Хүн амын насны бүтцийн хувьд "идэр” хэмээн тооцогддог манай улсын 5 хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 37,5 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Орчин үед залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах болжээ. Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачлага, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой юм.
Дэлхийн энэхүү чиг хандлагатай уялдуулан, манай оронд ч мөн, залуусын
зүгээс гаргаж байгаа шинэлэг дэвшилт санаачлагуудыг тухай бүрд нь
дэмжиж, хамтран ажиллах зүй ёсны шаардлага урган гарч ирж байгаа билээ.
Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл
зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь
нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж,
өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдгийг бид мэднэ.
Тэдний нэг тод жишээ нь, саяхан байгуулагдсан "365” хөдөлгөөний залуус
юм.
Монголын цахим мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг зарим
вебсайтуудын захирлуудын санаачлагаар энэ хөдөлгөөн үүссэн бөгөөд аливаа
нэгэн улстөр, нам эвслээс хамааралгүйгээр, зөвхөн өөрсдийн сэтгэлийн
дуудлагаар нийгэмд сайн үйлсийн аян өрнүүлэхээр зориг шулуудан, эхний
гараагаа эрч хүчтэйгээр эхлүүлээд байна. Тэд 365 хоног буюу бүтэн нэг
жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч
ажиллах зорилготой аж.
Энэхүү хөдөлгөөний дайчин залуусын нэг болох МУСТА Д.Балдан 5-р сарын
19-ний өдөр нийтийн дууны авьяаслаг мастер МУГЖ Н.Төмөрхуягтай хамтран
"Хорвоод ганцхан ээждээ” тоглолтыг Бөхийн Өргөөнд хийн, олсон орлогоороо
дуучин Н.Төмөрхуягт орон сууц авч өгсөн юм. Тэрээр тоглолтын бэлтгэлээ
санхүүжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн машинаа хүртэл зарсан ба
Н.Төмөрхуяг дуучны аж амьдралыг сайн мэддэг хүний хувьд түүнийг тусалж
дэмжих зорилгоор "Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцуулж, 1980-90-ээд оны
үед олон сайхан уянгалаг дуугаараа монголчуудын сонорыг мялааж байсан
хайртай дуучныг нь телевизийн цэнхэр дэлгэцээр ард түмэнтэй ахин
учруулсан билээ.
Эндээс харахад л, хэрэв залуус маань нэгэн зорилго дор нэгдэж чадвал
тэдэнд болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэдгийн тод жишээ болж чадсан юм.
Мөн "365” хөдөлгөөний залуус маань 6-р сарын 3-ны өдөр Нийслэлийн
хамгийн их оршин суугчидтай Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын
гудамжинд урлаг, соёлын оддын шоу тоглолт зохион байгуулж, хотын төв
орох боломж хомс, алслагдмал дүүргийн хүүхэд багачууддаа сюрприз барин,
бэлэг тараах юм байна.
Монгол орны хөгжил дэвшилд залуус та нарын маань оролцоо ус, агаар мэт
хэрэгтэй байна. Нэгэн зорилго дор, нэгэн чигт хамтдаа бүтээн, хамтдаа
урагшилцгаая!
Залуустай нэгдэх хаяг: https://www.facebook.com/365hudulguun
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих