2012 онд ХХААХҮ-ийн сайдын А/126 тоот тушаалаар манай аймагт өсгөж үржүүлдэг Барга омгийн хонийг үүлдэр болгож албан ёсоор баталгаажуулсан юм байна. Үүнтэй холбогдуулан Хөлөнбуйр сумын ЗДТГ-аас өнөөдөр "Барга хонины баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Барга хонь нь жилийн дөрвөн улиралд дан бэлчээрийн маллагаанд зохицсон чийрэг бие цогцостой, мах булчингийн хөгжил сайн, бусад хониноос нэг нугалам илүү, төлөрхөг чанар сайтай байдаг. Манай аймагт барга хонины үүлдэр угсааг хадгалан үлдээх зорилгоор 1992 оныг хүртэл Барга хонины улсын үржлийн фермийг ажиллуулж байсан түүх бий. Энэхүү фермд Хөлөнбуйр сумын хонин сүргээс 1400 гаруй барга хонийг шилж сонгон үржүүлж байсан аж.
Хөлөнбуйрчүүд Барга омгийн үржлийн хуц, охин төлгийг чиглэлтэй бойжуулж 1974 оноос эхлэн Дорнод аймгийн сумдаас гадна Хэнтий, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Төв аймгийн зарим сумдад үржлийн зориулалтаар борлуулж байна. Мөн тус сумын 1 дүгээр багийн малчин Л.Балдан, Д.Батбаатар, Р.Бадамрагчаа, А.Равдан, А.Пүрэв, М.Отгонбаатар нарын Барга хонь олон удаагийн Шилмэл малын үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож алт, мөнгөн медалиар шагнагдаж байсан ажээ. Нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгахад барга хонины талаар эрдэмтэн судлаачид цөөнгүй бүтээл туурвисан бөгөөд хэсэг эрдэмтэн Барга хонины ДНК-г судлуулахаар Итали улс руу шинжилгээнд дээжийг нь явуулж байсан байна.
Өнөөдөр Хөлөнбуйр сумын Баян-Өлзийтөд Барга хонины хөшөөний нээлт, үндэсний бөхийн барилдаан, уламжлалт Түнх харваа болон шагай харваа, соёолон морины уралдаан, хүндэтгэлийн концерт зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм байна.
А.Хэрлэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих