…То вангийн өргөөнд Ман жийн наймаачин Да данжаад ихэд бухимдан сууна. Тэрбээр "Алс газраас хэдэн өдөр, сарыг туулан авчирсан олон тэрэг давсыг одоо яах вэ” гэхэд То ван "Бид өнгөрсөн жил нэг тэрэг давсыг нэг бяруугаар худалдаж авахаар тохиролцсон. Та нар Цагаан сарын өмнө ирсэн бол энэ тохиролцоо хүчинтэй байлаа. Харин Цагаан сар өнгөрч, амьтай бүхэн нэг нас нэмсэн тул өнгөрсөн жилийн бяруу одоо шүдлэн үхэр болсон. Тиймээс бид наймаа хийх боломжгүй. Давсаа аваад буцахаас өөр арга алга” гэв. Аадар бороо асгаж, цахилгаан цахихад Да данжаад айсандаа хараал урсган гарч одлоо. Тал нутгийн дундах эрэгтэй, эмэгтэй хүний эртний чулуун хөшөөний дэргэд Жам баа, Ялгуунгоо хоёр бие бие дээ эрхлэн дуулж суухад То вангийн хүү Манзбазар ирж, Манжийн амбан цэрэг, албат нараа дагуулан тэртээгээс айсуйг хэлэв. Манжийн амбан буутай цэргүүд, анжис чирсэн ажилчдаа дагуулан То вангийн нутагт ирлээ. Түүнийг Да данжаад газарчилжээ.
Тэрбээр То Вантай хийхээр тохиролцсон наймаа нь бүтэлгүйтсэнд ихэд уурлаж, Илдэн вангийн хошууны үржил шимтэй газар нутагт тариа тарихыг Манжийн амбанд ятгасан бололтой. Манжийн амбан То вангийн үгийг үл тоож, газар хагалан тариа тарихыг завдаж, өөрийг нь эсэргүүцсэн нутгийн иргэдийг барьжээ. То ван Манжийн амбантай уулзаж, "Энэ хошууны захирагчийн хувьд таныг эсэргүүцсэн иргэдийг хэрхэн шийтгэхээ би мэдье. Харин та 50 лангаар торгуулах болж дээ. Манай нутагт архи уувал 10, тамхи татвал 50 лангаар торгодог хуультай” гэхэд Манжийн амбан иргэдийг нь суллав.
Тэр даруй То ван онгон дагшин газар нутгийг нь сэндийлж, тариа тарихаар санаархаж буй харийнхнаас эх нутгаа хамгаалах том бурхан бүтээх зарлиг гаргалаа. Да данжаад олон тэрэг давсаа буцаагаад авч явах боломжгүй тул асгах газар зааж өгөхийг То вангаас хүсэхэд тэрбээр уран арга сэдэж "Монголчуудын Манжид алдсан газар нутгаас нэг үхрийн ширний хэмжээтэй газрыг эргүүлэн өгвөл давсыг Талын цагаан нууранд асгуулъя” гэв. Манж амбан саналыг зөвшөөрлөө. То ван үхрийн ширийг тасдалгүй утас шиг нарийн зүсэж, олон жилийн өмнө өвгөд нь Манжид алдсан Хулд уулыг тойруулан ширээ тавьж, эргүүлж авав. Да данжаад давсаа Талын цагаан нууранд асгасан нь одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Сангийн далай бөгөөд Монголын хамгийн цэвэр давстай нуур юм. Илдэн вангийн хошууны хан газар нутгаа хамгаалуулахаар бүтээсэн бурхныхаа мэлмийг нээж, эрийн гурван наадам хийж байна. Уулын энгэрт чулуугаар бүтээсэн зургаан гартай бурхан эх нутгаа бүхлээр нь тольдох мэт.
То ван "Манжийн нутагтай хил залган оршдог Илдэн вангийн хошууг хамгаалах эх бурхан бүтээлээ. Мэргэн ухаан, бүлээн цусаараа бид газар шороогоо харийнхнаас хамгаалж байна. Цаашид хэрхэхийг үр хойч минь мэдсүгэй” хэмээхэд ард олноороо эх нутгаа магтан дуулцгаав. Манж амбан, Да данжаад хоёр чулуун бурхныг дэлбэлэхээр дарь авч яваад өөрсдөө дэлбэрч үхдэг. Тэдний хорон санааг мэдсэн То вангийн хүү дарьтай уутанд нь цахиур чулуунууд хийсэн юм байж. То вангийн санаачилгаар 1856-1862 онд бүтээсэн Жигважид Жанрайсэг хэмээх бурхан өдгөө Дорнод аймгийн Халх гол сумын нутагт бий. Тус аймгийнхан эл бурхныг сэргээн засварлажээ. Энэ жил Жигважид Жанрайсэгийг бүтээсний 150 жилийн ойг тэмдэглэх билээ. То вангийн мэргэн ухаан, алдар гавьяаг залуучуудад мэдүү лэхийн зэрэгцээ бидний өвөг дээдэс эх нутгаа хойч үедээ бүтнээр нь өвлүүлэх гэж ямар их ур ухаан, хүч хөдөлмөр зарцуулж, амь насаараа хамгаалдаг байсныг харуулж, бид хойч үедээ юу үлдээж буйг сануулсан уг жүжгийн зохиолыг Төрийн шагналт Д.Төрбат бичиж, Б.Мангалжав найруулжээ. Хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой зохиож, тайзны зураачаар Г.Доржгочоо ажиллажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих