Төсвийг олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор Төсвийн тухай хуулийг шинэчилж, зарим дүрэм журмыг нэмж боловсруулсан. Мөн энэ чиглэлээр төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсаар байна. Ерөнхийлөгч хүртэл төсвийн ил тод байдлыг илүү чухалчилж Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ мэт улсын хөрөнгийг ил тод болгох ажлуудыг ар араас нь хэрэгжүүүлж байгаа ч ахиж дэвшихгүй байгааг судалгааны байгууллага онцоллоо. Нээлттэй нийгэм форум орон нутгийн төсвийн ил тод байдалд хийсэн судалгааны тайлангаа өчигдөр танилцуулсан юм. Судалгааг өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл таван сарын хугацаанд хийжээ.
ТӨСВӨӨ НУУСАН АЙМГУУДЫГ БАЯНХОНГОР ТЭРГҮҮЛЭВ
Нийслэл хот болон 21 аймгийн төсвийн ил тод байдалд 100 баллын үнэлгээ өгч дүгнэхэд хамгийн дээд оноо нь 36-д хүрчээ. 2011 онд хийсэн уг судалгаагаар орон нутгийн төсвийн ил тод байдал 35 оноо авч "Хангалтгүй” гэсэн үнэлгээг авч байсан бол энэ үзүүлэлт хоёр жилийн хугацаанд байрнаасаа хөдлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд төсвийг нээлттэй болгох хууль, журам хэрэгжиж эхэлсэн ч ердөө ганц оноогоор ахижээ. Үүнийг Нээлттэй нийгэм форумын мэргэжилтнүүд төсвийн ил тод байдал орон нутагт "Тун хангалтгүй” гэж дүгнэлээ. Улсын хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулж байгаагаа Хөвсгөл, Говь-Сүмбэр, Дорноговь аймаг иргэддээ харьцангуй нээлттэй мэдээлж байгаа ч орон нутгийн хэмжээнд төсөв нууц далд, олон нийтэд ойлгомжгүй хэвээр байгаа аж. Төсвийг иргэдээсээ нууцалж, хэчнээн мөнгөөр юу хийснээ тайлагнадаггүй аймгуудын жагсаалтыг Баянхонгор тэргүүлж, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг удаалсан байна. Эдгээр аймаг төсвийн ил тод байдлыг ердөө 15-28 хувь хангажээ.
ТӨСӨВ НУУЦ БОЛСОН ШАЛТГААН
Төсвийг бүрдүүлэгч нь хянадаг тогтолцоог бий болгохоор "Шилэн тендер”, "Шилэн данс” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Увс аймагт "Шилэн халаас” нэртэй хөтөлбөр баталж, Архангай, Хэнтий аймгууд хандив тусламжийн мөнгийг тайлагнасан нь орон нутгийн төсвийн ил тод байдалд авууштай ганц зүйл болсныг судлаачид онцоллоо. Зарим аймагт энэ мэт сайн жишээ байгаа ч хөдөөг нийтэд нь дүгнэхэд орон нутгийн төсөв иргэдэд хараахан ил тод болоогүй, нууц байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Төсвийг ил тод болгох талаар тодорхой ажлуудыг хийж байгаа ч үр дүн муу байгаа нь орон нутгийн удирдлагууд төсвийн зарцуулалт, төсвийн тайлан бичгийг олон нийтэд хүргэх, ил тод болгох хууль, журмыг хангалттай хэрэгжүүлэхгүй байгаа. Мөн хэрэгжүүлж байгаа арга нь буруу, хоцрогдсон тул өдий болтол ахиц гарахгүй байгааг Нээлттэй нийгэм форумынхан онцолсон юм. Хоёр жилд ганц удаа зохион байгуулдаг уг судалгааны дараагийн удаад төсвийн ил тод байдал сайжирхад Орон нутгийн төсвийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах үүргийг удирдлагуудад өгөх, орон нутгийн цахим хуудсан дахь төсвийн мэдээллүүдийг нэгдсэн загварт оруулан тогтмол мэдээлдэг байх, төсвийн ил тод байдлыг оны эхнээс тасралтгүй хэрэгжүүлэх зэргийг тус форумын мэргэжилтнүүд зөвлөлөө.
Э.СОЛОНГО /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих