Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Манлай баатар хэмээн өргөмжлөгдсөн Дамдинсүрэнгийн амьдрал, тэмцлийг харуулсан "Манлай баатар” дуулалт жүжгээ нээлээ.
Жүжгийн зохиолыг Б.Цэрэннадмид бичиж, УГЗ, нэрт найруулагч Ч.Найдандорж найруулж, МУГЗ В.Боролдой хөгжмийн зохиолчоор, ХДТеатрын дарга Л.Наранхүү продюссерээр ажиллаж, гол дүрд Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар тогложээ. Мөн эсрэг талын гол дүрд Рагчаа ноёнд Дорнод аймгийн ХДТеатрын жүжигчин Н.Ганбаатар тоглосон байна.
Өчигдөр орой Улс тунхагласны баяраар анх удаа толилуулсан "Манлай баатар” жүжгийн үзэгчид сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа. Ялангуяа Дорнодод бүтэн сар гаруй хугацааг өнгөрүүлэн, энэхүү уран бүтээлийг чанар, чансаатай болгохын төлөө сэтгэл гарган ажилласан найруулагч, гол дүрийн жүжигчиддээ талархсанаа илэрхийлсэн юм. Харин Ч.Найдандорж найруулагч Дорнодын театрын залуухан дарга Л.Наранхүүгийн санаачилга, чадварлаг удирдлага байгаагүй бол энэ жүжиг амилж чадахгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.
Нээлтийн үеэр найруулагч Ч.Найдандоржийг Дорнод аймгийн Тэргүүний ажилтан, МУГЖ Ц.Төмөрбаатарыг Чойбалсан хотын тэргүүний ажилтан, ХДТеатрын Захирал, жүжгийн продюссер Л.Наранхүүг Хөлөнбуйр сумын хүндэт шагналаар шагнасан юм.
Жүжгийн нээлтэд оролцсон зочид үг хэлэхдээ эх оронч үзэл ус агаар мэт чухал болсон өнөөгийн нийгэмд цаг үеэ олсон бүтээл болж буйг онцлон дурьдсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэхүү жүжгийг тухайн бодит хүний түүх намтартай харьцуулан үзэж сонирхоход уран сайхны хэтрүүлэггүй, түүхэнд бичигдэж үлдсэн, ард түмний дунд яригддаг онцлох зүйлсийг жүжигтээ шигтгэж оруулсан байна гэсэн бол Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ жүжгийг хүүхэд багачууд, залуустаа өргөнөөр үзүүлэх хэрэгтэйг уриалсан юм.
Манлай баатрынхаа түүхэн дуулалт жүжгийг үзэж сонирхохоор Дорнод аймгийн барга ястан голлон суудаг Хөлөнбуйр, Гурванзагал сумаас олон арван зочид ирсэн бөгөөд сумдын иргэд жүжгийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих