Түүнийг тун санаачилгатай, бас ажилд шуурхай, найдвартай хүн гэж хэсгийн дарга нь магтсан. "Эрдэнэт” үйлдвэр Төвийн бүсийн эрчим хүчний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэдэг. Үйлдвэрийн зардалд жин дардаг эрчим хүч, ус, технологийн уурыг зөв зохистой ашиглах, гар ажиллагааг механикжуулахад тэрбээр сэтгэлээ чилээж явдаг. Энэ чиглэлээрхоёр тэрбум орчим төгрөгийн эдийн засгийн үр ашигтай 20 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тээрмийн хөдөлгүүрийг цэвэрлэх, халалтаас хамгаалах техникийн шинэчлэлийн төсөл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч зуны улиралдтээрмийн хөдөлгүүр хэт халалтаас болж , сул зогсохгүй болжээ. Энэ нь хүдэр боловсруулах төлөвлөгөө биелэхэд жинтэй хувь нэмэр болсныг удирдлагууд нь онцолж байна. Тэрбээр гуч гаруй жил ажиллахдаа техникийн олон шинэчлэлд гар бие оролцсоны дотор "Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн бүтээн байгуулалт болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд хамт олноо түүчээлэн, хичээнгүйлэн хөдөлмөрлөжээ. "Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэн, жилд 32 сая тонн хүчин чадалтай болгон өргөтгөсний нээлтийн үеэр Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, тээрэм асаахад өөрөөрөө болон, хамт олноороо бахархан омогшиж самсаа шархируулж явснаа тэр нуугаагүй. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг суурилуулах, нутагшуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд энэ үеэр төр засаг "Алтан гадас” одон хүртээсэн мөчийг тэр хэзээ ч мартахгүй гэсэн юм.
Тэр тун хүртээмжтэй хүн. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Технологийн сургуулийн оюутнуудад хичээл заана. Залуудаа хөл бөмбөг, явган аяллын тамирчин явсны хэргийг гаргаж, залуусаа тэмцээн уралдаанд дасгалжуулна, тэднийгээ дэмжинэ. Мөн хэсгийнхээ Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн даргаар ажиллаж, ажиллагчдынхаа эрх ашгийг хамгаалахад идэвхийлэн оролцоно. Түүний дургүй зан шударга бус байдал, долигонуур араншин. Залууст шударга бай, хичээнгүй хөдөлмөрлө, өдөр бүр шинэ зүйлд суралц, тэгж гэмээнэ хүн хөгждөг юм гэж захих. Өөрөө ч үүнийг л амьдралдаа мөрдөж ирсэн.
Хүмүүний орчлонгийн зовлон түүнийг тойрсонгүй. Насан багадааүерхэж, хайрлалцан гал голомтоо бадраан алаг үрсээ өсгөлцсөн амьдралынх нь хань бурхны оронд одоод удаагүй. Гэргий нь хайлган сэтгэлтэй, цагаан нөмрөгтөн явсныг дурсахдаа аньсага нь чийгтэж харагдсан. Эднийх гурван сайхан хүүтэй айл. Том хүү А.Ганзориг нь аавынхаа мэргэжлийг эзэмшиж, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн даргаар ажиллаж байна. Дунд хүү А.Гансүх нь Худалдаа хөгжлийн банкны ахлах эдийн засагч, бага хүү А.Ганболд нь МУИС-ийн Мэдээллийн технологийн ангийг төгссөн. Хөвгүүдээ эрдэм боловсролтой, төлөв даруу хүн болгон өсгөхдөө тэр өөрөөрөө үлгэрлэсэн. М.Алтантулга тун ч хөнгөн шингэн нэгэн. Зүгээр сууж огт чаддаггүй зантай. Гэрийн ажил, байрны засвар, машины эвдрэл гэмтлээ ч хүн царайчлахгүй, өөрөө дөнгөчихнө.
Эх орны дуудлагад эр цэрэг бэлэн байдгийн адил, "Эрдэнэт” үйлдвэр дуудахад хэзээд бэлэн байх "бэлтгэл хурандаа” бол М.Алтантулга. Тэр удахгүй гавьяаны амралтдаа гарах ч, мөнхөд "Эрдэнэт” үйлдвэрээрээ бахархан, бүхнээ зориулах далай сэтгэлтэй эрхэм.
Ийм л оюунлаг, дадлага туршлагатай, ажилдааэлгэмсүү сэтгэлээр ханддаг хүмүүсийн нуруун дээр "Эрдэнэт” үйлдвэр хөгжин дэвжиж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих