ТӨРИЙН ОРДОНД ТӨӨРСӨН НЬ
Киноны салбарынхныг нэгэн дээвэр дор хумих хууль хэрэгтэй байна. Манай уран бүтээлчид ч үүнийг дэмжиж хууль боловсруулсан байдаг. Төслийг БСШУЯ-наас санаачлан боловсруулсан аж. Тухайн үеийн БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр "Киноны үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, кино үйлдвэрлэлийн санхүүжилт, кино үзвэрийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан. Киноны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээрээ онцлог. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдсэнээр улсаа сурталчилах гол суваг бий болно гэж үзэж буй. Нөгөө талаар киноны уран бүтээлчдийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлаж байсан нь зарим хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэ хууль хаачив. Тус хуулийн төслийн II бүлгийн V зүйлд кино төсөл сонгон шалгаруулах, түүхэн сэдэвт киноны төсөлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, VI зүйлд Монгол Улсын дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар, дурсгалт газарт кино бүтээх, кино зураг авах иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоно. XII зүйлд кино театр, киног нэмэлтээр үзүүлэгч байгууллага дэлгэцийн оргил цагийн жилийн хуваарилалтад монгол киноны цагийг 30 хувиас доошгүй байлгана гээд олон заалтыг тусгажээ. Энэ хууль төрийн ордонд төөрөв үү. Сураг ажиг тавихсан.
"КИНО УРЛАГ ХЭТ ЗАДГАЙ, ХЯНАЛТГҮЙ ХЭЛБЭРЭЭР ХӨГЖИЖ БАЙНА”
Энэ хуулийг сануулах цаг болжээ. Хэрэв хуультай болчихвол Монголын кино урлаг арай өндөр төвшинд хурдацтайгаар өсөхөөс гадна уран бүтээлчдийн эрх ашиг, киноны агуулга, даац хүртэл өөрчлөгдөнө гэж энэ салбарынхан харж бас найдаж байгаа юм. Найруулагч Ж.Сэнгэдорж "Киноны салбарт цагаахан өрсөлдөөн их. Авьяаслаг уран бүтээлч олноор гарч байна. Эдгээр залуусын уран бүтээлийг төрөөс жаахан дэмжээд өгвөл дэлхийн зах зээл бидэнд ойрхон байна” гэв. Зургийн найруулагч Д.Ангараг "Бид Холливудын бүтээл шиг нисдэг баатартай кино хийгээд яах юм. Түүний оронд нүүдэлчин соёл, монгол ахуйгаа дэлхийд сурталчилмаар байна. Энэ бол биднийг таниулах хамгийн том брэнд. Би Америкийн кино компаниудтай хамтарч ажилладаг. Тэнд уран бүтээл хийх нөхцөл боломж тэс өөр. Хэдийгээр өөрийн орны кино урлагаа дэлхийн хөгжилтэй оронтой харьцуулахад хэцүү ч бид ч ялгаагүй киногоо бизнес талаас нь харж, хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс энэ чиглэлийн киног төрөөс дэмжээсэй, тодорхой хяналт, хуультай болгож өгөөсэй” гэсэн юм. Кино зохиолч Д.Даваацэрэн "Монголын кино урлаг хэт задгай, хяналтгүй хэлбэрээр хөгжиж байна. Үүнийг цэгцлэх цаг болсон. Тиймээс хууль заавал хэрэгтэй. Манай киночид нэг уран бүтээл хийдэг. Тэр нь удаа ч үгүй хулгайлагдаад захуудад зарагдаж байна. Энэ байдал хэзээ арилах вэ. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг хэзээ үнэлдэг болох вэ” гэсэн юм. Энэ мэт уран бүтээлчид үзэл бодлоо илэрхийлж, хуулиа нэхэж байна.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих