Ч.ГАНТУЛГА
"Утасны анд” Гавьяат жүжигчин И.Одончимэгтэй холбогдлоо. Тэрээр "Гэгээн муза-11” наадмаас "Сэрүүн хасын нууц” жүжгээрээ "Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан билээ.
-Сайн байна уу. Шилдэг эмэгтэй жүжигчин болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Шагнал авах үедээ юу бодож байв?
-Хамгийн эхэнд ээждээ л "баярлалаа” гэж хэлмээр санагдсан. Намайг юунд ч санаа зоволгүйгээр зөвхөн уран бүтээл хийх бололцоог өгсөн. Хэрэв тэр хүн байгаагүй бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байлаа. Мөн найруулагч Найдаадаа талархаж байлаа.
-Алаг нүдэн Одноо улам залуу эрч хүчтэй болсон шиг харагдсан шүү?
-Тийм бол үнэхээр сайхан байна. Залуу нас өөрөө дэндүү сайхан, бурхнаас өгсөн бэлэг юм. Бүсгүйчүүд минь цэцэг шиг эмзэг, турьхан ч гал цогтой, залуу насаараа өөрийгөө чимж яваарай. Мөн ганцхан олдох насаа хайрлаарай.
-Улаан хивсний ёслолын үеэр зарим хүмүүс таныг дэндүү даруухан сонголт хийж гэж байсан?
- Би өөртөө таалагдсан хувцсаа л өмсөх дуртай. Миний өмссөн хослол биед эвтэйхэн, аятайхан санагдсан. Заавал хүнд, урт даашинз өмсөх албагүй шүү дээ.
-Гэхдээ та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Гоо сайхныхаа нууцаас хуваалцаач?
-Нууц байхгүй ээ. Өөрийнхөө арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Амрах үедээ арьсаа эрүүл байлгаж, будагнаас татгалздаг. Мөн аль болох эрүүл хүнс хэрэглэхийг хүсдэг юм.
-Жингээ яаж барьдаг вэ?
-Үргэлж хөдөлгөөнтэй байхыг хүсдэг. Тэгээд ч жүжигчин гэдэг мэргэжил биднээс хөдөлгөөн, бэлтгэл шаарддаг учраас таргалалтаас айдаггүй. Хоолоо зохицуулаад сурчихвал бүр сайн юм билээ.
-Уран бүтээлийн хажуугаар бага охиндоо хэр зав гаргаж байна?
-Тоглолттой үед оройтож гэртээ харьдаг. Гэхдээ охин минь балчир байгаа учир аль болох хамт байхыг хүсч байна.
-Таны охин том болоод ээж, эгч шигээ жүжигчин болно гэвэл яах вэ?
-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Тухайн үедээ л болох байх. Тэр бол охины минь хүсэл мөрөөдөл, хувь тавилан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих