Зүүн Европ, Төв Ази, Латин Америкийн олон орнуудад түүнийг өглөгч буянтны хувиар таньдаг бол, өндөр хөгжилтэй орнуудад тэрбумтан, мөнгөний хүүдий, гайхамшигт сайнхүүчээр нэрлэдэг. Заримдаа ганц ч хадаас үйлдвэрлэж байсан удаагүй гэж дуудагддаг тэрээр монголд ирж байсан удаатай. Уоррен Баффет, Сон Масаёши, Алан Гринспан нарын зиндаанд яригддаг энэ зууны алдарт санхүүч Джорж Сорос 1930 онд Унгарын нийслэл Будапешт хотод төржээ. Тэрээр эцэг эхийн хамт 17 насандаа Англид суурьшихаар цагаачилсан. Тоталитар нийгмийн бурангуйг тэгтлээ их амссан залуухан Дьёрд нэрээ Джорж болгон өөрчилсөн нь цагач гэдгээ мэдэгдэхгүйн тулд тэгсэн бус ердөө л Англи хэлт орнуудад амьдрагсдын жишгийг дагасан гэнэ.
Багын ухаалаг түүнд бизнесийн авъяас Еврей цусаа дагаад ч юм уу бурхнаас заяасан гэлтэй. Лондонгийн эдийн засгийн сургуульд элсэн орохыг өөрийн зөнгөөрөө шийдсэн нь ирээдүйд санхүүгийн гол судсыг атгагчдын нэг болоход нь нөлөөлсөн нь зайлшгүй. Энэ сургуульд сурагч ахуйдаа түүний ертөнцийг үзэх үзэл нь төлөвшсөн бөгөөд философич Карл Попперийн үзэл санаа маш их нөлөөлсөн гэдэг.
Сорос 1956 онд АНУ-д шилжин суурьшсан юм. Энд мань эр хөрөнгө оруулалтын компаниа байгуулан мөнгө "үйлдвэрлэж” эхэлжээ. Саяыг алдаж тэрбумыг олдог домог мөн тэр үед дэлгэрчээ. Түүний мөнгө олох арга хамгийн энгийн гэнэ. Нарийн тооцоо судалгаа хэрэгтэй ч гол нь зөн совиндоо л найддаг талаар хэвлэлүүдэд хангалттай дурдсан. "Хэрэв хөрөнгө оруулалт чинь амжилттай байгаа бол зөн совингоо л дага, тэгэхдээ та бүгдийг авах болно.” гэж ярих дуртай Соросын бас нэг мөрөөдөл нь даяараа нээлттэй ардчилсан нийгэмд амьдрах, түүнийг бүтээн босгох билээ. Капиализм нийгмийн талаар тэрээр тун ч сөргүү байр суурьтай. Бидний амьдарч буй нийгэмд мөнгө хөрөнгө хуримтлуулж болно. Харин төгс ардчилал, төгс нээлттэй нийгмийн тухай ярихад арай хэтрэх байлгүй гэж үздэг. Гэхдээ тэр даяарчлалын эсрэг үзэлтэй биш ээ. "Нээлттэй нийгэм” сангийн сүлжээгээрээ хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад ардчилсан нээлттэй, глобал нийгэм байгуулахад тусалж буй. Одоогоор энэ сан 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж жилд дунджаар 400 сая шахам ам.доллар зарлагаддаг. Манай улсын төсвөөс даруй нэг дахин их хөрөнгийг ганцхан Джорж Сорос сангийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулдаг ч үүндээ төдийлөн сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд цаашид бүр ч ихийг төлөвлөх гэнэ. Соросын нээлттэй нийгмийн үзлийг зарим судлаачид утопи мөрөөдөл гэх нь ч бий. Гэвч дэлхий нийтийн чиг хандлагыг, хүн төрөлхтний хүсэл тэмүүллийг, бүр цаашилбал хүний нийгмийн мөн чанарыг мэдэрч чаддаг хэмээн бусад нь дүгнэдэг. Магадгүй хүн төрөлхтөн хөгжлийн зөв гарцаа олж чадаагүй болохоор түүний зөв ч байж болох юм. Угтаа Джорж Сорос бол Рокфеллер, Надолеон Хилл, Генри Форд шиг бизнесмэн огтоос биш бөгөөд тэдний хаана нь ч хүрэхгүй.
Эх сурвалж: Н.Учрал "SUPER STUDENT” номноос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих