-Өөрийнхөө тухай-
...Миний хүүхэд нас цэргийн цувааны тоосон дор,
дайчин эрсийн амьдрал дунд өнгөрсөн гэж болно. Учир нь, Халхын голын
байлдаан миний найман настай байхад таарсан болохоор тэр үеийн үйл явдал
тодхон санагддаг юм. Үеийнхээ хүүхдүүдтэй Халхын голруу яваа цэрэг,
техникийн цувааг амдан хонь хургаа хариулж, их цувааг бахдан харж
зогсдогсон. Заримдаа их цуваа үдэлж, түр буудаллаж, хооллох тохиолдол ч
байлаа. Эд нар шиг цэрэг хувцастай баатар болохсон гэж тэднийг дуурайн
"ЗИС-5" машины паар толгойдоо углаад сонин алхаа гишгээтэй нь адилхан
явж тоглоно. Төмөр замын өртөөн дээр очиж галт тэрэг сонирхдог сон. Их
сонин дуутай, хар утаа хаялаад сүртэй явна. Хүүхэд л юм болсон хойно тэр
вагоныг хараад хөөрцөглөцгөөнө.
Зургаан жилийн дараа дэлхийн 2-р дайны ялгуулсан төгсгөл чөлөөлөх дайн болоход нөгөө их цуваа зэвсэг техник, Баянтүмэн хотыг (одоогийн Чойбалсан хот) дайрч өнгөрсөн.Тэгэхэд би сургуульд орсон, 14 настай хүү байсан. Тэр их цуваа Долнуур, Жэ-Хэ хүрч ялалт байгуулаад 1945 оны 10, 11-р сард буцаж ирсэн. Баянтүмэн хотынхон жагсаж угтаж авсан юм. Ногоон гүүрээр гараад цувааны эхэн орж ирэхэд 20-иод км-ийн зайтай Хан-Уулын зүүнтэйгүүр давж байгаа нь урт хар зураас шиг л харагдаж байсан. Сүүл нь гарч ирээгүй байгаа хэрэг л дээ. Нэг эгнээгээр биш, 5-6 эгнээгээр жагсаад орж ирсэн юм. Цэрэг дайчдын харлаж, борлосон нүүр царай, онгож гандсан хувцас хэрэглэл, буу сэлэм, зэвсэг техник, бүгд сонин.
Манай хот чинь 1939 оны Халхын голын байлдаанаас хойш дайны байдалтай цэргийн томоохон хот байлаа. Байшин барилгыг енгөлөн далдлалт хийж, хараар цоохорлон будсан нь хожим болтол тэр хэвээрээ байсан. Энэ бол захын нэг жишээ. Галын цэг, нуувч, оков, траншейн, хотыг тойрсон танкийн саад одоо ч бүрэн эдгэрээгүй байгаа. Энэ бүхнээс үүдээд зураг зурахдаа энэ бүгдийг л зурна. Зургийн бүлгэмд Шагдарын Гонгор багш хичээл заадагсан. Хожим музейн захирал хийж байгаад бурхан болсон. Үүнээс өмнө дөө, Чойбалсан сумын бага сургуульд байхдаа зураг плакат үзэх гэж "...чих өвдөөд" гэж чөлөө аваад эмнэлэг явдаг байсан. Чих өвдөөгүй шүү дээ... Сумын эмнэлгиин хананд тойруулж гоё плакат зургууд олноор хадсан байдаг байв.
Эмнэлэг зайтай сумаас баруун урагш хол ч түүнийг зорьж очиж, шимтэн үздэг байлаа. Зөвлөлтийн дайчдаас өгсөн "Ленинградын хамгаалалт" гэдэг зураг олж ирсэнсэн. Түүндээ их хайртай. Харж зурна. тэр чинь их багш шүү дээ, энэ мэт их зурнаа. Хожим нь намайг 4-р анги төгсгөсөн багш Ж.Доржпалам маань "манай Ч.Батмөнх сургуульд байхдаа онгоц, машин их зурдаг, дандаа л онц авна" гэж манай дарга Б.Гомбосүрэн (Дорнод аймгийн Дүрслэх урлагийн салбарын анхны дарга, Ч.Батмөнх гуайн анхны зураач багш нь) багшид ярьж байж билээ. Энэ үеэс энэ мэргэжил болон сэдэв дээр баттай зогссон юм.
Хүүхэд байхаасаа дайн тулалдааны түгшүүрт он жилүүд, цэрэг техникийн цуваа нүргэлсэн орчин ахуй, дайнд оролцогсдын яриа дурсамж дунд өсч торнисон, 16-хан наснаасаа дүрслэх урлагт хөл тавьсандаа ихл бахархаж явдагдаа. 1955 оноос Урлагийн дунд сургуульд орж жинхэнэ мэргэжлийн " ном сонсож байхдаа энэ судалбаруудыг хийж, тэмдэглэж цуглуулж эхэлсэн. 1959 онд 70x120 хэмжээтэй анхны уран бүтээлүүдийн нэг "Л.Дандар дайралтанд" гэсэн тосон будгийн зураг зурахад харж үзэж байсан дурсамж, хийж эхэлсэн энэ судалбар, уншиж сонсож байсан хууч яриа, ямар их хэрэг болсон юм бэ, тэр бүтээлд танк, хуягт их буу, онгоц, машин ороогүй шүү дээ. Тэгэхээр л энэ судалгаагаа бүр сайн гүйцэлдүүлэх ёстой юм байна их ч хэрэг болох юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
Их ч нухацтай тэмдэглэх шунал, сонирхол төрсөн деө. Түүх ч үнэн зөвөөрөө үлдэх, тэгж ч үлдээх ёстой юм гэдгийг ойлгосон юм. Дайн тулалдаан болсон газар оронд очиж үзэх, зурж тэмдэглэхсэн гэж дурсамж яриа сонсож бичиж, байхад төрдөгсөн. 1963 онд УБДС-ийн уран зургийн ангид сурч байхад чөлеөлөх дайнд оролцож явсан цэргийн хүн зураач Б.Равсал гуай дайны үеийн дурсамжаа сав л хийвэл ярина. Их сонирхолтой, манай ангийнхан "нөгөө л цэрэг байлдаанаа ярилаа" гэцгээдэгсэн. Ийм яриа дурсамж их нөлөө үзүүлсэн дээ, 1967 оноос дээд сургууль төгсөөд БНМАУ -ын баатар Л.Дандар. Нянтайсүрэн, Чойн. Дугаржав, Б.Төмөрбаатар, ГУУЛИН Чогдон, залуу жанжин Ж.Лхагвасүрэн нартай очиж үзэж зурахыг мөрөөддөг байсан Халхын голын хязгаартаа очиж "бах таваа ханган" гэдэгчлэн энэ ажил маань бүрэн утгаараа биелж эхэлсэн.
Халхын голын эхний байлдаан болсон газар Номун хан Бүрдэн овоо, Баянцагаан, Хайлаастын гол, Хайлааст манхан, Их элсний район, Хулд, Халзан мана уулс, Ремизовын өндөрлөгүүд гээд алдарт тулаан болсон газрууд, тохой жалга, гуу, оков, траншейн... гээд яваагүй газар үгүй гэж хэлж болно доо. Нэг очоод хийсэн судалбар, үзэж харсан зүйл юу ч болохгүй, олон олон удаа очиж ажилласандаа. Цэргийн машинаар, онгоцоор их олон явсан. Дайн болсон ул мөр дундуур хичнээн км явганаар явсныг хэмжиж хэлэхийн аргагүй. Тэр ч байтугай дугуйгаар Улаанбаатараас гараад 4500 км зүүн дөрвөн аймаг, тэртэй тэргүй, цэргийн түүхтэй холбоотой гэхэд Дорноговь бол чөлөөлөх дайны цуваа хил давсан гол газар гэж үгүй. Баруун хязгаарын тулгаралт болсон аймгуудад ч олон сар өдрөөр явж байлаа.
Ингэж явахад осол аваарт ч орох явдал тохиолдож байсан, нэг удаа 1972 оны 09 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Бодончийн хавцалд "АН -2" онгоц хэцүү аймшигт хад асган дунд ослын буулт хийж байлаа. Хавцал дунд агаарын даралтанд ороод давж чадахгүй доошилж явахдаа зорчигчдоо сандраахгүйн тулд нисгэгчид тамхи татаж, бие биерүүгээ харж инээлдэж, юу ч болоогүй юм шиг сэтгэгдэл төрүүлсээр хад чулууг элгээрээ цохисоор буусан. Баатарлаг нисгэгчид байсан даа. Нэг нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул Дамдинсүрэн гэдэг нисгэгч. Дараа нь бид эргээд хад чулуунуудыг очиж үзэхэд өргөн багсаар мөнгөн боронзоор будсан юм шиг л байсан, бүр сүүлдээ Ховд аймагт авто машин маань хөмөрч, аймшигт осолд орж билээ. Ийнхүү хүнд хэцүү зам туулан энэ бүх судалгаагаа хийж явсан даа.
Газар нутаг дээр нь этюд судалбар, набросок, таталбар хийж уйгагүй удаан зурж байхад наршиж ядран, даарч хөрөх юу эсийг үзэхэв дээ. Буу зэвсэг, техник дээр байгаа орос, япон бичиг үсгийг нь хүртэл яг тэмдэглэж авах хэрэг гарна. Тэгж суухад хичнээн гоё, ядрахаа мэдэхгүй зурна шүү дээ. Ингэж явахад дайнд оролцсон ахмад дайчид ихэнх нь амьд сэрүүн, үзсэн дуулсанаа тодхон ярьдаг ид үе дээрээ байсан. Буурал Балдан, хурандаа Цэдэн-Иш гээд тоймгүй олон хүнтэй уулзаж, хууч яриаг нь сонсож тэмдэглэж явлаа. Халх голоор ингэж явахдаа "Цэрэг эрсийн эндсэн газар", "Тамсагийн цэнхэр хязгаар", "11-р танкийн бригадын ялалт", "17-р хорооны ялалт", "Ремизовын өндөрлөгт" гээд хайртай дуртай олон уран бүтээлээ туурвисан даа. Судалгаа баримт сайтай, оролцсон хүнийх нь гэрч баримттай болохоор, дээр нь үнэхээр сэтгэл зүрхээ шингээж уран чадвараа шавхан хийсэн сайхан зургууд маань төрөн гарч байв.
Хөдөө гадаа явж ирээд судалбар тэмдэглэлүүдээ баталгаажуулж асууж, сураглаж, орчуулж, унших зүйл их гарна. Цэргийн түүхийн ном судар, монгол зөвлөлтийн нэрт жанжингуудын дурсамж тэмдэглэл, дайнд оролцогсдын дурдатгал уншиж судлах ажил үргэлж л хийгдэнэ. Уран бүтээлийнхээ эх загварыг судалбар таталбар хийж байхдаа зэрэгцэн шөнө дөл болтол сууна. Ингэж байхад нэг л жаргалтай, шимтэн шуналтайяа хийж байгаа зүйлийнхээ ард нь гарахын төлөө ажиллах сайхан. Архивын материал, түүний дундаас өөрийн судалгаанд хэрэгтэй зүйлийг гэрэл зураг шиг л хуулж зурна. Юм орхигдож үлдэх вий гэж, хожим харамсмаар зүйл гарчих вий гэж их л болгоомжилно. Тэгж тэмдэглэж авсан зүйл бүтээл дээр ажиллах үед тун ч их тус болдог.
Халх голын манханаас олдсон олдвор их цуглуулна. Сум, хонгио тэмдэг юу эс барагдах вэ тэр ч байтугай ширхэг чулууг ч түүхийн гэрч хэмээн авч явна. Байтаг богдоос хэдэн чулуу аваад ирсэн чинь хань Я.Дархиа минь санаа зовсон байдалтай "уул овооны чулуу хамаагүй хөдөлгөж, хол газар төөрүүлж авчрах хэрэггүй юм биш үү дээ" гэж болгоомжлон хэлсэн үгнээс улбаалж биетээр нь авчрахгүй зураад ирдэг болж билээ. Судалгааны маань зургуудыг бүртгэж, тоолж, хамгаалж, арчилж, бичиж тэмдэглэж дутуу хөтүүг нь гүйцээлгэж байсан ханийхаа зүтгэлийг тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй.
Юманд шимтэн суучихад санаа зовоод үргэлж л халамжилж явсан даа. Энэ судалгааны ажилд ялангуяа дайсны талын зэвсэг техник. хувцас форм, бичиг үсэг бүгдийнх нь учир жанцанг олох их ажил ундардагсан. Япон цэргийн хурандаа явсан манай МУИС-ийн япон судлалын багш саяхан Монгол улсын гавьяат багш болоод бурхан болсон Я.Шаарийбуу гуайтай их эрт танилцаж, их зүйл сонсож, орчуулуулж зөвлөгөө авсан даа. Уг хүн цэргийн том тушаалтан явсан болохоор японы талын нэвтэрхий толь л гэсэн үг. ШУА -ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайтай их уулзаж ярилцана аа. Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нам төрийн удирдагчдын нэг дайны жилүүдийн намын төв хороо, засгийн газрын үйл ажиллагаа, маршал,жанжингуудын үйл явдлыг нэг бүрчилэн мэдэх тул цаглашгүй их мэдээ дурсамж ярьдагсан.
Хилчин МУ-ын баатар Жамбаа гуайтай их дотно явлаа. Их ч ярьж суудаг байлаа. Миний уран бүтээлийн үзэсгэлэнгийн ажиллагаанд оролцоод сэтгэл хоргодон хоргодон, хүүхдүүд нь яаруулан яаруулан авч явсансан. Тэр л сүүлчийн уулзалт байжээ. Оросын олон зураач, ахмад дайчидтай дотно байж, энэ судалгаануудаа хэрэгтэй баримт сэлтээр баяжуулдаг байв. ЗСБНХОУ-ын гавьяат зураач Волгоград хотын хүндээ. Тэр хүний набровск яриа дурсамж санаанаас ер гардаггүй юм. Москва, Кизил хотуудаар, 1967 онд Герман, Польшоор явж байхад ч энэ судалгаа судалбар минь баяжиж байлаа. Нэг жишээ гэхэд л Польшийн нутагт манай монгол морины эзэн орос дайчин баатарлагаар амь үрэгдэхэд Зөвлөлтийн морин цэргийн дарга нутгийн нэг польш тариачинд морийг нь хүлээлгэж өгөөд цааш явсан юм билээ. Тэгэхэд тариачин эр морио хашаанаас гаргахад нь орос эзнийхээ шарил дээр очиж үнэрлэж, тойрч тэр хавьд нь эргэлдэж байгаад ирдэг байсан гэдэг.
Энэ бодит дурсамжаас сэдэвлэн "Босоод ирээсэй" зургаа зурж билээ. Энэ судалгааныхаа нэг хэсэг "Т.34" танкны судалгааны үндсэн дээр Бранденбург хаалганы дэргэд хийсэн набросок таталбартаа түшиглэн "Хувьсгалт Монгол танкийн бригад Берлинд" зургаа зурсан. Танкны нэг дугуй араа шүд хүртэл яг л хийсэн байх хэрэгтэй байдаг. Энэ бол бүтээл туурвилын нэгээхэнхэсэг шүүдээ. Эдгээр бол нэг л бие даасан зураг. Бүр том дэлгэц зургандбол асар их нэмэр гол баримт материал болсон .УБДС -ийн оюутан байхдаа ангийнхаа Б.Равсал, Л.Дамба нартай том дэлгэц (диорамм) зураг хийхээр санаанийлж анхны эх загвараа янз бүрээр хийж, 1939 оны Халхын голын байлдааны тухай хийхээр болсон. Сургуулиа төгсөж, 1967 оны намар анхны дэлгэц зургийг үзэсгэлэнд тавьсан. Үзэгчид тухайн үед их сонирхон өндөр үнэлэлт авсны дээр уул ажлаа улам баяжуулан үргэлжлүүлсээр 1971 ондхувьсгалын музейд 19х 4.5 м хэмжээгээр гүйцэтгэсэн.
Энэ нь тус музейн гол үзмэр болж чадсанаар барахгүй МУЭ-ийн дөрөвдүгээр их хурлын тайлан илтгэлд "Б.Равсал, Ч.Батмөнх, Л.Дамба нарын энэхүү дэлгэц зураг нь манай дүрслэх урлагийн түүхэнд шинэ төрөл бий болгож өглөө" гэж ендреөр үнэлж байсан. Үүндээ бид улам зоригжин урамшиж, хот хөдөөд 10 шахам диораммыг бүтээсэн. 1967 онд Офицеруудын ордон, 1971 онд Хувьсгалын музейд, 1973 онд Хэнтий аймагт, 1979 онд Ховд аймагт, 1982 онд Зүүнбаянгийн цэргийн ангид, 1983 онд НАХЯ, Хилийн цэргийн музейд, 1984 онд Дорнод аймгийн Халх гол сумын Халхын голын ялалтын музейд тус тус хийсэн. Цаашид шинээр байгуулагдаж байсан Монгол цэргийн музейд 115x15 м-ийн харьцаатай бүхэл бүрэн фанорам (эргэн тойрон 180 хэм эргэсэн) судалгааныхаа ажилдаа орж ЗХУ-д будаг материал, зүйдэл оёдолгүй, холст даавуугаа захиалан хийлгэж авчирсан юм.ЗХУ-д хоёрч удаа явж, Грековын цэргийн дүрслэх урлагийн студи, Бородины фонарам музейд туршлага судалж, 400 гаруй судалбар хийсэн ажлынхаа үр дүнг үзэгч олондоо харуулах сайхан ажил өрнөж байтал зах зээлийн шилжилт, хөрөнгө мөнгөний саатал, унхиагүй дарга нарын урагшгүй ажиллагаанаас болж фонарамын ажил зогссонд сэтгэл минь их л гонсгор явдаг даа.
Гэвч сонгосон сэдвээсээ хазайхгүй, бидний эрх жаргалант амьдралын төлөө алтан амиа зориулсан чин зоригт өвгөд дээдсээ мартахгүй ээ. Энэ бүх ажил минь ирээдүйд үр ашгаа өгч, ач холбогдлоо алдахгүй, харин ч биднээс холдон байгаа түүхийн гэрч баримт болон хойч үеийнхэнд минь ач тусаа өгнө гэдэгт итгэл, сэтгэл дүүрэн байна. Дэлхийн болон монголын түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Халх голын байлдаан,Чөлөөлөх дайн баруун хязгаарын тулгаралтын тухай дүрслэх урлагийн бүтээл туурвиж буй болон бүтээх зураач барималч уран бүтээлчдэд, тайз дэпгэцийн урлагийн зураач, зураглаач, дүрс техникийн ажилтан ажилчдад, цэргийн түүх, эрдэм шинжилгээний судлалын эрдэмтэн мэргэд судлаач оюутан сурагчдад зэвсэгт хүчний анги салбарын офицер, цэрэг дайчдад гарын авлага болоосой, хойч үеийнхэнд маань сар жилээр он цагаар бүдгэрэн буй түүхэн үйл явдлыг үнэн бодитой ойлгож, үзэж харахад багахан ч гэсэн хувь нэмэр болон үлдээсэй гэсэн сэтгэлийн үүднээс олон арван судалгаа, уран бүтээл хийсэн юм.
Түүх саруул тунгалаг, үнэн зөв, гэгээн бодитой үлдэх болтугай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих