүлээлттэй байна вэ. Он гараад Чингис бондын эхний төлөлт 500 сая ам.долларын асуудал бий. Үүнийг төлөх ямар арга зам байна вэ. 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй болсон гэх мэдээлэл гарч байна?
-Гадны зээл тусламжид дулдуйдаж, ОУВС гэх мэт байгууллагуудаар төр, төсвөө яаж авч явахаа заалгуулж бид нар энэ бэрхшээл хямралын цаана гарна гэж байхгүй. Жишээлбэл, энэ хавар Оюутолгойн мөнгийг Монголын банк санхүүгээр дамжуулдаг болъё гэж УИХ-аар асуудлыг оруулж баталчихаад байхад ОУВС энэ санаагаа өөрчил, тэгэхгүй бол мөнгө өгөхгүй гэж тулган байж санаагаа гүйцэлдүүлж байх жишээтэй.
Харин энэ хүнд байдлыг зорилготой, зоригтой Монгол хүмүүс өөрсдөө л өөрчилж чадна. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр дотоод нөөц бололцоогоо шавхан дайчилж ажиллах ёстой. Бид Монголдоо хийж чадаж байсан, чадах зүйлээ гаднаас авахаа больчихъё. Зөвхөн дотооддоо үйлдвэрлье. Хүмүүсээ ажилтай болгоё. Бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болох ёстой. Байгалийн баялаг, ашигт малтмалаа үр ашиггүй, хөрөнгө оруулалт нэртэй шулуулж мөлжүүлж байгаагийнхаа эсрэг үгүй гэж чаддаг болъё. Улс орныг хохироосон, авлига үнэртсэн баялгийн тэгш бус гэрээнүүдийг өөрчилье, цуцалъя. Энэ Засгийн газраас ийм л наад захын зүйлсийг хүсч хүлээх нь дамжиггүй.
-Энэ Засгийн газар хэр тогтвортой байх бол. МАН-ын дүрэмд "Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн байдаг. Арваннэгдүгээр сарын 20, 21-нд танай намын Их хурал болно. Түүгээр хэрэв У.Хүрэлсүх намын дарга болж чадахгүй бол шинээр томилогдсон өөр хүн Ерөнхий сайд болох боломжтой юу?
-Ямар ч байсан гурван жил тогтвортой байна, байгаасай гэж бодож байна. Монгол Ардын Намын их хурлаар У.Хүрэлсүх намын дарга болох биз ээ. Ер нь ард түмэн, нийгэм маань өөрчлөлт хийж чадах зоригтой лидерийг үгүйлэх болсон гэж хэлж болно.
Үндэсний шуудан сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих