Л.Мөнхтөр /сэтгүүлч, яруу найрагч, хэлдбичгийн ухааны доктор/
Намар цаг зэлээ эвхэж, нандин цагаан хяруу гандсан өвний биеийг хааяа өвч бүрхэж хонох боллоо. Өвөл "жанжин”-ы илгээсэн элч намрын хөх тэнгэрээр салхи зайдлан ирж хоноод өглөө эртийн нарнаас ичингүйрэн байж арилан одох тийм үе бол намрын өтөл цаг юм. Энэ үед ирж буй өвөл хаврын зүтгүүг давах бэлтгэлээ хулгана зурамнаас эхлээд хүн хүртэл хийж эхлэнэ. Хадлан өвс, түлээ түлш, дулаалга халаалга, онгорхой цоорхойгоо цойлдох их ажил хот хөдөө, гэрт гадаагүй өрнөчихнө. Газар газар хүн бүрд адилгүй ч сэтгэлийн ширхэг нэгтэй нь чухамдаа бүгд л өвөл хавартаа бэлтгэх болой.
Хөххотын намар. Өөрийн гэсэн өнгө аястай. Модод одооноос л /2017.10.30/ дуртай дүргүй зууралдан зүүгдэх навчнаасаа салж, хөхүүл хүүхдээ бор хоолонд оруулах эжий хүн шиг аашилна. Арав гаруй хоногийн өмнө орсон сэрүүн цагаан бороонд Далан хар уул ар бэлээрээ цас залсан удаатай ч тэгсхийгээд хайлчихсан. Тэр бол "өвөл бас бий шүү” гэж сануулаад авсан хэрэг л дээ. Энэ үед Хөххот уруу урт сонгино ачсан бага оврын ачааны тэрэгнээс эхлээд цухалдуухан алхах илжгэн тэрэг хүртэл цувсан. Энэ бол Хөххотын өвлийн бэлтгэлийн нэг урсгал яах аргагүй мөн юм даа гэж би дотроо ухаарсан. Хорь гаруй жил монголдоо "Ургацын далай” нэвтрүүлэг хөтөлж, намрын намарт тариа ногоон дундуур явсных намрыг би илүү их ойлгодог гэж яагаад ч юм бодох болсон хүн.
Тэр үед Булган аймгийн төвд Хатанбаатар Магсаржавын бунхант толгойн зүүн бэлээр энэ нутагт ирээд нутатгшсан Го-ёо-сан гэдэг луухааных байдаг. Олон хүүхэдтэй. Хүүхдүүүд нь бүгд л жаахан жаахан газар дээрээ ногоо тарина. Булганы ногоог тэр хэд нуруун дээрээ үүрч явсан үе бий л байх. Намар оройхон давхиж явахад тэд хятад сонгино буюу мөнөөх "урт сонгино” гэдгийг байшингийн дээвэр дээрээ битүү дэлгээд тавьчихсан байдаг сан. Ногоо цагаа хөлдчихнө гээд ногоочид маань дээвэр туурга бүтээлэг болж байхад тэрхүү урт сонгино гэгч нь дээвэр дээр нар жавар ээлжлэн тосох өдөр хоногуудаа эхэлж байдаг сан. Хөлдөөж хадгалдаг ногоо тэгэхэд л би харсан. Тэгвэл сүүлийн хоёр намар энэхүү урт сонгино гэдгийг манайхан зун ноос тээж яваа юм шиг нэвсийтэл ачаад хот сууриндаа зөөж байхыг Хөххотод үзлээ. Урт сонгины цуваа хот уруу чиглээд ирэхээр намар дагаад хүрээд ирэх шиг санагдана. Хөххотчууд энэ сонгинооо савны хамжээ, хадгалах газрынхаа зай багтаамжаар л зөөгөөд байна. Зөөж аваачаад цонхны завсар, тагтныхаа сэрүүн булан, за тэгээд байрныхаа гадаа хэц татаад борц хатааж байгаа юм шиг, орцон дотроо юм тавьж болох зайтай газар бүхэнд хадгална.
Урт сонгинын хулгайч гэж байдаггүй бололтой. Гадаа үүдэнд харж хандах боломжгүй газар бүхэнд л ногоон үзүүрээр нь зангидаж багцалсан боодол боодол сонгинууд ёстой "хөлөөр нэг хөглөрнө” гэгч болж байна.
Урт сонгино гэгч нь хүйтэн сэрүүнд тэсвэртэй, халуунд тэгтлээ тааламжгүй Хятадад анх тарьж эхэлсэн хүнсний тарималуудын нэг. Ер нь хятадын ихэнх нутгаар тариалдаг нийтлэг таримал аж. Зундаа навч нь эрт шарлаад эхэлвэл сэрүүн газарт шилжүүлэх хэрэгтэй ургамал. Дээд цэцэг нь их том. Ханиад шуухнаа хүрсэн үед буцалгаж ууж болохын зэрэгцээ хүнсэндээ тогтмол хэрэглэвэл луувангийн адил нүдний харааг сайжруулах үйлчилгээтэй. Үе мөчний өвчин хамар амнаас цус гарахыг тогтоох гээд сайн чанарууд түүнд бас байдаг. Урт сонгино бөөрөнхий ногоон сонгинуудын нэгэн адил уураг нүүрс-ус аскорбины хүчил, каротин, Вг В2, РР витамин, кали, магни төмөр болон бусад элементүүдийг агуулах ба ялангуяа аскорбины хүчлийг бөөрөнхий сонгиноос хоёр дахин илүү агуулдаг онцлогтой. Энэхүү сонгино хүйтэнд тэсвэртэй учир тусгай хадгалах онцлог шаарддаггүй. Урт сонгино дээр дурдсан бөөрөнхий сонгинуудын нэгэн адил ялзмаг ихтэй үржил шим сайтай хөрсөнд сайн ургана. Намар урт сонгино тарих хөрсийг гүн хагалж борнойдож боловсруулж усалгаа сайн хийнэ. Урт сонгино нь олон наст ургамал учир нэг газартаа олон жил ургах тул хамгийн үржил шим сайтай хөрсөнд тариалах шаардлагатай. Сонгино ургуулах талбайг намар 22-25 см гүнд хагалж борнойдоно. Хавар хөрсийг хагалахын өмнө 1 га-д бууц 20-60т, бодит жингээр суперфосфат 300-500кг, кали 200 кг, азот 300-400 кг тунгаар бордоод дараа нь 20-22 см гүн дахин хагалж борнойдож тэгшлээд хайрцаг, хамар гаргаж бэлтгэнэ. Хавар газрын хөрс гэсч эхэлмэгц тарихын емнө хөрсийг 8-9 см хиртэй маажуураар гүн сийрүүлж дараа нь сайтар усална. Энэхүү сонгиныг үржүүлэхийн тулд анхны жил үрээр, дараа жил төл coнгино тарьж, үндэс мөн цоорыг хүнсэнд хэрэглэж болно.
За ингээд хөххотын хөх тэнгэр доороос ногоон сонгинын тухай ярьлаа даа. "Тэмээ гэхээр ямаа гэгчээр” намар болж ахуйд ирэх хаврын тухай идэж уух тухай ярьсанд уучлаарай. Хаашаа л харна урт сонгино сэгсийтэл ачсан тэрэг, худалдсан худалдан авсан хүмүүс ...Урт сонгино болоод намар цаг нэг иймэрхүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих