Д.ОТГОНБАЯР
"ХЭДЭН АДУУТАЙ НОЦОЛДООД Л”
УДЭТ-аар өнгөрсөн сард орж, Соёлын тэргүүний ажилтан Ж.Пүрэвдоржоос мэнд асуухад өөдөөс "Манайхан хэдэн адуутай ноцолдоод л” гэж хариулж байсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Баатарын найруулж байгаа Оросын нэрт зохиолч Л.Толстойн туужаас сэдэвлэсэн Холстомер буюу "Адууны түүх” жүжгийн талаар ийм яриа хөөрөө болсноос хойш удалгүй УДЭТ-ынхан хэдэн адуутай хэрхэн ноцолдсоноо үзэгчдэдээ толилууллаа. Жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 24-нд болсон. Гэхдээ нээлтийн тоглолтыг эс үзлээ. Нэг л албархуу бас хэтэрхий шоу зонхилоод байх шиг санагддаг учраас тэр. Харин дараа нь арваннэгдүгээр сарын 28-нд "Соёл урлагийн ажилтны улсын хоёрдугаар зөвлөгөөн”-ий төлөөлөгчидтэй хамт үзэхээр таарсандаа олзуурхлаа. Улсын хэмжээний урлаг соёлын гал тогооныхон "Театрынхны ноцолдсон адууны түүх”-ийг яаж хүлээж авч, яаж үнэлж дүгнэж байгааг харж, сонсох гэдэг бас өдөр бүр болоод байдаг үйл явдал биш учраас сонирхолтой байсан хэрэг.
Жүжиг эхэллээ. Цагийн саалтанд нугарч, амьдралын нугачаанд сөхөрч, насны намартай золгосон эцэж ядарсан өтөл морь… Харин нөгөө талд нь зүс ижил, нас залуу сүрэг. Сүрхийн давхиж, сүрхийн далдрах идэр залуу сүрэг, өтөл хөгшин морь хоёрт зэрэгцэх адилтгах зүйл даанч нэг үгүй…
…Олон адуу ойлж цойловч
Олон тийшээ дүүлж цоролзовч
Сүргийн хууль- нэг жолоо
Сүргийн удирдлага-нэг толгой!… гэж дуулах идэр залуу сүрэгт өтөл хөгшин, шаазгай алаг зүстэй Данагар таалагдсангүй, бас түүнийг уугуул сүргийнхэн нь хэн болохыг таньсангүй. Хазаж хайрч, хөөж элдэвлэж зовооно…Угтаа бол Данагар ингэж эдэнд элдэвлүүлж явах ёстой нэгэн биш байлаа. Энэ тухайгаа "Жүчээний тэргүүн азарга Эрхэм Тэргүүн, Эзэгтэй хоёрын үр мөн. Ургийн бичиг ёсоор бол би Тэргүүн азарга. Удам судраа бодвол уугуул байр минь тэр. Харин одоо хар муу хоч минь Данагар болж” хэмээн хэлэх. Тэргүүн азарга байх ёстой Данагар ингэж сүрэгт гадуурхагдсан амьтан болсон нь ганцхан зүйлээс болсон байлаа. Тэр бусдаасаа онцгой, содон шаазгай алаг зүстэй. Бусдаасаа онцгой байна гэдэг, шаазгай алаг байна гэдэг ямар байдгийг, ямар зам туулсныг, яагаад бусдаасаа онцгойг, сүргийн хуулийг дагаагүйгээ сүрэг ч, хүн ч, хүний нийгэм ч үзэн ядаад байдаг юм бэ?… Энэ бүх асуултын хариуг шаазгай алаг зүстэй, Холстомерийн амьдралын түүх өгүүлж байна. Гэхдээ дан ганц адууны түүх, адууны амьдрал биш, хүний амьдрал зэрэгцэн нэгэн тайзнаа өрнөж, адуунууд хүмүүний амьдралыг хөндлөнгөөс харж гайширч, бүр шоглоно. Бас нэгэн тайзнаа гэнэн хонгор хүүхэд нас, идэр ирмэг залуу нас, гундаж хагдарсан өтөл нас гэдэг амьдралын гурван цаг хугацаа өөр өөрийн өнгө төрхөөрөө ээлжлэн сүлэлдэх нь сонин.
Л.ТОЛСТОЙ ГЭСЭН ТОЛГОЙТОЙ МОНГОЛ ЖҮЖИГ
"Адууны түүх” жүжгийг тайзнаа тавих санаа анх 2007 онд гарчээ. Анх санааг гаргасан нь Ардын жүжигчин Г.Мягмарнаран гэнэ. Харин найруулагч Б.Баатар бол Лев Толстойн "Адууны түүх”-ийг 30 жилийн өмнө Киевт оюутан байхдаа үзэж байсан хүн. Тайзнаа өөрийнхөөрөө найруулж тавихсан гэж хорхойссон нь арай хойно гэж өөрөө хэлж байсан. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагчаар ажиллаж байсан Н.Болдод зохиол нь байсан бөгөөд хоёр найруулагч чуулга, театр хоёрын хамтарсан бүтээл болгон тавих, гол дүр Холстомерт жүжигчин Г.Мягмарнаран тоглож тайлангаа тавих тухай яриа хөөрөө 2007 онд болжээ. Ингээд Л.Толстойн зохиолоос сэдэвлэн Марк Розовскийн бичсэн жүжгийг орчуулах ажил Н.Пүрэвдагва орчуулагч дээр бууж, мань хүн ч яг таг хийдэг зангаараа заасан цаг хугацаанд нь орчуулж бэлэн болгожээ. Гэвч жүжиг тоглох цаг үе, хөрөнгө мөнгө гээд "хувьсгалын тохироо” бүрдээгүйгээс өнөө хүртэл хойшилжээ. Харин энэ онд Б.Баатар найруулагч жүжгээ барьж авч, "Олон жилийн турш сэтгэлд минь явсан бүтээл. Одоо л олон түмэнд хүрч байна” хэмээн хэлж, 2017 он "Адууны түүх”-тэй жил болон улирч байна.
Найруулагч, орчуулагч хоёр нэг л зүйл дээр санаа нэгдсэнийг энэ жүжгээс харж болох. Тодруулбал, энэ бол зүгээр нэг орчуулгын жүжиг болсонгүй. Жүжгийн баатруудын нэр Данагар, Пүүпай, Сэрсэр, Жанжаа гэхчлэн өрнөж байгаа үйл явдлыг тодруулсан давхар санаатай сонин содон. Тухлаад үзэхийн цагт зөвхөн баатруудын нэрийг монгол болгосон төдийгүй, бүхэл агуулгаараа монгол жүжиг болсон гэдгийг харах болно. Адуу гэдэг амьтныг гаршуулж, унаж эдэлж хэрэглэсэн ахуй соёл уламжлалаараа орос, монгол хоёр тэс өөр. Эх зохиолоос нь хөөж бодвол адуутай холбоотой бүхэн, эд хэрэглэл, орос ахуйнх байх ёстой. Харин УДЭТ-ын тайзнаа амилсан "Адууны түүх” монгол ахуйг түлхүү тусгаж өгсөн. Жишээ нь, аргагүй л Монголын тал хээр дов толгод дунд, монголчуудын ярьдгаар салхинаас өөр юм хондлой дээрээ гаргаж үзээгүй монгол адуун сүрэг жүжгийн эхнээс дуустал дүүлэн дүүхэлзэнэ. Унасан газар, угаасан усны билэгдэл нь нэг жижигхэн нүцгэн дов. Бас жүжгийн бяцхан хэсэгт цөөхөн буриад үг аялга хэлэгдэх нь монгол гэдгийг бүр ч ил тодотгох ажээ. Гэхдээ тэр чигээрээ монгол гэвэл бас биш, хоёр ахуйн хэлбэрийг хослон орж ирж байна. Товчхондоо бол Л.Толстой гэсэн малгайтай монгол жүжиг болсон гэдгийг театр урлагийн шүүмж судлалд ойрхон олон хүний амнаас сонслоо.
Б.Баатар найруулагч, Н.Пүрэвдагва орчуулагч хоёрын тухайд уран бүтээлийн хувьд ганзага нийлдэг улс. Орчуулагчийн хэлснээр Карло Гольдонийн "Феодал буюу садар эрийг номхотгосон нь”-оос эхлээд энэхүү "Адууны түүх” хүртэл үргэлжилж байгаа. Энэ хооронд Н.В.Гоголийн "Амьгүй албат” найраглалаас сэдэвлэн Н.Пүрэвдагвын бичсэн "Амьгүй албат” драмын жүжиг, М.Булгаков-Сервантесийн ”Кихот ноён” гээд дандаа л сонин содон бүтээлүүд энэ хоёрын гараар орж үзэгчдэд хүрчээ.
СҮРЭГ ГЭДЭГ ДҮР
Найруулагч Б.Баатар өөрөө хэлэхдээ, Г.Товстоноговын найруулан Орос-Зөвлөлтийн нэрт жүжигчин Лебедевийн тоглосон "Холстомер” жүжигт зөвхөн адууны амьдрал гардаг. Харин бид өөрөөр хийж байгаа гээд "адуу нь хүн, хүн нь адууны байранд орчихсон сонин хэлбэртэй” гэдгийг онцолж байсан.
Зүс гундаж, нас өтөлсөн Данагар өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж дурсан "Яагаад?” гэдэг асуултын хариу хайж байгаа өгүүлэмжтэйгээр жүжиг өрнөх бөгөөд шаазгай алаг зүстэй бяцхан унага төрөнгүүтээ л зүс ижил "сайхан” сүргийн өнгийг гутаах гэсэн буруутан болон ад үзэгдэж, сүргээс захлан хөөгдөж, гадуурхагдаж эхэлнэ. Нэг талаасаа сүрэг, нөгөө талаасаа шаазгай алаг Холстомер. Сүрэг өөрийн дүрэмтэй, сүргийн хуулийг хэн ч зөрчиж болохгүй гэдэг дүрэм л сүрэгт үйлчилнэ. Сүргийн хуулиар бол сүргээс өөр зүстэй төрсөн Холстомер хэчнээн хурдтай, хүчтэй гайхамшигтай адгуус байгаад ч сүрэгт багтах учиргүй. Энэ жүжгийн олны хэсэг буюу сүрэг өөрөө бүхэлдээ нэг том дүр болж эсрэгцэж тодорч гарч ирж байна. Уламжлалт ойлголтоор авч үзвэл олны хэсэг нь гол дүрээ тодотгож өгөх үүрэгтэй байдаг бол энэ удаад Б.Баатар найруулагч түүнийг эвдэж, олны хэсэг буюу сүргийг гол дүртэй нэг талаасаа зэрэгцүүлэн /хүний амьдрал/ нөгөө талаасаа эсрэгцүүлэн гаргаж иржээ. Сүрэг ярьж байна, дуулж байна, бүжиглэж байна, морины хөдөлгөөн нь циркийн үзүүлбэр ч юм шиг үзүүлж байна. Нэг талаасаа хүн, нөгөө талаасаа морь гэдгийг харуулан дуулж, бүжиглэж, жүжиглэх нь жүжигчдээс ур чадвар, хүч хөдөлмөр шаардсан хүнд ажил гэдгийг Б.Баатар найруулагч хэлж байсан. Сүрэг гэдэг олны хэсэг ингэж өөрөө дүр болон тодорч гарч ирсэн нь энэ жүжигт шинээр хөдөлгөөний найруулагч гэдэг шинэ нэр томьёо, шинэ алба орж ирсний тайлал боллоо. Хөдөлгөөний найруулагчаар ажилласан Г.Ган-Очирт ч, олны хэсэг буюу сүрэгт жүжиглэсэн УДЭТ-ын залуу уран бүтээлчид, СУИС, "СИТИ” их сургуулийн оюутан залууст тайзны том сургууль болсон нь лавтай. Сүргийн хэмнэлийг даган суудал дээрээ өндөлзсөөр дуусгалаа хэмээн ярьж гарч ирсэн үзэгч цөөнгүй байлаа. Хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очироос гадна, Санкт-Петербургийн Театр урлагийн академийг 2014 онд төгссөн залуу найруулагч О.Итгэл, Москвагийн Театр урлагийн их сургуулийг найруулагчаар төгсч байгаа М.Батболд гээд театрын урлагийн шинэ үеийнхэн энэ жүжигт Б.Баатар найруулагчтай дөрөө харшуулан ажилласан нь бас л нэг содон учрал.
ТАЙЗНЫ УРЛАГТ ОРУУЛЖ ИРСЭН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА
Б.Баатар найруулагч "Адууны түүх” жүжгээрээ Монголын тайзны урлагийг дэлхийн жишигт дүйцүүлэн хэрхэн татах чиг хандлагыг гаргаж ирлээ гэдэг яриа хөөрөө Соёл урлагийн ажилтны улсын зөвлөгөөний үеэр мэргэжлийн зарим улсын дунд яригдаад өнгөрлөө. Тайзны урлаг тэр дундаа драмын жүжиг гэдэг зөвхөн яриа эсвэл дуулалт гэх мэт нэг төрөл хэлбэрт баригдахаа больж, урлагийн олон төрлийн зааг хослол дээрээс шинэ хэлбэр маягийн уран бүтээл төрж байгаа чиг хандлагыг "Адууны түүх” харууллаа. Яриа, бүжиг, дуу, циркийн ч гэмээр хөдөлгөөн, хөгжим, хэмнэл энэ бүхэн нэг тайзнаа цогц болж байж "Адууны түүх” амилж байна. Энэ бол манайдаа шинэ чиг хандлага, хөтлөгч урлаг руу алхаж байгаа нэг алхам байлаа. Энэ шинэ чиг хандлага руу Б.Баатар найруулагч яагаад хөтлөөд орчихов гэхээр эргээд зохиол дээрээ хүрээд ирнэ. Хорьдугаар зууны тайз дэлгэцийн найруулгын шилдгүүдийн нэг болох В.Э.Мейерхольд "Тайзны урлагийн шинэчлэл гэдэг жүжгийн зохиолоос эхэлдэг” гэж хэлсэн байдагтай уялдуулан бодвоос шинэчлэл хийх, шинэ юм гаргаж ирэх хөрс нь зохиолд байжээ гэсэн үг.
ЖҮЖИГЧДИЙН СОНГОЛТ
Сүрэгтээ гадуурхагдсан Холстомер-Данагарын дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран бүтээжээ. Чухамхүү энэхүү бүтээлээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр олон жилийн өмнөөс бодож төлөвлөж байсан Г.Мягмарнаран гуайн хувьд сэтгэл зүйн бэлтгэл хангалттай байсан гэдгээ ярьсан байсан. Өтөлж хөгширсөн Холстомер эргээд сүрэгтээ ирэхэд таньсан ганцхан адуу болох хөгшин гүү Хулангоод Ардын жүжигчин Сарантуяа, бяцхан унагахан Холстомерт залуу жүжигчин Э.Тодгэрэл, идэр залуу эрмэг хурц Холстомерт жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тогложээ.
Хөгшин Данагар, хөгшин гүү Хулангоо хоёр, үзэсгэлэн гоо идэр залуу настайгаа эсрэгцэнэ. Хулангоогийн залуу насны дүрийг бүтээсэн залуу жүжигчин М.Тогтохжаргалын омог бардам, харц дээгүүр төрх зурвас зурвас гараад өнгөрч байгаа ч гэлээ залуу нас гэдэг даравч дардайж, булавч бултайх гайхамшиг гэдгийг харуулах. Хөгшин залуугийн энэ эсрэгцэлээс "Өтлөе гэж өтлөдөггүй, өнгөт орчлонгийн жамаар өтлөдөг” тэр жам ёс, залуу нь хөгшнөө, хөгшин нь залуугаа ойлгодоггүй амьдралын сонин аяг ааш улам тодорч харагдаж байгаа юм шиг санагдсан билээ.
Дүрийн сонголтын тухайд бас тоглосон уран бүтээлчдийн тухайд онцлууштай зүйл олон байна. Тухайлбал, сүргийн эзэн Жанжаа гэж хазганасан явдалтай, хахир дуутай, дээдэст долдой, доодост ширүүн хачин хүн гарах. Энэ хачин хүний дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаярыг хэн бэ гэж асуусан үзэгч олон байлаа. Зарим үзэгчийн хувьд Б.Шинэбаярыг Ромео ч юм уу эсвэл Д.Нацагдоржийн дүрийг бүтээж байснаас нь салгаад "Адууны түүх”-ийн Жанжаа гэж буулгаж бодоход амаргүй байсан болоод тэгж асууж байсан хэрэг. Энэ нь залуу жүжигчин дүрээ хэрхэн сайн бүтээснийг харуулж байгаагийн нотолгоо байх. Нэг талаасаа ингэж танигдахгүй болтлоо өөрчлөгдөж гарч ирсэн Жанжаа-Шинэбаяр харин өөр нэг дүр болох Хадран вангийн бүсгүйг оргуулан авч одох морин уралдаанч болон гарч ирэхдээ гадаад төрх байдлаараа ч, хувцсаараа ч яагаад ч юм "Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржид тоглож байснаасаа ялгаатай харагдахгүй байсныг бас хэлэх хэрэгтэй.
Театраар ороход "хэдэн адуутай ноцолдоод л…” гэж мэндэлж байсан жүжигчин Ж.Пүрэвдорж Сэрсэр нэртэй агтчин аж. Мөнхийн согтуу агтчины дүрийг Сэрсэр гэхээс өөрөөр яаж ч оновчтой нэрлэх вэ дээ гэмээр. Бас энэ дүр эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй энэ цагийн зарим эмгэнэлийг хэлээд ч байгаа юм шиг гэсэн бодол санаанд зурсхийх.
ӨТӨЛЖ ХӨГШИРСӨН СЕРПУХОВСКИЙ-ТҮВШИНХҮҮГИЙН ТОГЛОЛТОД ХУДАЛ ЮМ АЛГА БАЙЛАА
Холстомер буюу морины амьдралтай зэрэгцэн түүний шинэ эзэн болсон Хадран ван буюу Серпуховскийн дүр, түүний амьдрал зэрэгцэн тайзнаа өрнөнө. Хадран ван-жүжигчин М.Түвшинхүү. Үнэтэй цэнэтэй бүхнийг өөрийн болгож, найр наадам зугаа цэнгэлд умбасан Хадран ван хурд хүчний гайхамшиг болсон шаазгай алаг адууг ч өөрийн болгоно. Хадран вангийн дүрийг бүтээсэн М.Түвшинхүүгийн тоглолт эхлэл хэсэгтээ уралдаан, зугаа цэнгэлд автсан баян хүнийг харуулдаг, нэг тийм хиймэл, хээнцэрлэл, хэтэрхий хэлбэрдсэн гэж өөлмөөр байсан ч, харин төгсгөлдөө тэс өөр байлаа. Хадран ван өтөлжээ. "Би олон хүнийг дайлж тэжээж тэтгэж явсан, одоо та нар намайг тэжээ л дээ” гэж хэлж байгаа өтөлж хөгширсөн Серпуховский-Түвшинхүүгийн тоглолтод худлаа юм алга байлаа.
Сонирхолтой ч юм шиг атлаа ойлгомжгүй нэг дүр энэ жүжигт байгаа нь Мандал гэдэг бүсгүй. Гавьяат жүжигчин Ж.Оюундарь энэ дүрийг бүтээжээ. Хадран ван Мандалд архи цутгаж уулгаад байгааг нь харахаар зүгээр зугаа цэнгэлийн хүүхэн ч юм шиг. Гэтэл өөр эр дагаад оргоод зугтангуут гайхамшигт хүлэг Холстомерийн шандасыг шавхан нэхэн хөөж байгааг нь харахаар дурлалт бүсгүй нь ч юм шиг. Эсвэл алган дээрээ байгаа сувдыг харалгүй асгачихдаг харалган сохор хүмүүний амьдралыг харуулах гэсэн ч юм уу, зурвасхан гарч ирээд алга болчихлоо.
АМЬДРАЛЫН ТӨГСГӨЛД АДУУ, ХҮН ХОЁРООС ЮУ ҮЛДЭХ ВЭ?
Нийгэмд үгээ, үзэл бодлоо илэрхийлэх олон арга хэлбэр бий. Салбар, мэргэжлээсээ шалтгаалаад хэн яаж илэрхийлж байгаа нь өөр. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарын хувьд, монгол хүний зүрх сэтгэлд ойр байдаг адуугаар дамжуулж хэлэх гэснээ хүргэвэл илүү эмзэг хүлээж авах юм болов уу гэж бодсон гэнэ. Тэрээр "Одоо хүн хүнийхээ тухай ярихаар хүлээж авахаа больсон цаг. Хүний эмгэнэл, хүний болохгүй байгаа юмны талаар ярихаар хүн хүлээж авахгүй байна. Тэгсэн хэрнээ монголчууд адуутай холбоотой асуудлыг эмзэг хүлээж авдаг их сонин сэтгэхүйтэй. Тиймээс адуугаар дамжуулж өнөөгийн хүний, нийгмийн болохгүй байгааг гаргаж байна. Тайзан дээрээс хүний зовлонг адуугаар дамжуулан, адуугаар элэглэн хэлж хашгирч байна” хэмээн хэлсэн билээ. "Адууны түүх” тайзан дээрээс амьдралын хатуу атлаа үнэнтэй нүүр тулгасан олон асуултаар үзэгчдийг булж байх шиг.
Хүн ч, адуу ч адилхан цагийн аяс орчлонгийн жамаар өтөлж хөгширнө, бүр үхнэ. Харин үхэхийн цагт адуунаас, хүнээс юу үлдэж байна вэ гэдгээр жүжгийн төгсгөлийг зангиджээ.
Бусдаасаа онцгой төрсөн адууг шаазгай алаг зүснээс нь болж гадуурхаж байгаа адуун сүрэг, хэн нэгнээс илүү авьяастайгаа, хэн нэгнээс илүү царай зүстэйгээ, хэн нэгнээс өөр бие галбиртайгаа гэхчлэн сэрвийсэн сэртийсэн бүхнийг цахим ертөнцийн эрх чөлөөг ашиглан дайрч давшилж байгаа хүмүүсээс юугаараа ялгаатай юм бэ?
Монголын нийгмийн шаазгай алаг нь хэн юм бэ? Адууг хайрлаж байна, адууг муухай аргаар нядалж байна, пий пай гэж шүүмжлээд байдаг хүмүүс маш олон атлаа яагаад бодохоос ч аймаар хэрэг үйлдээд байдаг юм бэ. Молор эрдэнэ гэж өргөмжлөөд адууны толгойд ташуур хүргэхийг муу ёр гэх атлаа яагаад хажуугийн хүнийхээ гавал дээр сархдын шил буулгаад байгаа юм бэ гэхчлэн асуулт эцэс төгсгөлгүй хөвөрнө. Энэ олон асуултын хариуг үзэгчдээр хайлгаж чадаж байгаа нь "Адууны түүх” хөрсөн дээрээ буусан монгол жүжиг болсоны баталгаа ч байж болох. Баяр хүргэе Баатар найруулагч аа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих