МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ
Манай Улсын ард иргэд ээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ
Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.
Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.
Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.
Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр, засагтаа гутарч байна.
Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна.
Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.
Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.
Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.
Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.
Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.
Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.
Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.
Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.
Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.
Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.
Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.
Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.
Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.
"Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.
Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.
Эрхэм гишүүд ээ
Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.
Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.
Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.
"Иргэн баян бол улс баян" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.
Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.
Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.
Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.
Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.
Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.
Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллатай идэвхтэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.
Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.
Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.
Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.
Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.
Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.
Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.
Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.
Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.
Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих