Говь-Алтай аймагт болж өндөрлөсөн "Болор цом-35” наадамд яруу найрагч М.Отгонбаяр түрүүлж цомын эзэн болсон юм. Тэгвэл яруу найргийн наадмын хоёрын даваанд яруу найрагч М. Билигсайханы уншсан шүлгийг толилуулж байна.
Бурхнаас би зөндөө залбирч гуйлаа
Буруу зөв хоёрыг надад зааж өгсөн юмуу
Буурал болсон ижийгээсээ гуйгаа ч үгүй байхад
Буцдаг ирдэг хорвоогийн өнгийг надад таниулсан
Гандан тэгчилэн хийдэд зөндөө их мөргөсөөн
Гай гавьяа хоёрыг минь надад зааж өгсөн юмуу
Ганцхан заяасан ижийдээ мөргөөч үгүй байхад
Гал халуун сэтгэл нь намайг ариусгаж байсан юмаа
Лам гурван эрдэнээс зөндөө залбирч гуйлаа
Лай ланчиг бүхнийг чинь нимгэллээ гэж хэлсэн юмуу
Лавай сэтгэлт ижийдээ залбираа ч үгүй байхад
Хамаа бусын зүйлээс намайг аварч байсан юмаа
Төрийнхөө сүлднээс би зөндөө залбирч гуйсан
Төрсөн биеийг чинь ариусгалаа гэж надад лав хэлээгүй
Төрүүлж өсгөсөн ээжээсээ гуйгаа ч үгүй байхад
Төөрөг солгой хорвоод намайг түшиж байсан юм
Уг нь би ижийнхээ
Уран биеийг нь эвдэж
Уйлах нулимсийг нь асгаруулж
Улаан цусыг нь урсгаж төрсөн
Гэвч ижий минь намайгаа мэндлэхэд
Бурхны бэлэг гэж баярласан байна
Буян номын хишиг гэж билэгшээсэн байна
Төрийн минь сүлд өршөөлөө гэж залбирсан байна
Төрсөн үр минь гэж адисласан юм байна
Эрхэт төр,
Эрдэм ном,
Энэрэлт бурхад минь
Ижий бүхнийг өршөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих