Улсын Ерөнхий прокурорын газраас сар бүр бэлтгэн хүргэдэг "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг Дорнод аймгийн прокурорын газраас бэлтгэн хүргэхээр нэвтрүүлгийн баг тус аймагт ажиллаж байна. Дорнод аймаг нь ОХУ-тай хиллэдэг 2, БНХАУ-тай хиллэдэг 3, нийт байнгын ажиллагаатай хилийн 5 боомттой, Хилийн цэргийн 4 ангитай, Зүүн бүсийн гааль, Гадаадын харьяатын газартай, хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн ихтэй, дэд бүтэц хөгжсөн томоохон аймаг юм. Аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны олборлолтын чиглэлээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Дачин Тамсаг Монгол”ХХК-ний 19, 21 дүгээр талбай, холимог металлын олборлолтын чиглэлээр "Шинь шинь”ХХК, алт олборлолтын чиглэлээр цөөнгүй үндэсний компаниуд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, Халхгол, Буйр нуурын чиглэлд дотоод аялал жуулчлал, БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд гадаадын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эричмтэй хөгжиж дотоод, гадаадын иргэдийн хөдөлгөөн эрч нэмэгдэж буй нөхцөл байдлуудаас улбаалж эрүүгийн хэрэг, зөрчил гаралт буурахгүй, ихсэх хандлагатай байна. Мөн тус аймгийн газар нутаг, байгалийн тогтцоос шалтгаалан байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамал их хэмжээгээр ургаж, түүнийг ард иргэд их, бага хэмжээгээр түүж бэлтгэх, худалдан борлуулах, худалдаж авах, гаалийн хилээр нэвтүүрлэх хууль бус үйлдэл сүүлийн 8, 9 дүгээр саруудад ихээр гарчээ. Дээрх ургамал нь эмийн бэлдэц нэртэйгээр хятад улсын иргэд тус аймгийн нутагт ирж өндөр үнээр худалдан авч байгаагаас шалтгаалан нутгийн ард иргэд тухайн ургамалыг их хэмжээгээр түүж, бэлтгэн эрүүгийн хэрэгт холбогдох болжээ. Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт 2017 оны 3 дугаар улиралын байдлаар байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16 гомдол, мэдээллийг хүлээн авч 1 аж ахуйн нэгж, 61 иргэнийг холбогдуулан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Дорнод аймгийн прокурорын газраас бэлтгэсэн "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг энэ сарын 28-нд МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлгийн баг Дорнод аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх, Гааль, Хавиргын боомт зэрэг газруудад нэвтрүүлгийн зураг авалтаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25402
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих