Судалгаагаар монгол хүүхдүүдийн цусан дахь хар тугалга 16 мкг/дл байгаа аж. Харин ДЭМБ-аас гаргасан судалгаагаар энэ хэмжээ таван мкг/дл байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдүүдийн цусанд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их агуулагдаж байх юм. Цусан дахь хар тугалгын хэмжээ нэмэгдсэнээр хүүхдийн сэтгэн бодох чадвар мууддаг. Энэ тооцооллоор монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэн бодох чадварт аюул нүүрлэжээ.
Цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ нэмэгдэж байгаа нь өдөр бүр хүүхдэдээ "барьж” буй хоол хүнс тэр дундаа ус, усаа хадгалж буй савтай холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн, химийн ухааны доктор, профессор С.Өнөрсайханаас лавлахад "Монгол Улсад савны аюулгүй байдал, хүнд металл болон хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахи их байгаа. 290 гаруй өрхөд судалгаа явуулахад хотод 54, хөдөөд 90-ээд хувь нь усны зориулалтын бус, хуванцар сав 3-4 ширхэгийг хэрэглэж байна. Зориулалтын бус савны найрлагад байгаа бодис нь ус, сүү зэрэг бүтээгдэхүүнд шингэдэг. Тэр хорт бодисыг бид ууж хэрэглэж байна. Цайны ханд усанд шингэдэгтэй ижил стандартын бус саванд байгаа бодис ус, сүүнд шингэнэ. Зориулалтын бус саванд хар тугалга гэхэд 39 мянга дахин их байдаг. Тухайн саванд бүтээгдэхүүн хадгалах хугацаа ихсэх тусам дээрх бодисын агууламж нэмэгддэг. Монгол хүүхдүүдийн цусанд хар тугалга 16 мкг/дл байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын тогтоосноор энэ тоо таван мкг/дл байх ёстой. Хар тугалга нь IQ буюу сэтгэн бодох чадварт нөлөөлдөг” гэж байна. Мөн усны шаардлага хангаагүй сав хэрэглэснээр өнөөдөр хордлого аваад өвдөхгүй ч бага багаар өвчилсөөр архаг хордлогод ордог аж. Цаашлаад мэдрэлийн тогтолцоог гэмтээн хүний сэтгэн бодох чадвалт нөлөөлж, бөөр, элэг зэргийг гэмтээдэг тухай мэргэжилтэн ярьж байлаа.
25 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг ч хятад сав сонгодог
Монгол Улс жилд 520 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол хэрэглэдэг аж. Харин сав, баглаа боодлын хэрэглээний 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 75 хувийг импортоор хангадаг гэнэ. Импортын савны 97 хувийг бид урд хөршөөс авдаг аж. Харин энэ салбарт үндэсний үйлдвэрийн 40 орчим аж ахуйн нэгж байдаг аж. Тэдний үйлдвэрлэсэн 25 литрийн багтаамжтай сав зах зээлд 25 мянган төгрөөөр борлуулагддаг. Гэтэл ургамлын тосны сав /шар сав/, барилгын материалын сав зэрэг ус хадгалах зориулалтгүй сав 5-10 мянган төгрөгөөр худалдаалдаг учраас хүмүүс аль хямд савыг худалдан авдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, Монголчууд усны сав авахдаа хямд үнэтэйг нь сонгож хүүхдийнхээ ирээдүй, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хордуулж байна.
Зориулалтын бус савны хэрэглээг бууруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай юу
Засгийн газар 2016 онд "Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр баталсан. Тус хөтөлбөрийг дараах гурван зорилгын хүрээнд 2017-2021 онд хэрэгжүүлэх аж. ҮҮнд:
-Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй сав, баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжсэн хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлэх
-Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах
-Сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх аж.
Түүнчлэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтаар хандивлагч байгууллагуудад уг асуудалд тулгамдаж буй хүчин зүйлийг багтаасан төслүүдийг танилцуулсан юм.
Уулзалтаар яригдаж буй шинэ санаа хөрсөндөө бууж, амьдралд хэрэгжихэд хэчнээн хугацаа зарцуулагдахыг тааварлашгүй аж. Тиймээс усны сав, аливаа зүйлийг сонгохдоо хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо тавьдаг шаардлагатай дүйцэхүйц хэмжүүр тавьж, чанартайг нь сонгож эрүүл мэнд, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалах шаардлагатай байна.
Ямар сав сонгох вэ
Хуванцар үйлдвэрлэгчдийн агентлагаас гаргасан тэмдэглэгээгээр хуванцар савнуудыг 1-7 хүртэлх тэмдэглэгээгээр ангилдаг аж. Үүний нэг, хоёр, тав гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савнууд хүнсний зориулалтын шаардлага хангадаг юм байна. Богино долгионы зууханд хүнсний бүтээгдэхүүн халаахад тавын тооны тэмдэглэгээтэй сав сонгох нь зохимжтой.
Р.Ренчиндулам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих