Хувхай гай, тэнэг мал, өөдгүй хижиг, ухаан муутай амьтан, хүүр ээ чи, арчаагүй хог, новш минь чи, цусаар тээглэ, далд ор, зайл...Амнаас унах нь битгий хэл уншихад ч арзасхийн хүйт даасан ийм үгээр үр хүүхдүүдээ загнан "хараадаг” эцэг эх байх.
Хүн алдая гэж алддаггүйтэй ижил хэлэе гэж хэлдэггүй эдгээр "доромж” үгс бол үр хүүхэд хүмүүжүүлэх, засаж чиглүүлэх эсвэл хашраан гэмшээх арга ухаан, үрээ гэсэн эцэг эхийн сэтгэл огтхон ч биш юм. Хараал л бол хараал. "Үг” өрөө амьтай, шидтэй. Уур уцаартаа дийлдсэн эцэг эхчүүд үр хүүхдээ ингэж харааж, зүхэж, дээрээс нь нэмээд зодож занчиж үүнийгээ үр хүүхдээ сургаж, хүмүүжүүлж байна, энэ үгэнд ордоггүй, буруу юм хийгээд байна, зөрүүдэллээ...зэргээр тайлбарладаг. УГ ЧАНАРТАА ҮГЭЭР АЛААД байгаагаа мэддэггүй. ХҮҮХЭД БОЛ ХҮҮХЭД. Тэдний нүд томчуудынхаас хэд дахин хурц, ухаан нь хэдэн зуу дахин тунгалаг, бие сэтгэл нь хэдэн мянгаар ариун учраас эцэг эхээс УУР УЦААР бус УХААН л шаарддаг. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн зан ааш, онцлог авир, ертөнцтэй учраас тэр бүхнийг нь олж таниагүй, түүнд нь хүрч чадаагүй хүмүүсийн хүүхэд л үгийг нь эс тоодог. Өөрийг нь хамгийн сайн ойлгодог, сонсдог хүндээ хүүхэд сайн хандаж, үгийг нь шууд хүлээж авдаг шүү дээ. Товчхондоо бол тэднийг өсгөх тийм хүнд ажил биш юм. Ер нь бол хараал зүхэл урсгах нь үр хүүхдээ өсгөх ухаанаа олоогүй хүмүүсийн "золбин” явдал. Бидний өвөг дээдэс ерөөхийг өвлүүлсэнээс биш хараахыг заагаагүй аж. Тэд билигийн хэлээр ярьж, биеийн хэлээр ойлгуулдаг байжээ. Загнах бус зэмлэдэг, зэмлэхдээ ерөөдөг, тулган шаарддаг бус үзүүлдэг, харуулдаг үлгэр жишээ байсан учраас үр хүүхэд нь үг дуугүй дагадаг, эцэг эхээ ч хүнтэтгэн дээдлэх үзлийг олж авдаг байжээ. Хүүхэд "ҮЙЛДЛЭЭС” амархан суралцдаг. Томчуудын цаг хором тутмын үйлдлийг тэд уншиж байдаг. Үлгэр дуурайлалтай байх нь чухал болохоос хэлж ярьж буй нь энэ гээд "хараан зүхэх” нь тэр бүр анзаардаггүй "хар бараан”-ыг дуудаж байдаг. Тухайлбал: нийтлэг хэрэглэгддэг дээрх хараалын үгсийн тухай юу боддогоо хуваалцъя л даа.
Монголчууд хөвгүүн үрээ гал голомт залгах эр, охин үрээ утас зүү нийлүүлэх бүсгүй хүн төрлөө гэж билэгшээн, тус тусын зан үйл, арга ухааныг зангидан өсгөж ирсэн уламжлалтай. Үр хүүхдээр дамжин удам угсаа үргэлжилдэг тул "гай” гэж хэлэх нь "гал голомт”-оо нулимаж байгаа хэрэг юм. Ийм айлын өөдлөн дэвжих зам нь уруу хардаг.
Тэнэг мал, эргүү мал...ялангуяа бага насны хүүхдүүдийг ингэж хэлж харагддаг. Мал хүртэл ухаантай амьтан, гэтэл малнаас дор ухаантай үр хүүхэд гэж байхгүй, хэрэв оюун ухаант хүн тийм үр хүүхэд төрүүлсэн бол тэр лав хүүхдийн буруу биш. Хэний буруу байж таарав вэ, бодох асуудал.
"Хижиг” энэ бол нэгэн төрлийн тахал өвчин. Эрүүл, өвчтэй алин байсан ч эхийн умайнаас хүн болж унасан үр хүүхдээ ингэж зүхэх нь үрийн заяагаа гомдоож буй адгийн үйлдэл. Амьд хүн төрүүлчихээд амьдарч яваагийнх нь төлөө "хүүр” гэж хараах нь "үх”-үүлэхийг хүсэж байгаатай ялгаагүй. Хэнд ч, юунд ч хэрэггүй зүйлийг л "хог, новш” гэхээс хүнд үр хүүхэд хэзээ ч "хэрэггүй” хог новш болох гэж заяадаггүй. "Тоосыг нь гөвнө” гэмээн хонгонд нь хүрдэгээс толгой түрүүгүй элдэвлэдэг ёс Монголчуудад байсангүй. Тиймээ үр хүүхэддээ гар хүрэх нь хүртэл үнэхээр "ЁС” байсан.
Ингэж хараалгуулж, зүхүүлж, ад үзэгдэж байгаа юм шиг нус нулимстайгаа хутгалдах хүүхдүүд том, бага гэхгүй "юу” бодож, "яаж” шархирдаг бол, төсөөлөхөд ч бэрх эмзэглэлтэй дүр зураг..., эмгэнэлтэй ирээдүй хойч санагддаг.
Эцэг өвгөдийн "тосоор гоожмор”, "монди чинь”, "заяа нь дэлгэр”, "хош чи”, "халаг гэм”, "буруу хойшоо”...гэх зэргээр уулгалан зэмлэж, үр хүүхдийнхээ алдаа дутагдал, буруу зөрүү явдал, гэнэн томоогүй зан авирыг нь засахдаа хэрэглэдэг "тусгай арга”-ын үгс одоо цагт ор сураггүй алга болжээ. Өвгөдийнхөө дайтай ухаан гаргаж чадахгүй байгаадаа л бид үүнийг үгүй хийж, үгийг нь тоохооргүй жинхэнэ хог, новш болж буй талаар томчууд төдийгүй боловсролынхон, хэл бичгийнхэн, шашин соёлынхон бүгд тунгаах л асуудал. Мөн чанартаа хараан зүхүүлж буй үрс хожмын эцэг эхчүүд. Тэдэнд үр хүүхдээ өсгөн өндийлгөх " арга ухаан”-ыг өвлүүлэх ёстой. Энэ бол ээж, аав болсон хүн бүхний "нэрийн” үүрэг. Бүх улс үндэстэний үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг арга ухаан өөр өөрийн гэсэн онцлогтой. Харин Монголчуудын арга ухаан "үг, үйлдэл” хоёртоо оршиж ирсэн байх юм.
Ийм нэгэн дорой байдлаар буурлынхаа буянд бузар оруулж, нэгэн төрлийн үл анзаарам "нүгэл” үйлддэг томчууд "ҮГ”-ийнхээ араас харамсаад ч барахгүй "АЛДАС” болж, үр хүүхэд зовлон зүтгүүрт унах, зам мөр нь хазайх, үйлс зорилго нь харлах зэргээр улам доройтсоор эцэг эх үйлийг нь үүрдэг. Хийсэн бүхнийхээ үйлийг хүн ингэж л амсдаг, ингэж л эдлэдэг. Эцэг эхийнхээ нүглийн ялыг үр хүүхэд нь ингэж л туулдаг, ингэж л тамлагддаг. Энэ хорвоо дээр хүнээсээ тасарсан хүн байтугай хөрс нь ондоо ургамал хүртэл хүйн холбоотой, хоорондоо хамаарал холбоогүй бодгаль нэг ч үгүй билээ.
Хэрэв та ямар нэгэн хараалын үгээр үр хүүхдээ загнадаг бол хүмүүн заяанд нь сөгдөж байгаад, хүмүүн заяагаа аргадаж байгаад "ЯГ ОДОО”-ноос орхиорой, амлаарай, хичээгээрэй. "Үг” өөрөө амьтай учир үйл болдог. Үрээ гэхгүй эцэг эх хаанаас байхав, Таниас ургасан бие таныг л дуурайн өндийнө. Үйл нь дэлгэрч, үрстэйгээ инээлдсэн "ҮГИЙН АЛДАСГҮЙ” эцэг, эх байхын төлөө УХААРААРАЙ. Ийм л ухааныг "оюундаа” суулгасан эцэг эх Монгол үрсэд хэрэгтэй байна.
Б.Баяржавхлан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26470
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих