Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор/
Өвөрмонголчууд монгол түүх соёлынхоо төлөө дор бүрнээ л сэтгэл чилээж байгаагийн нэг илрэл болсон үйл явдал саяхан Баяннуур хотод болж өнгөрлөө… Уулдаа арав гаруй жилийн өмнө энэ хот Баяннуур аймаг гэж байлаа. Орны засгийн ордоны шийдвэрээр арав гаруй жилийн өмнөөс Баяннуур хот болжээ. Амьдрал дээр энэ нутгийхан Баяннуур хот гэж ярих нь тун ч бага юм билээ. Линхэй хот л гэвэл ойлгоод явчихна тэр дээ. Хөххотоос Баяннуурын чиглэлд гарах унааны пио- /тасалбар/-гоо авахад хүртэл Линхэй хот гэдэг хятад үгийг зарж байж тасалбараа авсан. Энэ үг үнэндээ бол "голын дэргэд, хажууханд, ойрхон” гэсэн утгатай юмсанж. Хатан гол умар зүгт түрж орсон хамгийн хойд тохойд Баяннуур хот шаваа тавьж өнөөдрийн хотын түүхийг бүтээж эхэлжээ. Баяннуур хот зүүнээс баруун чиглэлд хөгжлийн алхаагаа урагшлуулж байгааг газар дээр нь очоод ажигласан. Өснүүр нь хатан гол мушгиран газар үзээд буцах шиг урагш тэмүүлэх юм билээ. Баяннуурчууд дөхөөд ирсэн дээр нь гэх шиг хотынхоо өмнүүр урсгалаас нь татуурга хэлөэрээр суваг татаад урсгачихсан байна. Цаад санаа нь газраа ашиглаж тариа ногоогоо тарих гэснийн бөлгөө. Баяннуур хот бол тариалангаар голлосон хагас малжих, хагас тариалах хэв загварыг хадгалсан нутаг аж. Энэ хотод 176 түм буюу 1760000 хүн амьдран суудгаас 7 түм 800 мянган нь буюу 78000 нь монгол үндэстэн юм билээ. Хотод 50 шахам сургууль ажиллаж байна. Үүний нэг нь л монгол сургууль. Ингээд бодвол хотод монгол хүн хэдүй цөөхөн гэдгийг анзаарч болно. Ер нь Баяннуур хотын монголчууд Урадын гурван хошуундаа л төвлөрөн сууж мал ахуйгаа хариулж, хөдөө нутагтаа хөгжлийн жолоо залж явна. Урадын гурван хошуунаас өмнөд хошуу нь хамгийн цөөхөн монгол үндэстэнтэй. Олонхи болсон Хятад үндэстэн газрын шимийг ашиглаж, тариа ногоо тариалж амьдрал ахуйгаа залгуулдаг гэнэ. Хатан голын усыг ашиглан газрын шимийг ашиглаж байгаа болохоор тэд хамаг орлогоо хөрснөөс л авч байна. Улаанбуудайн гурилаараа алдартай гэнэ. Амтат гуа их тариална. Дотооддоо Ордос, Алшаа, Дарханмуумянгантай хаяа дэрлэж, гадааддаа Монгол улсын Өмнөговь аймагтай хил залган оршиж байна.
Баяннуур хот бол хойд талаараа Ар өврийг заагласан их говийн хормой бэлд, өмнө талаараа Ордосын үржил шимт хөрс, Хатан голын хаяа хөвөөнд он жилийн түүхээ зузаалж байна. Монголчуудын тухайд Урад монголчуудаар гол болгосон ах дүү нар маань соёл түүхээ өлгийдөн аж төрнө. Тэртээ он жилүүдийг өртөөлөн зүүн хязгаар Хөлөнбуйраас нүүж явсан ардууд энэ нутагт ирж нүүдлээ зогсоон тулгаа тулжээ. Нэг л хааны гурван хүү ийнхүү ард зоноо дагуулан нүүж өмнө хойноо орон явсаар энд сууршихад, нүүж ирсэн дарааллаар нь нутаг хуваажээ. Нүүдлийн цувааны өмнө явсныг нь Урадын өмнөд хошуу, дунд чинээнд нь явсныг нь Урадын дунд хошуу, сүүлд явсныг нь Урадын хойд хошуу хэмээн нэрлээд гурван хүүхдээрээ захируулан суулгажээ. Энэ цагаас эхлэн Урадын гурван хошууны түүх шинэ улаан мөрнөөс эхэлсэн түүхтэй. Тэр хөхөмдөг хангайгаас ирж говь талын сэжүүрт тулгаа тулахдаа байгаль цаг уурын өөр нөлөөнд автаж, амьдралаа авч явах арга ухаанд нь хүртэл өөрчлөлт оржээ. Урад гэдэг нь тийм тов тодорхой утгын тайлалгүй ч Уран оёдол дархан мужааны чиглэлд илүү ойр тайлбарыг хэлэлцсээр өдий хүрчээ. Тийм болохоор Урадчууд өөрийн гэсэн түүх соёлоо дархалж, нутаг уснаасаа төрөн гарсан алдар хүндтэй сор болсон хүмүүсээ судлан тогтоож, олноо таниулахын төлөөх ажил нь сүүлийн жилүүдэд их өрнөжээ. Ийм ажлын нэг нь энэ л нутгаас төрөн гарсан Мэргэн гэгээн Лувсандамбийжанцан хэмээх том эрдэмтэн ажээ. Түүний мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Урадчуудын соёл түүхийг судлах төв Баяннуур хотын "Бортохой” дээд сургуульд байгуулагдаад 3 жил болж байгааг тохиолдуулан зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал ажээ. Энэхүү хуралд сурвалжлах чиг үүрэгтэй Өвөр монголын төв радиогийн "Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Танатай хамт дөрөө мулталлаа. Тана бол энэ нутгийн уугуул. Хурлын явцад, олны үг, номын хуудас эргүүлж суухуй доор ионголчууд чинь ясан ч олон "лувсан” хэмээх үгээр эхэлсэн , бас "лувсан” гэдэг үг нэрэнд нь орсон алдартнуудтай юм бэ гэх сониуч бодол тархинд эргэлдэж л байлаа. Лувсандамбийжанцан, Лувсанчултэм, Лувсаноров, Лувсанпэрэнлэй, Лувсанданзанжанцан…., гээд. Энэ үг нь үнэндээ төвдөөр "Сайн оюут” гэсэн үг ажгуу. Ирээдүйг нь харсан юм шиг энэхүү нэрийг таамаглаж зөгнөж өгөхөөс илүүтэй авьяас билэг нь тодроод ирэхийн цагт ингэж нэрлэсэн нь олон байх аа. Манай монголчуудын дунд эртнээс нааш "номын нэр” гэсэн нэг ойлголт байдаг. Түүн лугаа нэрлэсэн нь их төлөв. Би хувьдаа ингэж л бодож байлаа.
Аян замын турш бидэнд Урадчуудын тухай, Лувсандамбийжанцаны тухай ам хуурайгүй явсан хүн бол Өвөр монголын Багшийн их сургуулийн профессор, Бурханы соёл судлалын хүрээлэнгийн захирал эрдэмтэн Ба Мөнхөө юм. Энэ эрдэмтэн Урад нутгийн хүн юм билээ. Тэгээд ч урадчуудын соёлын шинэ сэргэг бүхнийг дэмжин мэдлэг мэргэжлээрээ туслахаас эхлээд зааж зөвлөх ажлыг бүр л гартаа авчээ. Ер нь Б.Мөнхөө гэдэг эрдэмтэн Монгол улсад Цэрэнсодном гуайн удирдлагаар докторын зэрэг хамгаалсан хүн билээ. Тэр монголд олон удаа очиж урт богино хугцацаагаар сууж сдулагаа шинжилгээний ажил хийсэн болохоор бидний тухай ихийг мэддэг гэдгээ үе үе ойлгуулсаар л явсан. Тэр ярихдаа, өнгөрөн одож байгаа 2017 он бол Монгол үндэстний утга зохиолын аварга зүтгэлтэн болох Мэргэн гэгээн Лувсандамбийжанцаны мэндэлсний 300 жилийн тохиосон жил юм. Монголын түүх, гүн ухаан, шашин шүтлэг, зан үйл, хэл шинжлэл, уран зохиол, сурган хүмүүжүүлэх ухаан, дуу хөгжим, бүжиг урлаг, анагаах ухаан, орчуулга, уран зураг, одон зурхай зэрэг аль олон талын утга соёл болоод ухаан зүйн хөгжилтөд цаглашгүй томоохон зүтгэл үзүүлж, үлэмжийн их гавьяа байгуулсан эрдэмтэн бол Лувсандамбийжанцан гэгээн юм. Энэ гэгээнтэн Урад нутагт төрж, эрдэм солёын үйлсээ мандуулж явсан нь үнэндээ бол Урад соёлыг хөгжүүлэх өвлүүлэх үйлсэд тод зам мөр болсон гэж хэлж болох юм. Олон түмний дунд "Богд гэгээнтэн”, "Урадын мэргэн гэгээнтэн”, "Жинхэнэ мэргэн гэгээн” гэхчлэн алдаршсан Лувсандамбийжанцан бол 18 дугаар зууны үед тодорсон монгол эрдэмтэн мэргэдийн нэг буюу. Мэргэн гэгээн Чин улсын үеийн Энхамгалангийн тавин зургадугаар оны тахиа жил буюу 1717 онд хуучин Улаанцавын Чуулганы урадын дундад гүний хошуу эдүгээгийн Баяннуур хотын Урадын дундад хошууны Ловчан гэдэг айлд төржээ. Таван настайд нь уулын Урадын баруун гүнгийн хошуунд Мэргэн зуугийн гуравдугаар дүрийн мэргэн гэгээнээр тодруулжээ. Төрөлхийн ой билиг хэт хурц түүнд хархан багаасаа сурах суралцахын үүрэг оногдож авхаалжтай сайн сурч, эрдмийн мөр хөөжээ. Тэр бурханы номыг монголоор уншдаг анхны хийдийг нээж, бүх ном судрыг монгол хэлээр унших болоод тэр нь өдгөө хүртэл уламжилжээ. Өөрөө шүлэг уран зохиол тэргүүт бичиж, хэл шинжлэлийг нарийвчлан үзэж, дуу зохиож, анагаахын эрдэмд шамдаж, зан үйлийн судалгаа хийж, цам бүжиг дэгэлж, одон зурхайн холбогдох зохиолд нэрээ үлдээж, орчуулгын бүтээлд хүчээ сорьж олон олон орчуулгыг эх хэлэндээ утга төгс буулгаж бүхий л талаар эрдэм боловсрол эзэмшжээ. Үнэндээ бол таван ухаанд нэвтэрхий эрдэмтэн гэдгээ харуулж олноо "мэргэн гэгээн” хэмээх алдрыг хүртэж чадсан хүн. Монгол үндэстний түүхэнд урдаа барьдаг хуруу даран тоолдог эрдэмтэн мэргэдийн тоонд орж чадсан. Тэр бол насан туршдаа монголоор бичиж туурвиж уран бүтээлээ үлдээсэн жинхэнэ монгол эрдэмтэн байлаа…” гээд олон сонирхолтой зүйл, эрдэм судлалынх нь талаар ужишээ татан ярьсан юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 30 шахам илтгэл өгүүлэл хэлэлцэж, Мэргэн гэгээний болоод Урадчуудын соёлын тухай олон шинэ санаа дэвшүүлж, цаашдаа хэрхэн судлах чиг замыг зааж өгсөн. Урад соёл судлалын төвийг одоогоос 3 жилийн өмнө Бортохой дээд сургуульд байгуулснаас хойш олон чиглэлийн ажил эрхэлж хийснийг нэгтгэн дүгнэж энэ чиглэлээр ажиллаж байгаа олон судлаач эрдэмтдийн хүчийг ашиглан энэхүү хурлыг зохион байгуулжээ. Хуралд Өвөр монголын нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн Хурбилэг, Шонхор, Төвийн үндэстний их сургуулийн профессор эрдэмтэн Өлзий, ӨМ-ын Багшийн их сургуулийн профессор эрдэмтэн Мөнхөө, ӨМ-ын Уртын дууны нийгэмлэгийн тэргүүлэгч эрдэмтэн Буянжаргал, Өвөр монголын номын сангийн эрдмийн зөвлөлийн эрхлэгч судлаач Сэцэнбилэг, ӨМ-ын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн шинжлэх мэргэжлийн газрын дарга асан Хишигдүүрэн, Бортохой дээд сургуулийн монгол хэлний салбарын дэд захирал Оюун, зохиолч Мөнхөө, урад соёлын төлөө зүтгэгч судлаач Бодь, Бүтээгч, Тодсэцэн, Тогос, Хас, Хастуяа, Соёлцэцэг, ахмад судлаач Сувади гээд… 60 шахам хүмүүс энэхүү хуралд идэвхийлэн оролцож, урадчуудын соёл, мэргэн гэгээний үйлс, эрдэм судлалын олон талт бүтээлийн эргэн тойронд шинжлэн ярилцсан.
Баяннуур хот ийнхүү нэг өдрийн турш эрдэмтэдийн номын айлдвараар цалгиж Урадчуудын соёлын өнөө болоод ирээдүйг мэргэн гэгээний эрдэм ухааны гайхамшигт дулдуйдан ярилцлаа. Бортохой дээд сургууль гэж чухамдаа урадчуудын урдаа барьдаг ганц дээд сургууль. Бортохойн соёл гэж ярьдаг нь чухамдаа урадчуудын соёл юм. Урадчууд бол түүхийн нэг хугацаанд зүүнээс баруунш нүүж ирж Бортохойд суурьшсан ард түмэн. Энэ ард түмний дундаас төрөн гарсан Мэргэн гэгээн Лувсандамбийжанцан бол нэгэн үеийг эзэлсэн томоохон сэхээтэн. Түүний дууны хамгийн алдартай нь гурван буяны дуу юм. Тэр нь цогцолсон буян, эртний ерөөлийн буян, үлэмжийн буян болой. Цогцлосон буян дуу нь:
Цогцолсон буяных нь үр нь
Цогц биеийн санааны амар сайн
Чухам эрхэм сэтгэл дэх чанар нь
Цогц сүмбэр уул мэт бат сайн хэмээн эхэлдэг. Ийм сайхан эрдэмтний тухай дөхөмхөн танилцуулахад сэтгэлийн чанадад гэрэл түгэх шиг сайхан байсныг бахархан байж аян замын тэмдэглэлийнхээ эхний шадыг эвхмүй.
Үргэлжлэл бий…
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих