Б.ЭНХТУУЛ
Нэг хэсэг сонин хэвлэл, сошиал ертөнцөөр "Цаазын ялыг сэргээе!” гэсэн үзэл бодлын давалгаа цунами адил дэгдсэн. Ардчиллаар овоглосон гурав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга олонхийн саналыг дэмжиж, цаазын ялыг сэргээх тухай саналаа ХЗДХ яаманд хүргүүлсэн. Тиймээс "Цаазын ялыг сэргээх боломжтой юу”, "Монголд цаазын ял хэрэгтэй юу?”, "Цаазын ялыг сэргээвэл гэмт хэргийн тоо үнэхээр буурах уу?” гэсэн олон асуултын хариултыг хамтдаа хайж олмоор санагдав.
ОЛОН УЛСЫН ӨМНӨ ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ЗӨРЧИХ ҮҮ?
Өнөөдөр бид XXI зуунд амьдарч байна. Улс орон бүр хүнээ хөгжүүлж, хөгжлийн шинэ шатанд хөл тавих тухай ярьж байна. Харин бид "Цаазын ялыг сэргээе” гэж хашгирснаараа хөгжил рүү алхах уу, аль эсвэл хөгжлөөс ухрах уу гэсэн эргэлзээн дунд зогсч байна. Цаазаар авах ял гэдэг бол үнэндээ эрт балар цагийн хүн сүрэгтэй холбон тайлбарладаг, амийг амиар нь сольж, өс хонзонгоо авдаг бүдүүлэг арга гэж үздэг. Тийм ч учраас соёлт хүн төрөлхтөн тэр зан заншлаа гээж чадалгүй, гэмт хэрэгтнийг гэсгээн цээрлүүлэхдээ хуулийнхаа дээд хэмжээнд "Цаазын ял” гээд тусгаад өгчихсөн гэж судлаачид үздэг. Харин дэлхийн олон улс орон XXI зуунд үүнээсээ "ичиж” байна. Орчин үед хүнээ тогоор цохиулж, хортой тариагаар тарьж, олсоор дүүжилж, буудаж егүүтгэж шийтгэх нь дэндүү харгис, хэрцгий үйлдэл юм хэмээн үзэж, "Цаазаар авах ял”-аас татгалзаад байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудын тэн хагасаас илүү хувь нь буюу 170 орон цаазаар авах ялаас татгалзаад байна. Харин манай улс цаазын ялаас татгалзаад таван жил болж байна. Тодруулбал, УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм.Ингэснээр манай улс цаазын ялаас татгалзсан 97 дахь орон болж байв.Үүнээс өмнө долоон төрлийн гэмт хэрэгт уг ялыг оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, зандалчлах, геноцид, терроризм үйлдэх зэрэг гэмт хэргүүдэд энэ ялыг оноодог байв.Өөрөөр хэлбэл, бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага насны охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдийг цаазын ялаар шийтгэдэг байв.Тийм болохоор хүмүүсийн дунд "Нийгэмд гарч буй гэмт хэргийн тоо өсч, гэмт хэрэгтнүүдийн үйлдэл улам харгис, хэрцгий болж байна. Хүмүүсийн тархинд "Хэдэн жил шоронд суугаад гарчих юм чинь” гэсэн бодол сууж, хулгай, дээрэм, хүчингийн гэмт хэргүүд улам зэрлэгшиж байна” гэсэн бодол төрөх нь бас аргагүй юм. Үүнийг хуулийн хариуцлагатай холбон тайлбарлах нь ч зүйн хэрэг. Харин 2012 онд Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактын II нэмэлт протоколд нэгдэж орсноороо бид НҮБ-ын болон бусад олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө шинээр батлан гаргах Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хална гэсэн үүрэг хүлээсэн. Тэгвэл одоо энэ гэрээгээ зөрчих үү, цуцлах уу?. Сэтгэлийн хөөрлөөр шийддэг энэ гоомой шийдвэрийг хэн гаргах вэ?
ДЭЛХИЙН 170 ОРОН ЦААЗААР АВАХ ЯЛААС ТАТГАЛЗААД БАЙНА
НҮБ-ын төв байранд болсон сэдэвчилсэн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлсэн үгэндээ "XXI зуунд цаазаар авах ял огт байж таарахгүй. Дэлхийн 170 орон цаазын ялыг хүчингүй болгож, түүнийг хэрэгжүүлэхээ больсон.Өнгөрсөн сард Африкийн Гамби болон Мадагаскар улс цаазын ялыг хүчингүй болгосон нь чухал алхам болсон.2016 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 37 хувиар буурсан байна.Өнөөдрийн байдлаар цаазаар авах ялын гүйцэтгэлийн 87 хувийг Иран, Саудын Араб, Ирак болон Пакистан эзэлж байна” гэж хэлсэн байна.Харин манай улсад цаазын ял байх эсэх талаар судлаач, хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчид олон нийт цаг ямагт сөргөлдсөн байр суурьтай байдаг.Нэг хэсэг нь хэн нэгэн санаатайгаар бусдын аминд хүрч буй нь хамгийн жигшүүрт гэмт хэрэг учраас алах ял оноох ёстой гэдэг. Харин нөгөө хэсэг нь хүний амьд явах эрхэд халдаж байна гэж үздэг. Тухайлбал, олон нийтийн зүгээс жигшүүрт хэрэг, бага насны хүүхдийн хүчирхийлэл олширч байгаа энэ цаг үед цаазын ялыг сэргээх нь зүйтэй гэж үзэж буй юм.
Салил Шетти:
ЦААЗААР АВАХ НЬ АРДЧИЛСАН ЗАРЧМААСАА УХАРЧ БУЙ ХЭРЭГ
-"Эмнести Интернэшнл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти илтгэлдээ дурьдсан байна. Мөн"Цаазаар авах ял нь хүчирхийллийг зогсоох талаар ямар нэг шийдэл санал өгөхөөс илүүтэй харин ч түүнийг бэхжүүлж байгаа хэрэг. Төрөөс хүний амийг хороож байгаа нь хүч хэрэглэх явдлыг өөгшүүлж, хүчирхийллийн мөчлөгийг үргэлжлүүлдэг.Төр хүний амийг хороож байгаа нь хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болохыг бусдад харуулж, сургаж байдаг. Цаазаар авах ял бол төрийн зүгээс шийдвэрлэж чадахгүй байгаа нийгмийн асуудлаа цэргийн аргаар түргэн шийдэх гэсэн оролдлого юм.Энэ нь ямагт хүмүүсийн хамгийн доогуур төвшний инстинкттэй холбогддог.Хэрэв аливаа засгийн газар олон нийтийн санал асуулгын дүн дээр үндэслэн цаазаар авах ялыг хэвээр хадгалж байгаа бол тэр нь өөрсдийгөө зохион байгуулалттай хядлага хийгээд линчийн шүүх зэрэгтэй ижил төвшинд тавьж байна гэсэн үг.Популист санал асуулгын өмнө парламентийн үүрэг роль суларч, төр өөрийн манлайлах, хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан байх зарчмаасаа ухарч буй хэрэг мөн.Цаазаар авах ялыг нийтийн дэмжлэгээр зөвтгөх учиргүй. Харин ч төр хүний амьд явах эрхийг энэрэнгүйгээр хүндэтгэх үлгэр жишээ үзүүлэх учиртай. Нэг гэмт хэрэгтнийг хорооно гэдэг гэмт хэргийн гаралтыг бууруулах хангалттай зүйл биш.Харин ч эсрэгээрээ, тухайн гэмт хэрэгтэнд ердийн ял шийтгэл оногдуулах нь хуулийн хүчин чадлыг бэхжүүлж, олон нийтийн дэмжлэг хүлээдэг. Ингэснээрээ тухайн төр засаг иргэний нийгмийн аюулгүй байдлыг жинхэнэ ёсоор бэхжүүлэх амар амгалан, эв зохист байдлыг бий болгож чадна” хэмээн онцолсон байна. Мөн хүний эрхийн судалгаануудаас нэгэн хохирогчийн үгийг бас бусдад дуулгамаар санагдав. Алуурчны гарт дотны хүнээ алдсан Мари Дийнс "Асуудлын гол нь хүчирхийллийг бууруулах явдал болохоос биш өөр хэн нэгнийг бас үхүүлэх явдал биш. Асуудлын гол нь хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийн уй гашууг тайлах явдал болохоос бус гэмт хэрэгтнийг цаазаар авч, ар гэрийнхнийг нь бас уй гашууд автуулах нь чухал биш.Бид хүчирхийллийн тойргийг таслах цаг болоод байна. Өшөө авалт түүнийг шийдэж чадахгүй ” хэмээн хариулсан байна.Нөгөөтэйгүүр, хууль эрхзүйн хувьд авч үзэх, нухацтай бодох хэд хэдэн шалтгаан гарч ирж буй юм.
ЦААЗЫН ЯЛ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН АМЬД ЯВАХ ЭРХИЙГ ЗӨРЧДӨГ
Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн бүр "Амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох хамгийн хүнд хэлбэрийн ял. Гэтэл цаазаар авах ял нь хүний амьдрал болон хүний эрхэм чанарыг бүр мөсөн үгүй хийдэг учраас амьд явах эрхийг үндсэн агуулгыг зөрчдөг юм байна. Уг ялыг гүйцэтгэснээр хүний амьдрал бүрэн төгсдөг учраас түүнийг дахин сэргээх ямар ч боломж байдаггүй. Энэ нь амьд явах эрхийг эцэслээд зогсохгүй Үндсэн хуулиар хамгаалагдсан бүх эрхийг устгадаг юм байна. Жишээ хэлэхэд, цаазаар авах ял хүний амьд явах болон хүний эрхэм чанартай байх эрхийг зөрчдөг гэсэн үндэслэлээр Унгарын Үндсэн хуулийн шүүхцаазаар авах ялыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж 1990 онд шийдвэрлэсэн байна. Учир нь үндсэн хуульд заасан амьд явах эрх нь бусад бүх эрхүүдийн эх сурвалж юм. Энэ эрхүүдийг үгүй хийхэд бусад эрхүүд байхгүй болдог” гэж үзсэн байна.Манай улсад ч бас утга нэг юм.
ГЭМ БУРУУГҮЙ ХҮНИЙГ ЦААЗЛАХ ЭРСДЭЛТЭЙ
Цаазаар авах ялыг судалсан судалгааны багийн тооцоолсноор "Монголд цаазаар авах ял ногдуулах үед шүүхээс гаргах алдаа барагцаалбал 30 гаруй хувьтай байх магадлалтай байна. Тухайлбал, 2000 онд шүүх нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар гурвыг нь өөрчилж, хоёрыг нь хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд шүүхээс цаазын ял оногдуулсан тогтоолын 40 шахам хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаруй хувь нь хүчингүй болсон байх бөгөөд энэ нь гэм буруугүй хүний хилсээр цаазлах гэж байсан гэсэн үг юм. Гэмт буруугүй хүнд оногдуулсан цаазын ялыг бид засах боломжгүй. Цаазаар авах ялын хамгийн ноцтой тал энд оршдог.
ЦААЗААР АВАХ ЯЛ ОНЦ, ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛДАГГҮЙ
Эцэст нь дүгнэж хэлэхэд, олон хуульч, судлаач, олон улсын хүний эрхийн байгууллагууд цаазын ялыг гэмт хэрэгтнийг шийтгэх оновчтой арга гэж үздэггүй юм байна. Дээрээс нь төр гэмт хэрэгтнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болгож үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхэм чанарыг нь үгүй хийж болохгүй. Нөгөө талаас, онц хүнд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод цаазаар авах ял бусад төрлийн ялаас илүү үр нөлөөтэй үйлчилдэг болох нь одоог хүртэл судалгаагаар нотлогдоогүй зүйл гэдгийг олон хүн судалгаа, тайландаа дурьдсан байдаг юм байна. Нэгэн судалгааг товчхон дурдъя. Цаазаар авах ял болон хүнийг санаатай алах гэмт хэрэг хоёр хоорондын харилцан хамааралд анализ хийсэн судалгааг НҮБ-д зориулан 1988 онд хийж, 2002 онд шинэчилсэн байна. "Цаазаар авах ял бол бүх насаар нь хорих гэсэн илүү хөнгөн ялаас илүү хүн амины гэмт хэргийн гаралтыг багасгана гэсэн таамгийг хүлээн зөвшөөрөх нь хэтэрхий гэнэн явдал болно” гэсэн дүгнэлтэд энэ судалгаа хүрчээ.Цаазаар авах ялыг халсан улсууд дахь гэмт хэргийн гаралтын статистик нь уг ялыг халснаар сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгийг нотлон харуулж байна. Жишээ нь, Канад улсад хүнийг санаатай алах гэмт хэрэгт оногдуулдаг байсан цаазаар авах ялыг 1976 онд халсан бөгөөд үүнээс хойш хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо тогтмол буурсан байна. Цаазаар авах ялыг халахын өмнөх жил буюу 1975 онд 100 мянган хүнд ногдох хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо 3.09 байсан бол 1980 онд 2.41 болж буурчээ. Цаазаар авах ялыг халснаас хойш 30 жилийн дараа буюу 2006 онд 100 мянган хүнд ногдох хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо 1.85 байсан бөгөөд 1975 оныхтой харьцуулахад уг гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан байна. Мөн Энэтхэг улс 2004-2011 онуудад цаазаар авах ял гүйцэтгээгүй бөгөөд энэ хугацаанд буюу өнгөрсөн 10 жилд хүн амины гэмт хэрэг 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эндээс цаазаар авах ял болон хүнийг санаатай алах гэмт хэргийн гаралт хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэж болохоор байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26282
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих