Р.ОЮУН
ХХЕГ, АШУҮИС-тай хамтран хилчдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг "Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ариун цэврийн зааварлагч нарын бүсчилсэн сургалт”-ыг энэ сарын 1-4-нд Дорнод аймаг дахь Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангид зохион байгууллаа. Сургалтыг нээж Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа О.Батгэрэл хэлэхдээ "Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү мэргэжилдээ эзэн байна гэдэг их хариуцлага хүлээхийн нэр. Эмч хэмээх нэр хүндтэй үүргийг жирийн хүн бүр эзэмшээд байдаггүй чухал мэргэжил, өндөр хариуцлага гэдгийг эмч, эмнэлгийн ажилтан та бүхэн мэдэж байгаа. Хилчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ харамгүй зориулан ажиллаж байгаа алтан гарт эмч, сувилагч, ажилтан албан хаагч та бүхэндээ Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийнхаа нийт хилчдийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг ерөөе” гэсэн юм.
Сургалтад Хилийн 0132, 0198, 0146, 0184, 0306, 0275, 0287 дугаар ангийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эм зүйч, ариун цэврийн зааварлагч нар оролцсон юм. Тэдэнд чиглэлийнх нь дагуу АШУҮИС-ийн удирдлагууд, "Эрдэм” сургуулийн албаны дарга, доктор, профессор Д.Амарсайхан болон бусад эрдэмтэн, багш нар эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага харилцаа, хүнд өвчтөнийг үзэж, үнэлэх, тусламж үзүүлэх дараалал, аргачлал, уушги судлал, сувилахуй, цусны эргэлтийн цочмог хямрал, үзүүлэх тусламж, зүрхний хэм алдалтын оношилгоо, зүрхний архаг дутагдлын оношилгоо, эмчилгээ, осол, гэмтлийн үеийн яаралтай тусламж, ангилан ялгалтын талаар сургалт зохион байгуулсан юм.
Мөн энэ үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ариун цэврийн зааварлагч гэлтгүй хилийн заставын сэтгэл зүйн мэдээлэл соёл, сурталчилгаа эрхэлсэн орлогч дарга, жолооч нар ч сургалтад хамрагдлаа. Дорнод политехник коллежийн сургалтын танхимд жолооч нарт онолоос гадна материаллаг баазад тулгуурласан сургалтыг Германаас ирсэн багш зааж байв.
Тэдний сэтгэгдлийг сонирхлоо.
Доктор, профессор Д.Амарсайхан: ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛЫГ ЗӨВ АШИГЛАХЫГ ЗААЛАА
-Энэ удаагийн сургалтад бид ариун боолтыг хэрэглэхээр авчирсан. Хил хамгаалалтад ажиллаж байгаа ариун цэврийн зааварлагч нар үүнийг зөв ашиглаж сурах хэрэгтэй. Бид гарын доорх материал болох сонин, сэтгүүл, төмрийг ашиглаж яаж зөв чиг тавих, хэрхэн иргэний хамгаалалт хийх вэ гэдгийг давхар зааж байна. Монгол Улс хэдийгээр эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд зайлшгүй технологийн зүйлүүдийг ашиглахаас аргагүй юм.
ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, хошууч С.Пүрэвсүрэн: ДОЛООН АНГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАЛАА
-Хилийн отряд, ангиудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, эм зүйч, ариун цэврийн зааварлагч нарыг бүсчилсэн хэлбэрээр сургалтад хамруулж байна. АШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу гурав дахь сургалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна. Хилийн долоон ангийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, ариун цэврийн зааварлагч нар сургалтад сууж эрдэмтэн багш, докторуудын хичээлийг сонсч, амьдралдаа хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүллээ. Алслагдсан газарт гэнэтийн яаралтай хурц өвдөлтийн дуудлага ирэхэд эмчийг иртэл анхны тусламж, үйлчилгээг ариун цэврийн зааварлагч нар үзүүлэх үүрэгтэй ажилладаг. Тиймээс энэ хүмүүсийг сургалтад хамруулж бэлтгэх, хилчдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь маш чухал.
-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ сургалтад хамрууллаа. Тэднийг материаллаг баазаар хангах, төсөв санхүүг нь нэмэх талаар ямар ажил хийж байна вэ?
-Бид онолын мэдлэг өгөөд орхихгүй, клиникийн дадлагыг давхар өгч байгаа. Санхүү, төсвийн асуудалд төрөөс барьж байгаа бодлогыг дэмжиж ажиллана уу гэхээс бид төсөв хуваарилдаггүй учраас хариулт өгөх боломжгүй.
-Ариун цэврийн зааварлагч ямар үүрэгтэй ажилладаг юм бэ?
-Ариун цэврийн зааварлагч нь хил дээр байгаа бүрэлдэхүүнд мэргэжлийн эмчийг иртэл эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг. Хамгийн гол нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүнийг өвдүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн боловсрол олгодог, ариутгал халдваргүйтгэл, орчны эрүүл ахуй хариуцсан хүн юм. Яаралтай тусламжийг хүн бүрт үзүүлдэг байх ёстой. Анги бүрт мэргэжлийн сувилагч байдаггүй болохоор нөхрөө дагаж хил дээр очсон эмэгтэйчүүд маань ариун цэврийн зааварлагч хийдэг.
Дорнод политехник коллежийн автозасварын багш Б.Мандахцэцэг: СУРГАЛТЫГ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ
-Өнөөдөр Хилийн 0132 дугаар ангийн жолооч нарт техник үйлчилгээ хэрхэн хийх, гар багажаар яаж ажиллах талаар хичээл орж байна. Хичээл маань онол, дадлага хосолсон. Манайх жил бүр энэ ангитай хамтарч автозасварын сургалт зохион байгуулдаг. Герман багш маань манай сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Өмнөх сургалт дээр байгаагүй. Энэ жил багш маань байгаа болохоор хамтраад энэ хичээлийг зааж байна. Жолооч хүн машиныхаа техник үйлчилгээг хийж байх ёстой. Үүнийг хийгээгүйгээс болж машинд янз бүрийн эвдрэл гэмтэл гардаг учраас сайн анхаарч байх хэрэгтэй. Би энэ сургуульд долоо дахь жилдээ багшилж байна гэсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих