Их Британийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан сайд Майкл Бэйтс өчигдөр 15.00 цагт Лордын танхимд очиж, хууль тогтоогчдын асуултад хариулах ёстой байжээ.
Харамсалтай нь сайд асуултад хариулах цагаасаа хоёр минут хоцорч ирсэн байна.
Тэрбээр уг үйлдлийнхээ төлөө танхимд байсан эрхмүүдээс уучлалт хүсч, улмаар огцрох хүсэлтээ гаргасан талаар "www.washingtonpost.com” сайт мэдээллээ.
Сайд "Олон чухал сэдвээр асуултад хариулах, мэдээлэл өгөх ёстой байсан ч би чухал, байх ёстой газраа байж чадсангүй. Тиймээс би сайдаас огцрох хүсэлтээ гаргаж байна” гэж хэлжээ.
Тэрбээр нэг орчим минут ийнхүү хэлснийхээ дараа "Намайг үнэхээр уучлаарай” гэхэд танхимд байсан гишүүд "Уучлалт гуйхынхаа оронд асуултад хариулж, өөрийнхөө хариуцсан ажлаа нэр төртэй хий” гэх зэргээр зарим нь дургүйцлээ илэрхийлжээ. Майкл Бэйтс сайд ийнхүү хэлснийхээ дараа танхимаас гарах гэхэд түүнийг намын нөхөд нь зогсоож, тайтгаруулсан байна.
Түүний огцрох хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ Ерөнхий сайд Тереза Мэйгийн төлөөлөгч дээрх хурлын дараа сайдад биечлэн дуулгасан аж.
Өөрийнхөө алдааг ухамсарлаж, огцрох хүсэлтээ гаргаад амжсан сайдын нэр хүнд британичуудын дунд өссөн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих