Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бөгөөд Халх Нөмрөгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг билээ.
Хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилготойгоор 1992 онд Нөмрөгийн дархан цаазат гэзэр нэртэйгээр улсын тусгай хамгаалалтанд авсан.
Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Дэгээ, Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах бага талбайтай ч байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой нутаг билээ.
Монгол орны байгалийн 3 их мужийн нэг болох Хянганы уулархаг их мужаар дархан цаазат газрын хилийг тогтоосон байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь 1504 метр өндөр Соёлз уул юм.
Нөмрөгийн сав газарт далайн төвшнөөс дээш 1000 метр өндөр дэнж маягийн тал газар олон бий. Нөмрөг, Бүр, Галдастай голууд нийлж Гурван голын бэлчир хэмээгдэх үзэсгэлэнт газрыг бий болгодог.
Хянганы уулсад уулын хар шороон хөрс зонхилж, ар хажуугаар нь ойн бараан, уулын нугын хөрс бага зэрэг тааралдана. Голын хөндийнүүдэд нугын хар шороон, голын хагшаа хурдаст намгархаг хөрс тогтворжсон байна.
Уур амьсгалын хувьд чийглэгдүү сэрүүн зун, хахирдуу өвлийн уур амьсгалтай.
Нөмрөгийн дархан цаазат газарт Монгол орны өөр хаана ч байхгүй Хар мөрний хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирэх тохиолдол байна. Бусад амьтны хувьд Хар мөрний цагираг могой, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтан хэвлээр явагчид байдаг.
Монгол орны өөр хаана ч байхгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан байна.
Нөмрөг, Халх голын сав нутгаар Алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, Амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, 6 зүйлийн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүс нутагт өндөглөн зусдаг байна.
Гурван голын бэлчирт улаан далбаат, морин загас, үлгэр загас, булуу цагаан, мөнгөлөг хэлтэг, амар мөрний цурхай, цулбуурт, тул зэрэг 34 зүйлийн загас байдаг.
Энэ бүс нутагт 70 зүйлийн 487 зүйл ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй гэгдэх Валерийн тарна, мөн Төв Азийн унаган 10 зүйлийн ургамал байдаг. Цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд мөн тааралдана.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26434
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих