-Монголын улс төр дээд төвшиндөө ялзарсан гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Хэн дуртай нь тогтоолын төсөл өргөн барьж, баахан цаг хугацаа үрсний эцэст эргүүлээд татаад авчихаж байна. Ингэж төрөөр улстөржилт хийж тоглож болохгүй. Энэ бүхний ард хуйвалдаан, луйвар л байгаа. Сүүлийн 24 жил ийм зүйлээр улс төр хийж ирсэн. Улс төр гэж үүнийг хэлдэггүй юм. Өөрсдийнхөө хийсэн хулгай, луйвар гээд бузар булай бүхнээ улс төр гэж буруу ойлгоод байх шиг байна. Улс төр гэдэг чинь нийгмийн сайн сайхны төлөө шударга ёсыг хэрэгжүүлж, байгалийн баялгаа тэгш хуваарилах, хүн бүр тэгш эрхтэй байх, ардчиллыг эрхэмлэхийг хэлдэг юм.
Сүүлийн 24 жил хийсэн хулгай, луйвраа улс төр гэж андуурч байна шүү дээ. Ерөнхийлөгч нь хүртэл Үндсэн хуулийн өөрчлөлт ярихын оронд дээл тайлна, тайлахгүй ч гэх шиг шог яриад л. Монголын төр ийм хариуцлагагүй эрх баригчидтай байгаа цагт ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтох нь аргагүй.
-"Давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг оруулж ирэхээс өмнө Үндсэн хууль ярих ёстой байсан гэж үзэж байгаа хэрэг үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих гэж байгаа бол дордуулсан долоон
өөрчлөлтийг эхлээд ярих хэрэгтэй байсан юм. Харин Үндсэн хуулийн
өөрчлөлтийг дараагийн УИХ ярих хэрэгтэй. Яагаад гэхээр энэ Засгийн
газар, УИХ-д Үндсэн хууль ярих чадвар байхгүй. Үндсэн хуульд гар хүрэх ч
эрхгүй. Хүрдэг юм бол бүр дордуулна. Нөгөө дордуулсан долоон
өөрчлөлтийг чинь долоон зуун дордуулсан өөрчлөлт болгочихно шүү дээ.
Тийм учраас Үндсэн хуульд бүрэн хэмжээний өөрчлөлт хийхийг эрс
эсэргүүцэж байна. Харин долоон өөрчлөлтийн тухайд бол хамгийн зөв
хувилбар юм.
-Хувь улстөрчийнхөө хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал, Х.Баттулгын огцрох хүсэлтийг ямар өнцгөөс харж байв?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Х.Тэмүүжин сайдтай холбоотой
мэдээллүүд гэмт хэргийн шинж чанартай байсан. Би хувьдаа Х.Тэмүүжин
сайдыг залуу хүнийхээ хувьд сайдын суудлаасаа огцорч бүр цаашлаад УИХ-ын
гишүүнээсээ татгалзах байх гэж харж байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй.
Сандал, ширээтэйгээ зууралдаж, албан тушаал ярьсан арчаагүй байдлаа
харууллаа. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдээ хууль,
шүүхийн байгууллагаар шалгуулж, ирэх сонгуульд нэр цэвэр орж ирье гэж
хэлэх болов уу гэж харж байсан юм. Түүний энэ үйлдэл нь цаашдаа Монголын
улс төр эрүүлжих болов уу гэсэн итгэл найдвар, горьдлогыг унтраасан гэж
хэлж болох юм. Харин Х.Баттулга үзэл бодолдоо үнэнч байж сайдын
суудлаасаа өөрийн хүсэлтээр буулаа. Түүний энэ үйлдэл нь улс төрд шинэ
жишиг, соёлыг нэвтрүүллээ гэж харж байна. Ардчилсан намд Үндсэн хууль
зөрчсөнөө ухамсарлаж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзах өөр
хүн байхгүй байгаа нь ичгэвтэр юм.
-Эдийн засаг хямарсан гэдгийг бүгд хэлж байна. Эрх баригчид ч хүлээн
зөвшөөрч эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн тогтоолын төслийг
баталлаа. 100 хоногийн тоолуур ч гүйгээд эхэлчихлээ. Ер нь энэ хугацаанд
эдийн засаг сэргэх болов уу. Эдийн засаг хямрахад хүргэсэн шалтгаан нь
таныхаар юу вэ?
-Нэгдүгээрт, бодлогын алдаа, хоёрдугаарт, хэнтэй ч хариуцлага
тооцохгүй байна. Хариуцлага, сахилга батгүй бол хөгжил дэвшил гэж
байдаггүй юм. Эдийн засгийг идэвхжүүлэх бодлого гаргалаа л гэнэ.
Авлигачид, хариуцлагагүй нөхдүүд байгаа цагт эдийн засаг сайжирна гэж
байхгүй. Хариуцлага, сахилгагүй хүмүүс улс орныг яаж хөгжүүлэх юм. Тийм
учраас ямар ч хөтөлбөр баталсан үр дүнгээ өгөхгүй гэсэн үг. Засгийн
газар огцорч эсвэл УИХ тарж байж дараагийн шинэ эрүүл саруул бодлоготой
шударга хүмүүс улс орныг хөгжүүлэх ёстой. Тэгэхээр эдийн засгийг 100
хоногт идэвхжүүлнэ гэдэг дэмий үлгэр ярьж улс орноо сүйрүүлэх хэрэггүй.
-УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Гэвч "Халтуурын” тодотгол
гэж олон хүн шүүмжилж байна. Дахиад ч төсвийн тодотгол оруулж ирнэ гэх
юм. Ер нь ингэж ойр ойрхон төсөвт тодотгол хийх нь ямар ач холбогдолтой
вэ?
-Төсөв гэдэг Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн бодлогыг
тодорхойлдог төрийн бодлого. Тэгэхээр гуравхан сар болоод дахиад төсөвт
тодотгол хийх гэж байна гэдэг нь ямар харалган бодлоготой байгаагийн нэг
жишээ. Нөгөө талаар би саяхан хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Орон
нутагт маш олон тендерийг асар их мөнгөөр зарлаж байна. Зуун хувь
гүйцэтгэлийн дараа төсвийн санхүүжилтийг нь хийнэ гэж байх юм. Тендер
авсан аж ахуйн нэгж байгууллага нь бүгдээрээ банкны зээл авч ажлаа
гүйцэтгэхээр болж байна шүү дээ. Зориудаар аж ахуйн нэгж,
байгууллагуудыг банкны зээлийн хүүгээр мөлжих төрийн бодлого яваад
байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын бодлогоор "төрийн бодлого”
явдаг хачин систем тогтчихжээ. Ийм л бодлоготой Засгийн газар байна шүү
дээ.
-Ам.долларын ханш 1820-д хүрчихлээ. Гэтэл төсвийн тодотголд 1384-т
барина гээд тусгачихсан байдаг. Ам.долларыг цаашид хазаарлах боломж
байгаа болов уу?
-Эдийн засгийн бодлогоо урт хугацаанд тогтвортой хийгээгүйгээс болж
ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Бондын мөнгөний зарцуулалт ил тод бус.
Экспортын хэдхэн түүхий эдээ л шүтээд байдаг. Хэдийгээр дэлхийн зах
зээлд экспортын бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурсан ч гэсэн тэндээс
төсөвт орлого орох ёстой. Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн
ногдол хувьд өгөх ашиг гэж юм байхгүй байна. Нарийн Сухайт, Тавантолгойн
ордоос төсөвт орох ёстой ашгийн олон арван тэрбум төгрөгийг цөөн хэдэн
хүн зувчуулж байна шүү дээ. Газрын тосноос ч олигтой орлого гэх юм
орохгүй байна. Үүний цаана хөрөнгө оруулагч нэртэй гадаад, дотоодын
хэдэн хүний луйвар л байгаа. Ийм байхад валютын ханш буурах ямар ч
боломж байхгүй. Валютын ханшийн бодлогоо барьж чадахгүй алдчихаар ард
түмний амьдрал өдрөөс өдөрт доройтох нь тодорхой. Цаашлаад стратегийн
ордуудаас төр ноогдол ашгаа яаралтай авахгүй бол улс орны эдийн засаг
улам хүндэрнэ.
-Засгийн газрын үйл ажиллагаанд та ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна л даа. Тэгвэл энэ бүхнээс гарах гарц нь юу юм бэ?
-Сүүлийн 24 жил ажил хийх чадваргүй худлаа хэлж, дэмий чалчдаг хэдэн нөхөр төрийн толгойд суулаа. Хэдий болтол бид ардчилал нэрийн дор энэ хэдэн алиа салбадайг төрд зүтгэж байгаа улстөрчид гэж харах юм бэ. Зүгээр л өдөр хоногийг өнгөрөөсөн, гэмт хэрэгтнүүдийг улстөрчид гэж харж болохгүй. Одоо болих цаг нь болсон. Бид хэдий болтол энэ хэдэн алиа салбадайн худал үгийг сонсох ёстой юм. Шударга үнэнийг хэлдэггүй ардчилал гэж хаана байсан юм. Энэ бүхнээс гарах гарц нь энэ худал хуурмаг хүмүүс үнэнд гүйцэгдсэнээ ойлгож, УИХ сайн дураараа тарах нь өлзийтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих