"Сониноор сайдыг, ялааг ч алж болдог" гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ. Сонинд шүүмжлэх, худал гүтгэлэг тараах, өөр ажил санал болгох, шалтгаангүй буруутгах, намаас дарамтлах, зохиомол хэрэг үүсгэх.айлгах, сүрдүүлэх, ажлаасаа халагдах өргөдлийг өөрөөр нь бичүүлэх, өөрийгөө илчлэх, нөхөдөө илчлэх, тагнах, янз бүрийн хүнээр элдэв бичиг өгүүлэх гээд төрөл бүрээр дарамталж ерөнхий сайдын ажлыг нь хийлгэхээ больжээ.
Эхлээд "Уриа" сонин 1921 оны 11 дүгээр сарын 23 өдрийн дугаар 10-аас эхлээд Ерөнхий сайд Бодоог шүүмжлэн элдэв өнгөөр гүтгэж гарав. "Монгол Америк хоёр улсын тухай" гэсэн гарчигтай том өгуүлэл нийтлэгдэв. Уг өгүүлэлд Бодоо сайд болбоос "хөрш" улсаасаа урваж хөрөнгөтний Америкийг санаархаж байна гээд гадаад бодлогын ийм алдаатай Ерөнхий сайдтай байж болохгүй" гэж зарлав. Бодоо АНУ-ын тагнуултай хоёроос гурван удаа уулзсан. Хөрөнгөтний улстай улс төрийн харилцаатай болж, худалдааны гэрээ хийж бүүр Америк руу төлөөлөгч явуулах талаар ярилцсан байна.
Хаалган Хүрээ хоёрын хооронд Америкийн худалдааны компанийн машиныг явуулах зөвшөерөл өгсөн, алт олборлох эрхийг Америкт өгч. эх нутгаа зарсан, Ерөнхий сайд Бодоог хэвлэлээр "ялт" хэмээн буруутгасан өгүүлэл гарчээ. Бодоо сайд хаалганд суух АНУ-ын элчин сайд Сокобинтай олон удаа уулзсан нь ч үнэн, худалдааны гэрээ байгуулах санал тавьсан ч үнэн. АНУ-ыг Орос, Хятад, Япон болон дэлхийн бусад улстай дипломат харилцаа тогтооход зуучилж өгөх зэрэг олон асуудлыг ярилцаж байжээ.Тун удалг.үй МАН-ын "Уриа" сонинд Ардын засгийн Ерөнхий сайд "Богд хааны хишиг горилж явна" гэсэн доромжилсон өгүүлэл гарчээ. Уг өгүүлэлд "Ерөнхий сайд Бодоод Богд хаанаас хүрэн жинстэй малгай, эх дагинаас гайхамшигтхутга нэгийг шагнаж, Богдын багш ёнзон хамба Бодоод баярын хадаг барьсан" гэж их л доромжлон шоолжээ. Бодоо Ерөнхий сайдын тушаалд очсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал хөөцөлдөх нь битгий хэл Манжийн хааны шагнасан ноёдын хэргэм зэргийг хэрэглүүлэхгүй болгосон Засгийн газрын тогтоол гарсныг ч мэдэлгүй ийм гүтгэлэг бичиж байгааг үзвэл их л холын хүн аягүй бол хилийн цаадах буриад хүн бичсэн буюу бичүүлсэн гэдэг нь хэнд ч ойлгогдоно.
Ерөнхий сайд Бодоо бээр жинс үл хадвал элдэв хэргийг чинь орхин одно гэж гурван настай хүүхэд шиг аягласныг Хүрээнд олон хүн түрхрэн ярьж байна гэж уг сонинд шүүмжилжээ.Тус сонин Монгол Улсын Ерөнхий сайдыг цааш нь бичихдээ "Бодоо сайд болчимгүй журамгүйн харгайгаар, хөнгөмсөг хөдөлж, зүй бус хэрэг өдүүлж, тангарагт нөхөр Данзанг гөрдөж гүтгэжээ. Бодоогийн өдүүлсэн энэ мэт хэрэг явдал, аливаа дэлхий дахины тангарагт нөхдийн дунд гарах байтугай, хээрийн хулгай ийм хэргийг өдүүлэхгүй юм" гэх зэргээр зад шүүмжилжээ. Энэ өгүүллийг бичүүлсэн хүн нь намын дарга Данзан биш нь хэнд ч ойлгомжтой. Данзан бичүүлсэн бол Данзантайгаа тангараг тасарсан гэж бичихгүй. Гэхдээ энэ үед Ерөнхий сайд Бодоо, Ардын намын дарга Данзантайгаа муудчихаад байсан нь бас үнэн. Ер нь Бодоо, МАН-ын дарга гэгдээд байгаа Данзанд бүр эхнээсээ л хувьсгалт нууц бүлгэмийг нийлүүлж коментерний төлөөлөгчид анхны хурал хийлгэхэд л таагүй ханддаг байсан юм.
Харин одоогийн Бодоог оролдоод байгаа хэргийн эзэд бол Данзангаас арай дээгүүр байлаа. Хамгийн доод тал нь Буриадын Ринчино юм. Ринчино Ерөнхий сайд Бодоогийн зөвлөхөөр сар гаруй ажиллаад хөөгдсөн. Бодоо Ринчиног битгий эргэж ирээрэй гэж Орос руу нь явуулсан. Харин Ринчино Эрхүү орчихоод эргэж ирэхдээ коминтерний бүрэн эрхт төлөөлөгч болоод томорчихсон байв.
Тэгээд Ардын намын дарга Данзангийн зөвлөх.цэргийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна. Ерөнхий сайд Бодоо МАН-ын дарга Данзан, жанжин Сүхбаатар нарыг тоохгүй мөртлөө, Богд хаан, Богд хааны дотны хүмүүс, ялангуяа шашны зүтгэлтнүүдтэй намынхнаасаа илүү ойр ажиллаж байлаа. Тэгэхдээ "Уриа" сонин дээр бичээд байгаа шиг Богд хаанаас, малгайн жинс залаа ч гуйгаагүй Дондогдулам хатнаас бэлэг болон хутга аваагүй байжээ.
Уриа сонин "Намын суртлыг бузарлагч" гэсэн гарчигтай өгүүллээ-рээ Ерөнхий сайд Бодоогийн ажил хэргийн болон хувь хүний нэр хүндийг нэгмөсөн унагаж чадсан юм. Ажилчин тариачны улаан намын суртал нь шашны олон мяндагтан нарын суртлыг халан ардын эрхийг дээдлэх ёстой байтал Ерөнхий сайд Бодоо нь Дамбийжаа тэргүүтэй шарын шашны том лам нарт мөрген гуйж намын суртлыг бузарлаж байна. Бодоо нь ардын намын суртлыг огоорч Америк зэрэг улсын намын сурталд дагаар орон намын суртлыг бузарлаж явнаа. Бодоо сайд нь хурлын лам шиг Богд хаан, хатан Дондогдулам нарын хормойд явж улаан баадантай зүйл барин уулзаж учирсан нь тоогүй олон гэх зэргээр гүтгэлгийн өгүүллэгтээ өгүүлжээ. Ерөнхий сайдын зөвлөхөөсөө халагдаж коментерний онц бүрэн эрхт болсон Ринчино Ерөнхий сайдыг "Уриа" сониндоо бичиж өс хонзонгоо авав.
Тэр үед коминтерний алан хядагчдын гол арга нь л тухайн намын большевик сонин дээр төрийн томчуудын тухай шүүмжлэлт өгүүлэл гаргадаг. Дараа нь коминтерн тэр буруу сурталд идэгдсэн төрийн ажилтнаа шалгадаг хянадаг улмаар баривчилдаг байв. Баривчилсан төрийн өндөр албан тушаалтнаа наад зах нь цөллөгт явуулж цаад тал нь цаазалдаг байсан юм. Оросын аюулаас хамгаалахын энэ бохир технологи Ардын намын анхны долоо, Ерөнхий сайд Бодоо дээр ийнхүү туршигдаж, "амжилттай" хэрэгжжээ."Уриа" сонин дээр гарсан Бодоогийн эсрэг нийтлэлүүд нь цаг хугацааны хувьд Бодоо Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах анхны өргөдөлтэй бараг ойролцоо гарсан байж магадгүй. Учир нь сонины нийтлэлд "жинс өгөхгүй бол албан тушаалыг чинь элдэв хэргийг чинь орхин одно гэж Бодоо сайд гурван настай хүүхэд шиг урваганаж байна" гэж шүүмжилсэн байдаг.
Тэгэхээр сонины нийтлэлүүд Бодоог албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өгсөн үед юмуу, эсвэл тэр нийтлэлүүд хэвлэгдсэнээс хойш тун удалгүй Бодоо сайд төр на-мын албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн байх магадлал байна. Тухайн үед сонин хэвлэлээр ганц сайдыг ч гэлтгүйолны танил болоод улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг дээрх байдлаар "алдаг" байдал түүх өдгөө ч гэсэн уламжлал ч гэмээр хэрэгжиж байгаа нь харамсалтай.
Г.ДАШРЭНЦЭН /МУСГЗ/ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих