Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны төлөвлөгөө, аймгийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөний дагуу Аймгийн ерөнхий прокуророор ахлуулсан орон нутгийн хууль хяналтын 6 байгууллагын 27 гишүүнтэй ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр 17-ны өдрүүдэд тус аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумдад очиж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар, хяналтын прокурор С.Алтай, М.Энхбаатар, Б.Догмиддорж, туслан ажилтан Саруул-Ирээдүй, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, ХЖТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Одчулуун, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урдчилан сэргийлах ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Нэргүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Болормаа, Шүүхийн тамгын газрын мэргэжилтэн, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн "Хэрлэн” хамтлаг зэрэг 27 албан хаагч багтаж ажилласан.
Энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бүрэлдэхүүнтй зохион байгуулах ажил 3 дахь жилдээ уламжлал болон хийгдэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд ажлын хэсгийн гишүүд сумдад ажиллахдаа байгууллагынхаа хийсэн ажлыг сурталчилж таниулахаас гадна шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаарх хуулийн заалтуудын талаар сумдын иргэдэд мэдээлэл өгч, сургалт, уулзалтанд оролцсон иргэд, албан тушаалтнуудад зориулан урлагийн тоглолтоор үйлчилж ажиллав.
Түүнчлэн аймгийн ерөнхий прокуророос сумдын иргэд эрх бүхий албан тушаалтнуудад шинээр батлагдсан хууль тогтоомжуудын үзэл баримтлал, хуулинд шинээр тусгалаа олсон хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг, мал хулгайлах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл, танилцуулгыг хийсэн бөгөөд хяналтын прокуроруудаас сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг газар дээр нь шалгаж, зааварчлага өгөх, хөдөө орон нутагт ажиллаж буй эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ойлгож нэг мөр хэрэгжүүлэх, дээд шатны байгууллагуудаас батлан гаргасан тушаал, журам, эрх зүйн хэлбэрийн загваруудыг зөв бичиж хэрэглэх талаар тусгайлан сургалт өгч ажилласан нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсон байна.
Дээрх байдлаар зохион байгуулсан хууль сурталчлах мажиодд сумдын иргэд өргөнөөр оролцож санал, хүсэлтээ илэрхийлэн, шинэ эрх зүйн орчны талаар мэдээлэл, сургалтыг биечлэн ирж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр аймгийн Цагдаагийн газраас сум бүрт малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх "Малчдын бүлэг” байгуулах ажлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.
Цаашид тус ажлын хэсэг энэ оны 12 дугаар сарын эхний 10 хоногт багтаан аймгийнхаа урд талын сумд болох Матад, Халхгол, Хөлөнбуйр, Булган сумдад ажиллан, улмаар бүх сумдад ажилласан ажлын үр дүн, сум орон нутгийн нөхцөл байдлыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлд танилцуулж, 2018 онд хийж гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25796
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих