Чехийн шигшээ болон Английн премьер лигийн "Челси” багийн Петр Чехийг энэ цагийн дэлхийн шилдэг хаалгачдын нэг гэж зүй ёсоор үздэг. Тэрээр чөлөөт цагаараа бөмбөр тоглодог хоббитой болоод удаагүй ч Чехийн "Eddie Stoilow” альтернатив-рок хамтлагийн бүрэлдэхүүнд нэлээд хэдэн концертод оролцож амжсан аж. Тэр ч бүү хэл "Eddie Stoilow” хамтлагийн "Baby” зэрэг гурван ч дуунд бөмбөр тоглон студийн бичлэгт оролцжээ.
Тэрээр анх тархины хүнд бэртэлт аваад удаан хугацаанд хөлбөмбөгөөс хөндийрөхдөө мэргэжлийн иж бүрэн бөмбөрийн төхөөрөмж худалдан авч гэртээ байрлуулж өдөр шөнөгүй "нүддэг” хоббитой болсон гэнэ. Алдарт хаалгач юуны түрүүнд өөрийн дуртай"Нирвана” хамтлагийн "Smells as a Teen Spirit” дууны бөмбөрийн хэсгийг тоглож сурчээ. Тэгээд бөмбөр тоглож буй нэгэн видеогоо өөрийн вэб-хуудас дээр байрлуулсныг нь "Eddie Stoilow” хамтлагийнхан олж үзээд хамтран ажиллах санал тавьсан аж.
Петр Чех бөмбөр тоглох хоббитой болсон тухайгаа ярихдаа, "Би багаасаа рок хөгжимд дуртай байсан л даа. Гэхдээ бусдын адил гоцлол дуучин, соло-гитарчин бус тэдний ард бөмбөрүүдийн араас толгой нь дөнгөж цухуйдаг бөмбөрчний тоглолтыг илүүтэй сонирхдог байж билээ. Ер нь хамтлагт бөмбөрчин бусдынхаа сүүдэрт байдаг ч хөгжмийн бүх хэмнэлийг удирдан эрч хүч нэмдэг нь гоё санагддаг. Хаалгач ч ялгаагүй довтлогч оддын сүүдэрт байдаг ч хаалгаа хамгаалан урагш довтлох анхны алхмыг хийдэг чухал арын албатай шүү дээ” гэжээ.
Хөл бөмбөгийн талбайд гарахдаа барагтай бол гоол алддаггүй Петр Чех бөмбөр дээр тоглохдоо ч хэмнэл, ноот алддаггүй шаггүй сонсголтой сайн бөмбөрчин болжээ. Тэрээр Английн домогт "Queen” хамтлагийн үнэнч фэн бол тус хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлор "Челси” багийн хөгжөөн дэмжигч аж. Иймээс ч Петр Чех Рожер Тэйлортой дотно үерхдэг ба хөлбөмбөгийн тухай ярихаас гадна үе үе хамтран бөмбөр нүддэг гэнэ.
zuunii medee

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих