Монголын төрийг зайдагнаж сурчихсан хэдэн хүнийг таслан зогсоох аавын хүү гарч ирэх л ёстой. Монголын хувь заяа гэж бий. У.Хүрэлсүх нарын хэдэн нөхөр Монголын төрийн дуртай албан тушаалыг, дуртай өдрөө авдаг болсоор 20 жил боллоо. Эд нарын хэн нь ч өнгөрсөн 27 жилийн хугацаанд хохирол амсч үзээгүй. Яг үнэндээ тэдний хувьд сөрөг хүчин байна гэдэг бараг аз жаргал. Яагаад гэвэл тэдний бизнес сөрөг хүчин байх үедээ цэцэглэдэг. Ялахаараа бол бүр шууд шанагаар нь хутган авч түрийвчиндээ хийдэг. Өнөөдөр намын их хуралд нь төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн 70 орчим хувь нь залуучууд байгаа нь түрүүчийн их хурлаасаа ялгаатай байна. МАН-ын энэ залуу үеийг хүүхэд байхад У.Хүрэлсүх нарын хүмүүс сайд хийгээд л явж байсан. Нас биед хүрсэн хойноо харсан чинь сайд хэвээрээ л явж байна. Тэгэхээр чинь тэд гайхдаг юм байгаа биз дээ. Энэ талаар намын их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Хэнтий аймгийн нэг залуу, олон нийтийн сүлжээнд "Намайг найман настай байхад Нямдорж, Хүрэлсүх, Хүрэлбаатар гурав сайд л байсан. Наймдугаар ангиа төгсөхөд сайд хэвээрээ л байсан. Нас биед хүрч намын их хуралдаа төлөөлөгчөөр сонгогдоод иртэл бас л сайдаараа байж байх юм. Энэ хэдэн хүнээс өөр сайд, дарга болчих хүн манай намд байдаггүй юм уу” гэж жиргэжээ. Энэ бол МАН-ын залуу үеийнхний гайхшрал, итгэл үнэмшлээрээ элссэн намыг нь хэдэн том дарга нар "Албан тушаал, эрх мэдлээ үүрд хадгалан байх оромж” болгосныг мэдэрч байгаагийн илрэл юм. Хэнтий аймгийн энэ залуугийн үзэл бодлыг "У.Хүрэлсүх та одоо урагшаа нэг алхчих. Бид харин хоёр алхмаар байна” гэсэн хүсэлт гэж ойлгох хэрэгтэй. Үүнд нь У.Хүрэлсүх арай "Май, чи” гээд Гарьдхүүгийн Баярсайханыг цохиж унагасан шигээ зэрлэг авирлахгүй байлгүй дээ.
У.Хүрэлсүхийн улс төрийн намтарт ээдрээ, түвэгтэй олон асуултын тэмдэг бий. Тэр дотор УИХ-ын гишүүнээсээ гэнэт татгалзахдаа тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтанд "Прокурор дээр байгаа миний асуудлыг л зохицуулмаар байна” гэсэн гуйлт байдаг. Энэ гуйлтыг гэрчлэх хүмүүс бий. Хүмүүс анзаардаггүйгээс биш түүний энэ нэрээ татсан үйлдэл нь цаанаа том асуудал дагуулсан байсныг улс төрийн хүрээнд сэм ярьдаг. Намын их хурал нь болох гэж буй энэ цаг үед ил гаргах нь улс төрийн зорилготой болчих учраас энэ удаад тэвчье.
Хэнтий аймгийн залууг үнэхээр наймдугаар анги төгсөх үед "Хадгаламж” банкны 14 тэрбумыг ах нар ам булаацалдан ярьж байсан юм. Хүүхдүүд нарийн мэдэхгүй байх нь ойлгомжтой. Хожим ойлгох нь оо, тус банкны ерөнхий нягтлан бодох Чимэдцэрэн нь энэ их мөнгөөр Хү-к нарын найзуудтайгаа хамт Солонгосын казинод тоглоод алдчихсан юм билээ. Бас өчнөөн үнэтэй машин тэрэг найз нөхдөдөө бэлэглэсний дотор У.Хүрэлсүх дарга машин аваад түүнийгээ Ө.Энхтүвшин даргад өгчихсөн байдаг. Наад захын энэ үйлдлээс ах нар яаж бантагнуулж ирсэн жишээг харж болно. Онцлог нь том дарга ах нар өнөөдрийг хүртэл бүгдээрээ уснаас хуурай гарч ирсэн. Хуурай гарч чаддаг учраас одоо сайдаа хийгээд явцгааж байна.
Хэнтий аймгийн залуу, насанд хүрч наад цаадахын учрыг гадарлахтайгаа болох үедээ сонин хэвлэлийн хуудаснаас МАН-ын гишүүн Н.Номтойбаярын "Би цүнхтэй нэг тэрбум төгрөгийг У.Хүрэлсүх даргад аваачиж өгсөн” гэх ярилцлагыг уншаад ямар их мөнгө вэ хэмээн дуу алдаж, У.Хүрэлсүх дарга ийм их мөнгийг аваад сууж байдаг учраас сайдын ажлаа өгөх дургүй юм байна гэдгийг эрх биш ойлгосон байлгүй.
Ингээд мань залуу нэлээн хугацаанд намынхаа ажилд идэвхтэй оролцож, үр дүнд нь намын их хуралдаа төлөөлөгчөөр сонгогдоод иртэл нь өнөө У.Хүрэлсүх дарга нь Ерөнхий сайд болчихсон, улмаар намын дарга болно гээд сууж байхыг хараад дээрх үгсийг жиргэсэн бололтой.
Залуугийн жиргээнээс санаа авахад нээрэн яасан дуусдаггүй карьер вэ. Өөрийнхөө карьерыг намынхаа карьертаа хамт дуусгах шахдаг. Тэр жил МАХН-ын XXVI их хурал болж У.Хүрэлсүх "Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь үүрнэ” гэж хэлж байгаад МАН нэртэй болж сонгуульд ороод нам тавиулсан. Мань эр Герман руу гарч зугтаагаад гаднаас нөхцөл байдлыг харж байгаад АН-ынхан арчаагаа алдаад ирэхээр нь гитар барьчихсан намынхаа байранд давхиад ирсэн. Ингээд Шадар сайд болж өрмийг нь хамж эхэлсэн. Манай намын гишүүдийн ой санамж ч богинохон бололтой. Намынхаа нэрийг өөрчилж, хоёр хуваан түйвээж, хаалгыг нь барих шахсан хүнээ Шадар сайдаар тавьж л байдаг.
Өнөөдөр харах нь ээ, энэ ч бага хэрэг бололтой. Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. У.Хүрэлсүх бас л гэнэт давхиж ирээд Шадар сайдын ажлаа эргүүлж авлаа. УИХ дахь 65-ын бүлгийг дундуур нь хувааж, хоёр талцуулан, нэг бүлгийнх нь толгойлогчоор ажиллаж, улмаар Ерөнхий сайдын суудалд дэвшив. МАН-ын 100 жилийн түүхэнд тус намыг хоёр хувааж, шүүрэн шанага шиг болгож буй ганц л хүн заяасан нь У.Хүрэлсүх юм байна. Өнөөдөр МАН-ын байж байгаа царайг хар. Хэдэн тийшээ хараад суучихсан, хэдэн том даргатай. Тэднийгээ дагаад залуучууд нь биесээ үзэж чадахаа байчихсан. Орон нутагтаа бас хуваагдчихсан, Засаг дарга нараа огцруулаад л… МАН доторх энэхүү шившигт байдал, талцал хуваагдал, нэгнийхээ мууг өдөр шөнөгүй үзэж буй үйлдлийн эх суурийг хэн тавьсан юм бэ. У.Хүрэлсүх шүү дээ. Энэ байдал цааш үргэлжилвэл ирэх сонгуулиар нэг мөр МАН-ын амыг барих юм байна.
Ардчилсан намын алдааг У.Хүрэлсүх ололт болгожээ. Яг л АН-ынхан шиг намын дарга нь Ерөнхий сайд болдог зарчмыг У.Хүрэлсүх ярьж Ж.Эрдэнэбатыг буланд шахсан. Үр дүнд нь өнөөдөр өөрөө Ерөнхий сайд болсон . Маргааш У.Хүрэлсүх намын дарга руу зүтгэнэ. Унавал Ерөнхий сайдын сэнтийгээсээ бууна. Учир нь шинэ намын дарга Ерөнхий сайдаа авна. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж энэ.
Намынхаа нэрийг өөрчилж навс ялагдуулсан нэг ялтай. Нам нь гэхдээ түүнийг уучилсан. Ялсан намаа хоёр хувааж, Засгийн газрыг нь унагасан хоёр дахь ялтай. Одоо харин уучлах эсэхийг мэдэхгүй. Уучлах юм бол МАН сөнөх юм байгаа биз дээ.
МАН-ын гишүүн Б.Батдорж
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих