Он солигдох мөчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Тусгаар тогтнолын талбайд шинэ оноо хамтдаа угтах Аймгийн нэгдсэн шинэ жилийн баярын бэлтгэл ажлыг хангаж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний үдэш Нэгдсэн шинэ жилийн баярыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, зохион байгуулахыг ажлын хэсэг байгуулан, даалгасан.
Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд анх удаагаа олныг хамарсан шинэ жилийн баярыг гадаа талбайд зохион байгуулах учир, бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хэлж байлаа.
Тохижилт, үйлчилгээ, аюулгүй байдал хариуцсан дэд ажлын хэсэг талбайн гэрэлтүүлэг, төв сүлд мод, чимэглэл, тайз зэргийг засаж, иргэдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Талбайн төв хэсэгт 10 метр өндөр сүлд мод, тойруулан 4 метрийн өндөртэй найман жижиг гацуур засаж, урд хэсэгт нь мөсөөр тайз босгох юм.
Мөн иргэдийг дааруулахгүйн тулд халуун хоол, ундны үйлчилгээ гаргаж, дулаацуулах түүдэг галыг жишигийн дагуу хийж, талбайн дотор талаар тойруулан байрлуулахаар төлөвлөжээ.
Он солигдох мөчид талбайд албан ёсны томоохон ёслолын буудлага /салют/ хийнэ.
Харин иргэдийг аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, чанар, стандартын шаардлага хангаагүй салют, бенгалийн гал, динамит зэргийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Тохижилт, чимэглэлийг "Гэрэл сэтгэмж”, "Дорнод НАА”, "Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ууд гүйцэтгэж байна. Харин цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд аюулгүй байдалд хяналт тавин ажиллах юм.
Урлаг соёл, мэдээлэл хариуцсан дэд ажлын хэсэг баярын үзвэр үйлчилгээг олон нийтэд хүртээлтэй, шинэлэг, хүн бүрийн оролцоог хангасан хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Гэр бүл, найз нөхдийн шинэ жилийн баярын дурсамжтай, хөгжилтэй агшины гэрэл зураг, мэндчилгээг урьдчилан авч, бэлтгэн талбайн дэлгэцээр гаргах, сүлд мод, өвлийн өвгөнтэй зураг татуулах, хөгжөөнт тэмцээн, нийтийн дуу бүжиг, урлагийн үзүүлбэрүүдээс гадна 2017 онд аз, од нь гийсэн цорын ганц азтанг тодруулах зэрэг олон олон гэнэтийн бэлэг барихаар төлөвлөн бэлтгэж байна. Мэдээж та бүхэн дулаан хувцаслаж ирэхээ мартуузай.
Төсвийн мөнгийг Үндэсний их баяр наадмаас бусад баяр тэмдэглэхэд зарцуулахыг хориглосон байдаг учир Нэгдсэн шинэ жилийн баярыг аль болох бага зардлаар байгууллагуудын хандив, дэмжлэгээр зохион байгуулж байгаа ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих