Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг. Тэдгээр нь эгэлгүй 4 хүчтэн буюу луу, хангарьд, яст мэлхий, ганц эвэрт амьтад юм. Түүний дотор Луу нь Хүннү гүрний төрийн шүтээн болж туганд нь сүлд болон залагдаж, нийслэл хот нь хүртэл "Луут” хэмээн нэрлэгдсэн. Хожим луу нь хүчирхэг нүүдэлчдийн байгуулалцсан гүрнүүд болох Цин, Тан, Хятан, Чин зэрэг улсаар дамжин уугуул эзэд болох хөх монголчууд биднээс холдон оджээ.
Монголын эзэнт гүрний нэгэн жижигхэн овог байсан Тунгус гаралтай зүрчид нар Манж гүрэн байгуулаад Хөх монголчуудын анхны шүтээн "луу”-г төрийнхөө шүтээнээр өргөмжилсөн. Манж нар Монголын бүх нутаг даяар нэгжлэг хийж лууг бэлгэдсэн бүхнийг хураан авч устгасан түүх байдаг аж. Анх монголчуудын морин хуур хөгжим хүртэл "луу” толгойтой байсан билээ. Монголчуудын эртний гэрэлт хөшөөдийн суурь болсон чулуун яст мэлхийн толгойг хүртэл "луун” дүрслэлээр хийдэг байсныг Зүрчидийн хааны зарлигаар эвдэж хэмхлэн хоригложээ.
Лууг хөх тэнгэр болоод хөрст газрын амьтан гэж Дорно дахинд үздэг ба дүрслэхдээ амаа ангайлган, хэлээ гарган хүрхэрч буй байдлаар дүрсэлдэг. Өрнөдийн луу 2 хөлтэй байхад, Дорнын луу 4 хөлтэй байдаг. Шанхайд ганц эвэрт лууны баримал, Индонезийн Сурбаяа-д байх буддын сүмд өөд өөдөөс нь харуулан босгосон 2 том ганц эвэрт аварга лууны баримал гэх мэт дурсгалууд бий. Эдгээр нь эртний монголчуудын лууны дүрслэлтэй адил төстэй байдаг онцлогтой. Хүннүгийн язгууртны булшнаас олдсон амьтны толгойн дүрс "бэрснийх” биш, "лууных” гэдэг дээр илүү тогтож судлах шаардлагатай хэмээн эрдэмтэн Г.Аким гуай үздэг.
Википедиа дээр "Мин улсын анхны хуанди Юан улсын эзэн хаадаас лууг уламжлан авсан” хэмээн дурдсан байдаг. Үүнийг батлах чухал баримт бол, Хубилай хааны байгуулсан Шанду буюу Дээд нийслэл дэх Хэйвэн ордны баганын суурийг цагаан гантиг чулуугаар хийсэн ба түүн дээр духан дээрээ эвэрт, дөрвөн хөлт лууг дүрсэлсэн байдаг. Хубилай сэцэн хаан монгол луу сийлүүлсэн бөгөөд хэрхэвч хятад лууг сийлүүлэхгүй нь ойлгомжтой хэмээн үздэг. Ганц эвэр нь үзүүртээ салаалсан байдалтай, амаа хагас ангайсан, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстайгаар дүрслэгдсэн байдаг.
Лууны хумсны тухайд өгүүлэхэд, Мин улсын үед хааны ордонд лууг таван хумстайгаар, дээд зэргийн түшмэлийн орд өргөөнд дөрвөн хумстайгаар, зэрэг дэв доогуур хүмүүс лууг дүрслэхээр бол гурван хумстайгаар зурж дүрсэлдэг "заншил” тогтсон ажээ. Хүннү нарын үед лууг таван хумстайгаар дүрсэлдэг байсан нь Хөх монголчуудын шүтээн луугийн дүрслэлийн гол шинжүүдийн нэг аж. Үүнээс үзвэл, ганц эвэрт луу нь Хүннү-гийн Шанью нараас Хубилай сэцэн хааны үе хүртэл уламжилжээ.
Ганц эвэрт луу нь монголчуудын шүтээн гэдгийг нотолж болохоор олон чухал баримт Монголын газрын хөрсөн дороос ч, газрын хөрсөн дээр ч малтлага судалгаагаар гарч ирж байгаа юм. Гол модны Хүннүгийн хаадын булшнаас духан дээрээ ганц эвэртэй гөрөөс бүхий чимэглэл нь алт мөнгө, шавраар хийсэн олон тоогоор гарч ирсэн бол Жавхлант хайрханы хадны зураг дээр ганц эвэрт морийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр монголчууд шүтээн амьтадаа ганц эвэртэйгээр дүрсэлж, элдэв домог үлгэрт мөнхөлдөг байжээ. Тэгэхээр духан дээрээ ганц эвэрт луу нь хөх монголчуудын шүтээн яах аргагүй мөн ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих