Хурандаа Рудольф Абель
(Глинике гүүрэн дээрх : Эв Найрамдлын Тагнуулч)
1903 оны 07.11-ний манан бүрхсэн Английн Нью Касталд нэгэн хөвгүүн мэндэллээ. Бяцхан хүүгийн төрсөн Нью Касталын уугуул иргэд нь хэдий англи , шотландаар ярих хэдий ч түүний эцэг Хеинрич , ээж Любов нар нь хүүгээ өлгийдөн авахдаа чихэнд нь оросоор баярын үг шивэгнэн хөхүүн баясгалантайгаар орчлонд мэндэлсэн түүнийг орос заншилаар ерөөн баярлалдаж байлаа. Эцэг эх нь төрлөх эх орон болох Оросын улс төрийн эмх замбараагүй байдал , хувьсгалын цуст хэнээрхлийн амьдралаас зугатан Британид ирсэн нь шинэ төрсөн жаахан хүүгийн хувь заяа дэлхийн нууц үйл ажиллагааны эргэлтийг шийдэх гол эхлэл цэг болж өгсөн юм. Тэрээр ирээдүйд Хурандаа "Рудольф Абель" нэрээр дэлхийг хамарсан олон хурц үйл явдалууд , тэр дундаа Дэлхийн Хоёрдугаар Дайн , Хүйтэн Дайн , Атомын бөмбөгийн төлөөх Капиталист , Социалист хоёр лагерын дайсагналцалын оргил үеүүдэд эвийн гүүр болох хувь заяатай нэгэн юм. Ноён Хеинрич Фишер шинэ төрсөн тэрхүү хоёр дахь хүүгээ "Виллиам Аугуст Фишер" хэмээн нэрийдэж Британы иргэний бүртгэлийн газарт бүртгүүллээ. Дэлхийн тагнуулын түүхэн дэхь гайхамшигт арга ажиллагаанд энэ нь бяцхан эхлэл болох юм гэж Ноён Хеинрич Маттаус Фишер тухайн үедээ тооцоолоогүй бизээ.
Фишерийн гэр бүл Английн Нью Касталд даруухан , нөхөрсөг , сайн иргэний байдлаар соёл боловсролоо анхааран аж төрж байх үед Дэлхийн 1-р Дайны гал дүрэлзэж байлаа. Энэ дайнаар дэлхийн хожмын ирээдүйг шийдэх олон аугаа эрс дайны галан дундуур алхан бие , биенийхээ өөдөөс буу шагайн хорвоогийн хатуу ширүүнийг хангалттай мэдрэн туршлагажиж байхад манай гол баатар Виллиам Фишер аавдаа уран зохиол уншиж өгөөд баясгаж байлаа. Удахгүй тэрээр насанд хүрэхээрээ адал явдалт зохиол шиг дэлхийн хувь заяаг шийдэх тагнуулын амьдралыг туулах болно !
Адармаатай хүнд цаг үе байсан хэдий ч Ноён Хеинрич , хадагтай Любов нар хөвгүүдийнхээ боловсролд анхаарсаар ! Хөвгүүд нь ч эцэг , эхийнхээ итгэлийг алдсангүй. Виллиам төрсөн ах Хенригийн хамтаар Английн Whitley Bay болон Monkseaton ахлах сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцлээ. Хэдий тиймч Виллиам төрсөн ах Хенритэйгээ харьцуулахад тиймч сайн хичээл зүтгэлтэй нэгэн байсангүй ! Ах Хенригээсээ ялгаатай нь Виллиам аавыгаа түлхүү дууриасан гэмээр шинжлэх ухаан , математик , хэл зүй , урлагт илүү дур сонирхолтой байсан юм. Харин Хенри болон Виллиамын төстэй шинж нь тэр хоёр хоёул дуу хөгжимд маш их дуртай байжээ. Цаг хугацаа жирийсээр л Виллиам хүү ахлах сургуулиа дүүргээд Рудерфордын коллежид оройн ангиар суралцаж байтал 1917 оноос Лондонгийн Их сургуульд суралцах эрхтэй боллоо. Энэ үед Фишерийн гэр бүл Орос руу ирж очдог болсоноор удалгүй тэрээр гэр бүлийнхнийхээ хамтаар Английг орхин төрлөх эх орон луугаа буцахаар боллоо. Эцэг Хеинрич нь Болшивек болсон бол Виллиам залуучуудын Комминуст нам болох Комсомолд элсэн Москвагийн Дорно дахины Их Сургуульд суралцлаа. Оросын тогтворгүй төр засаг тогтвортой байдлаа хангахын тулд цаг тутамд үймээн , дайн , цус нэхнэ ! Залуу Виллиам бусдын адил Улаан Армид цэргийн албанд татагдлаа. Тэрээр армид нөхөрлөж бас архи ууж сурсан юм. Эцэг эхийнх нь онцгой чадвар өвлөгдсөнөөс гадна төрлөх гойд чанар нь радио холбоонд татагдан , хэлний чадвар нь ер бусынаар сайжирч аялага нь ямарч хэлэнд төрлөхийн гэмээр нэвчин сайжирч байлаа. Улаан Армийн удирдлага түүний Англи , Орос , Герман , Польш , Евреи хэлний онцгой авьяас , радио холбооны дур сонирхолыг нь харгалзан Радио Батталионд радио холбоочиноор сурган 1925-1926 оны хооронд алба хаалгалаа. Харин энэ үед түүний хувь хүний онцлог , авьяас чадвар нь Зөвлөлтийн Гадаад Тагнуулын албаныханы хараанд өртлөө. Ингээд түүний намтарыг ширхэгчилэн судлаж гарах нь тэр ! ОГПУ-ын удирдагч нь Вячаслев Менжинский бол Гадаад тагнуулын газрын дарга нь алдарт Михайл Трисслир ! Үймээнтэй цаг үеийн харгис байгууллагийн алдарт дарга нар түүнийг судлаад багахан асуудал нь түүний эцэг Хеинрич нь герман гаралтай болохыг тогтоосонч ирээдүйн үнэнч тагнуулчийг элсүүлэхээр шийдлээ. Цуст он жилүүдийн харгис дарга нараас гармааргүй чухам энэ л аз сорьсон гэмээр итгэл найдвар нь хожмоо Дэлхийн Хоёр үзэл санааны хуваагдалыг Глинике гүүрэн дээр Хорвоогийн Итгэлийг солилцох үйл явдалын гол баатар болох юм. Зөвлөлтийн Гадаад тагнуулын алба 1927 онд түүнийг элсүүлэхээр болох үед Виллиам Фишер нь Москвагийн Консерватойрийн оюутан Елена Лебедеватай хуримлаж байв. ОГПУ-ын тагнуулын албаныхантай ярилцсан ярилцлагаар түүнийг ОГПУ-ын радио холбоочиноор элсүүлэн нэрийг нь албан ёсоор солин '"Виллиам Генрихович Фишер" болгон өөрчиллөө. ОГПУ-ын Гадаад Тагнуулын Газрынхан түүний Англид төрсөнийг нь ашиглан холбогдох бүх мэдээлэлийг нь тагнуулын аргаар засварлан Британы хууль ёсны иргэний пасспортыг бий болгож Норвеги , Британи , Турк , Франц зэрэг улсуудад радио холбоочиноор ажиллууллаа. Виллиам Фишер нь удалгүй Лондон дахь УАХХ-ны суурин товчлогчийн газарт шифрчин , радистаар ажиллаж байхдаа алдарт Кембриджийн Тав болох Ким Филби , Маклин , Блант , Бержес , Кернкросс нарын тухай тагнуулын үнэ цэнэт мэдээлэлүүдийг Төвдөө дамжуулж байжээ. 1936 онд тэрээр Зөвлөлтөд буцаж ирээд '"Хууль бус Ресидент"-үүдийг радио холбоочин , нууц мэдээлэлүүдийг аюулгүй дамжуулах чиглэлээр сургах газрын тэргүүнээр томилогдон ажиллалаа. Харин түүний сургасан тагнуулчидын дунд Британид төрсөн Зөвлөлтийн алдарт тагнуулч хожмоо "17 нэрт Тагнуулч" хочоор алдарших Китти Харрис нь Виллиам Фишерийн удирдлаганд суралцаж байлаа. Удалгүй Зөвлөлтийн "Эх Орны" дайн эхлэхэд Виллиам Фишер нь Германы ар талд тагнах , хорлон сүйтгэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж , 1944 онд Вермахттай явуулсан "Вереэнна" тагнуулын тоглолтонд Германы цэргийн офицерийн дүрд чадварлаг хувиран бүр Германы Армид тушаал дэвшин гүнд нь ажиллаж байтал ирээдүйд түүнтэй адил алдарших домогт Коннон Молодыи нэгэн өдөр тагнуулын даалгавар гүйцэтгэж байгаад германы Абверт (цэрэг болон сөрөх тагнуулынхан) баригдах нь тэр ! Молодыи баргар царайлан байцаагдах камерт хүргэгдэн ирэхэд Зөвлөлтийн тагнуул Молодыиг байцаах ажилтан нь нутаг нэгт Виллиам Фишер болж таарч камерын өрөөнд бие , биенээ хараад хөгтэй гэмээр байдалд орсон гэдэг ! Виллиам Фишер хэсэг хуурмагаар байцааж байтал азаар бөмбөгдөлт болон үймэлдэхэд Молодыиг камераас гарган хөөхдөө бөгс рүү нь өшиглөөд "Дахиж баригдав" хэмээн сануулсан гэдэг ! Гайхам явдал үүгээр дуусахгүй ээ ! Виллиам Фишер амьсгаа аван Германчуудын дунд ажиллаж байтал түүнийг Германы дээд коммандлалаас итгэл даадаг , сайн ажилладаг хэмээн шагналд тодорхойлогдож байсан хөгтэй явдал ч бий !
Дэлхийн 2-р Дайн дуусч Виллиам Фишерийг Зөвлөлтийн КГБ-ын Гадаад Тагнуулын Газарт буцан ирэхэд КГБ-ын удирдлагаас түүнийг АНУ руу нэвтрэх тушаал буулгалаа. Виллиам Фишер бэлтгэл ажилаа хангаж байх яг тэр үед нь Олон Улс орнуудад эвийн тунхаг зарласан хэдий ч АНУ болон Зөвлөлтийн зөрчилдсөн үзэл сурталын бодлогууд нь дэлхийг хоёр системээр хуваан дараагийн шинэ ширүүн хурц өрсөлдөөний үйл явцыг тусгай албадын нууц дайны өрнөлөөр эхлүүлж байлаа. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Харри Трүмен арми , батлан хамгаалах , тусгай албадын нэгдсэн бүх тогтолцоог шинэчилэн хүчирхэгжүүлж 2-р дайны үед генерал Виллиам Донованы удирдлагаар Гадаад Тагнуулын чиглэлд ажиллаж байсан OSS-г илүү өргөжүүлж одоогийн CIA болон байгуулагдахыг нь зөвшөөрсөн зарлиг гаргалаа. Үүгээрч зогсохгүй FBI буюу ХМТ-ны эцэг , алдарт Эдгар Хүүвер Европ болон бүх Дэлхийг нэгжиж АНУ-ын бүх нутаг дэвсгэр , засгийн газрыг шиншлэн Америкийн жирийн иргэний дүрээр гэмгүй дүр эсгэсэн Зөвлөлтийн Тагнуулчидыг барих Сөрөх Тагнуулын нөр их ажил зохион байгуулж байлаа.
Энэ үед Иосиф Сталин , Харри Трүментэй хэлэлцээр явуулах бэлтгэл ажилдаа уридчилан бэлдэхийн тулд Зөвлөлтийн ДЯЯАКГ-ын удирдагч Берияд Атомын Бөмбөгний мэдээлэлийг олох үүрэг өгсөний улмаас Лаврентий Берия АНУ , Британи руу шилмэл гэсэн тагнуулчидаа илгээсэний нэг нь Виллиам Фишер юм. Тэрээр бүх бэлтгэл ажилаа хангаад 1948 онд АНУ-д нэвтрэн 14 жилийн турш тагнуул хийх ажилынхаа эхлэлийг Ленинградын галт тэрэгний өртөөнөөс Варшав орохоор Зөвлөлтийн иргэний пасспортоо ашигласанаар эхэллээ. Варшавт ирээд тэрээр өөрийн холбогдох бүх Зөвлөлтийн иргэний мэдээлэлээ устгаад АНУ-ын иргэний пасспортоор Чехославк , Швецарь , Парис зэрэг хотуудаар аялал хийн дамжин өнгөрчээ. Тэрээр энэ үедээ АНУ-аас иргэншил гуйн Америкийн иргэн болсон урьд Литвийн иргэн байсан Андреи Каяотишийн мэдээлэлийг тагнуулын аргаар холбогдох мэдээлэлийг боловсруулсан пасспортооp нэвтэрлээ . Андреи Каяотиш нь эрүүл мэнд нь муудсаны улмаас Литва дахь төрөл төрөгсөд дээрээ буцаж очин тэднийхээ гарт нас барсан агаад түүний хорвоо дээрх бүх мэдээлэлийг КГБ-ын Гадаад Тагнуулын бичиг баримт боловсруулах ажил эрхэлдэг тусгай хэлтэс засварлан Виллиам Фишерт өгч ашиглуулсан тэр ажээ. Виллиам Фишер нь Каяотишийн пасспортоор Францын Ле Хавре хүрч тэндээсээ Канад , Монтреалаар дамжисаар 11 сарын 17-ны өдөр АНУ-д хөл тавилаа. Тэрээр энэ үедээ Андреи Каяотиш болчихсон байсан агаад түүний нэрээр АНУ-д есөн хоног амарч аваад 11 сарын 26 ны өдөр Зөвлөлтийн өөр нэг хууль бус ресидент-тагнуулч Иосиф Ромиолдовичтой (код нэр нь Артур) уулзлаа. Ромиолдович түүнд нэг мянган доллар буюу өнөөгийн ханшаар 9000 доллар мөн тагнуулын арга техникээр боловсруулсан АНУ-ын иргэн Эмиль Роберт Голдфусын бүх бичиг баримтуудын хамт өгч Виллиам Фишерт байсан Андреи Каяотишийн бүх бичиг баримтыг хураан авчээ. Виллиам Фишер тэр үеэс эхлэн АНУ-ын иргэн Эмиль Голдфус болон амьдрах агаад төв удирдлагатайгаа харилцах код нэр нь Марк байхаар болжээ. Цаг хугацаа урссаар л АНУ-ын иргэн фото зурагчин Эмил Голдфус нэрээр амьдрах Зөвлөлтийн суурин тагнуулын удирдагч Марк маань аль хэдийн өөрийн үнэ цэнэт тагнуулын сүлжээнийхээ үндэсийг үүсгэчихсэн ажиллаж байлаа. FBI (ХМТ)-ны Эдгар Хүүвер , CIA-ын захирал нартай маргалдаж , Цөмийн зэвсэг бүтээх төслийн эрдэмтэд бүрийг "Иосиф Сталин руу хайрын захиа илгээж байгаа" хэмээн үндэслэлгүйгээр хартай авгай шиг хардаж байх хооронд мань Зөвлөлтийн тагнуулч гэмгүй Америк иргэний дүрээр Атомын бөмбөгнийх нь бүх мэдээлэлийн гүн рүү нэвтэрсээр л ...................
1949 оны 7 сард Виллиам Фишер КГБ-ийн хууль ёсны ресидент Америк дахь Зөвлөлтийн консулын газар ажилладаг генерал цолтой ил товчлогчийн газрын тэргүүнтэй уулзахад генерал түүний ажилыг сайшаахын хамт мөнгөн урамшуулал олгон Атомын зэвсгийн талаарх нууц мэдээлэлүүдийг VOLUNTEER байгууллагийн болон өөр бусад сүлжээгээр дамжуулан Зөвлөлтөд илгээхийг зөвлөжээ. Үүний үр дүнгээр Manhattan Project , Los Alamos , Lona Cohen (LESLE) , MLAD нууц хөтөлбөрүүдийн бүх мэдээлэлүүдийн үнэ цэнэтэй урсгал Зөвлөлт рүү үерлэж эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгч залуу Харри Трүмен , ЗХУ-ын жолоодогч хөгшин Иосиф Сталинтай уулзах үедээ өөрийн улсын шинэ нууц зэвсэгээрээ эелдэгээр сүрдүүлж байгаад хэлэлцээрийг амжилттай дуусгачихна хэмээн тооцоолж уулзтал хөгшин жүжигчин Сталин энэ талаар аль хэдийн мэдчихсэн зальжинаар инээвхийлэн туршлагагүй Трүменийг сөхрүүлчихнэ тэр ! Хэлэлцээр бүтэлгүйтэж ангайж уцаарласан Ерөнхийлөгч Трүмен амандаа хараал урсгасаар хэн нэгэн нууц задалж харин тэрийг манай тагнуулынхан мэдээгүй байна хэмээн Вашигтон руу уур хилэнгийн цөмийн пуужинг ХМТ , ТТГ-ын дарга нарт буулгахаар буцлаа. АНУ-н Брүүклинд гэмгүй фото зурагчины дүрээр ажиллах Зөвлөлтийн тагнуулч Виллиам Фишер ажилласаар л ......................... ..Холбооны Мөрдөх Товчооны Тусгай Ажилтануудын зарим нь түүгээр зургаа авахуулдаг болж эхэллээ. CIA буюу ТТГ-ын захиралын MK-ULTRA сэтгэл зүйн цогц нууц судалгааны талаарх мэдээлэл ,Солонгосын дайны үеийн АНУ-ын эрмэлзлэл , бодлого , төлөвлөгөөний тухай , Атомын бөмбөгний талаарх үнэ цэнэт мэдээлэлүүдийг Төвдөө илгээсээр ........................
1952 оны 10.21-ний өдөр Москвагаас Виллиам Фишерийн ажилын ачаалал хэт ихсэж , тагнуулын сүлжээ нь өргөн далайцтай болсоныг харгалзан дэд хурандаа Реино Хаяханенийг түүний ажилд туслагчаар илгээлээ. Дэд Хурандаа Реино Хаяханен нь ХМТ-ныхоны дунд олон жил оньсого таавар болсон Сүүдрийн Зоос буюу Hollow Coin-ыг санаачилсан нэгэн боловч архи хэтрүүлэн уух нь ихсэх мөн ЗХУ дахь аймшигт амьдралаа мартаж чадахгүй байх , АНУ дахь чөлөөт амьдралд толгой нь эргэн , хүүхнүүдтэй явалдан , мөнгө замбараагүй үрэх зуршил нь тагнуулын ажилд эрсдэлтэй болж эхлэж байсан тул Виллиам Фишер эхний удаа түүнд энэ бүгдээ засахыг эелдэгээр сануулжээ. 1953 он гарлаа ЗХУ-д Жолоодогч Иосиф Сталин нас барж нам дахь эрх мэдэлтнүүдийн дунд засаглалын төлөөх хайр найргүй өрсөлдөөн гарч үр дүнд нь иргэдийн амь нас үй түмээрээ үрэгдэж байлаа. Иосиф Сталины нас баралт , ЗХУ дахь үймээн нь алс холын АНУ-д байгаа Вилиам Фишер болон Реино Хаяханенд муугаар нөлөөлөх мэт мань хоёр Алдарт Сүүдрийн Зоосны нууц мөрөөрөө 13 настай сонин зардаг хүүг санамсаргүй тохиолоор оруулчих нь тэр ! Азгүй тохиолдолоор хүүгийн найзуудынх нь дунд цагдаагийн газарт ажилладаг офицер байж таарсанаар ер бусын нууцлаг зоосыг цааш ХМТ-ны Тусгай Ажилтануудад дамжууллаа. Товчооны Босс Эдгар Хүүвер хашгичсаар !
1957 онд Реино Хаяханенийг Москвад дуудсан нууц мэдээ ирлээ. Реино Хаяханен Зөвлөлт дэхь амьдралын аймшигийг мөн гадаадад удаан хугацаагаар ажиллах тагнуулын ажилтан бага зэргийн алдаа гаргавал яаж хатуу ширүүнээр гэсгээгдэдгийг хангалттай сайн мэдэх тул Зөвлөлт рүү буцахаасаа үхтлээ айжээ. Виллиам Фишер түүний Москва явах аялалд зориулж 200 доллар өгсөн нь одоогийн ханшаар 1800 орчим доллар юм. Харин Хаяханен өөрийн 5000 долларыг нэмэн Зөвлөлт рүү буцах маршрутаа зохиохдоо Франц руу дайран өнгөрөхөөр тооцоолон Парис дахь Америкийн Элчин Сайдын Яаманд ирэхдээ өөрийгөө КГБ-ын дэд хурандаа цолтой Америкт "Виктор" код нэрээр тагнуул хийж байсанаа мэдүүлсэнээр түүнийг CIA-ын ажилтанууд хамгаалалтандаа аван тээвэрлэж түүний хэлсэн мэдээлэл болгоныг нь ХМТ-нд илгээлээ. АНУ-д FBI буюу ХМТ нь Сөрөх тагнуулын үндсэн байгууллага болохын хувьд Хаяханений мэдээлэлд түшиглэн Брүүклин дэхь фото зурагчин Эмиль Голдфусыг хяналтандаа авлаа. ХМТ-ын шат дараатай нууц ажиглалт , нууц мөрдлөгүүд үргэлжилсээр Эмиль Голдфус түүнийг нь мэдрэн нам гүм орчинд гэнэ алдалгүй ажилласаар л ............................
1957 оны 4-р сар Виллиам Фишер уран зураач найзууддаа өөрийгөө долоон долоо хоногийн турш аялалаар явна хэмээн тайлбарлан Нью Иорк руу аялан тэндээ Латам зочид буудлын 839-р өрөөнд байрлан Төвдөө сүүлийн мэдээгээ дамжуулж байлаа. Сонирхолтой тохиолдолоор түүний байрласан зочид буудлын өрөөний дээд талд нь Америкийн нэгэн зохиолч ээлжит адал явдалт зохиолоо бичин тэрхүү зохиол дээр нь нэгэн Зөвлөлтийн Тагнуулын тухай үйл явдал сэтгэл татам байдлаар өрнөн зохиолын гол баатар Тагнуулч нь нэгэн буудлын 839-р өрөөнд байрлан нууц мэдээгээ дамжуулж байгаагаар бичиж байх тэр үест нь Виллиам Фишер яг тэрийг нь давтах мэт мөн л нууц мэдээгээ төвдөө дамжуулж байжээ.
Ингээд маргааш өглөөний 07:00 цагт ХМТ-ны удирдлага түүнийг баривчлах нь зүйтэй хэмээн үзсэнээр баривчлах хэсгийн ажилчид түүний буудлын өрөөнд хаалгыг нь тогшин хүч түрэмгийлэн ороод "Хурандаа та тагнуулын хэргээр баривчлагдсан" хэмээн тайлбарлаад гавлах үестээ түүний хариу үйлдлийг ажиглаж байлаа. Тэдний бодож байсанчлан тэр ер гайхсангүй харин "Та нар яагаад намайг Хурандаа гээд байгаа юм бэ ?" хэмээн үнэнхүү хэнэггүй царайлан асуужээ. ХМТ-ны ажилчид түүний өрөөнөөс 4000 доллар , микрофилм , 250 хуудас кодтой ном , тусгай бэх , үзэг , харандаа зэрэг дамжуулах хэрэгслүүдийг олсон юм.
Виллиам Фишерийг хууль бус цагаачлагчидыг саатуулах газар хэд хоног саатуулж байх явцад тэрээр өөрийнх нь нууц илэрч юунаас болж баригдсаныг сайтар дүгнэсний эцэст түүний туслах Хаяханен нь илчилсэн болохыг ойлгон байцаалтын явцад хэлэх өөрийн домгыг (тагнуулын хэллэгт баригдсан тохиолдолд өчих ! урьдчилсан боловсруулсан намтарыг домог хэмээнэ ) боловсруулж байлаа. Ингээд байцаалт эхлэхэд тэрээр өөрийгөө Америкийн төрийн нууцад нэвтэрсэн мөн тагнуул хийсэн гэх бүх зүйлсийг үгүйсгээд өөрийгөө Зөвлөлтийн иргэн Рудольф Иванович Абель (КГБ-д хамт алба хашиж байсан талийгч найзынхаа нэрээр мэдүүлэг өгсөн) Зөвлөлтийн хурандаа цолтой хэмээн мэдүүлжээ. Тэрээр үүнийг маргааш нь Америкийн Тусгай албаны ажилчид Зөвлөлтийн элчин дээр очин энэ нэрээр асуулга явагдана гэдгийг мэдэж байсан агаад тагнуулч чухам ямар нэр хэрэглэхээс хамаараад энэ нь төвийн удирдлагадаа дамжуулах давхар код болохыг харуулжээ. Тэрээр үүгээрээ " Би баригдчихлаа. Гэхдээ нууцаа алдаагүй" гэдгээ давхар харуулж буйн нотолгоо юм. Зөвлөлтийн тал Абелийг танихгүй хэмээн мэлзсээр Абель ч мөн адил Зөвлөлтийн талд тагнуул хийдэггүй гэдгээ хэлсээр л ...............
Давагдашгүй шүүх хурал ойртсоор харин Абелийг өмгөөлөх нэг ч өмгөөлөгч олдсонгүй ! Арга ядаад Албаныхан Нью Иоркийн өмгөөлөгч Жеимс Донованд хандлаа. Донован дайны цагт OSS-ын тагнуулын албанд ажиллаж байгаад дайн дуусах үед өмгөөлөгчөөр ажиллаж байтал Зөвлөлтийн тагнуулчийг өмгөөлөх санал иржээ. Тэрээр зөвшөөрөн Абелийг өмгөөлөх үүргийг хүлээн шүүхэд түүнийг төлөөлөн оролцсон боловч шүүх Абелийн талд 30 жил Атлантагийн гянданд хоригдох ял оноожээ. Атлантагийн хүнд дэглэмтэй гяндангийн нөхцөл гэж амьд хүн тэсэхийн аргагүйгээс гадна танхай , харгис , хэрцгий хоригдолуудаар дүүрнэ. Тэнд Америкийн тусгай албаныхан хүнд ширүүн , харгис хэрцгий аргуудаар Абелий сэтгэлийг нь мохоон өөрсдийн талд хамтран ажиллахыг зүйл бүрээр ятгана. Домогт Абель юу бодож байсан бол 1927 онд түүнийг элсүүлэх үеийг санасан болов уу ? Төрөл бүрээр байцаах үед нь ОГПУ-ын Менжинский , Гадаад тагнуулын газрын Трисслир нарын "Эцгийн талаасаа энэ чинь Герман юм байна ш дээ" хэмээж байсан ч элсүүлсэн тэр итгэлийг л мартаагүй болов уу даа ? Тэрээр АНУ-ын зүйл бүрийн өөрсдийн талд элсүүлэх гэсэн бүх оролдлогуудыг үл зөвшөөрсөөр 4 жил болохдоо шоронд Математикийн бодлого бодож , урлагийн онол судалж , торгон болоод уран зураг зурах эрдмийг эзэмшин авьяас чадвар , зан чанараараа шоронгийн ажилтануудын хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм.
Үргэлжлэл бий................
Амаддай Чонос
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25938
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих