Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн 100 насны ойг
тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах
ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон түүний үр хүүхэд, төрөл
төрөгсөд хамтран Ховд аймгийн Үенч сум, Нийслэл Улаанбаатар хотод эрдэм
шинжилгээний хурлуудыг зохион байгуулах, хамтран ажиллагсадынх нь
дурдатгал дурсамжийн болон судалгааны ном зохиолуудыг туурвин бүтээхээр
ажилпаж байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Нийгмийн аюулаас хамгаалах яамны
сайдаар тус бүр хоёр удаа, Хилийн цэргийн дарга буюу командлагчаар мөн
хоёр удаа томилогдон ажиллаж байсан,
Монгол Улсын анхны 11 генералын нэг төдийгүй манай улсын түүхэнд армийн
генерал цолыг анхлан хүртсэн ховорхон хувь заяа, гавъяат үйлстэн бол XX
зууны монгол цэргийн гарамгай зүтгэлтнүүдийн нэг Монгол Улсын баатар,
армийн генерал Батын Дорж билээ. Тэрбээр 1914 онд Завхан аймгийн
Алдархаан суманд төрсөн.
1929 онд 15 настайдаа Алдархаан коммунд зарлагач, тариачин, адуучин
зэрэг ажлуудыг хийж байгаад 1935 онд цэргийн албанд татагдан ирж
Улаабаатар хот дахь I морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдан
цэрэг болсноор Монгол Улсыг батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн
байдлыг хангах их үйлсийн гараагаа эхлүүлжээ.
1936-1939 онд салаан даргын туслах, дарга, сумангийн даргаар ажиллаж
байхдаа ирээдүйтэй сайн дарга болохоо харуулж чадсан учир 1939 оны
дөрөвдүгээр сараас Ардын цэргийн I морьт дивизийн дарга бөгөөд
Улаанбаатар гранизоны даргын өндөр хариуцлагатай албанд дэвшин
томилогджээ.
Дивизийн захирагчаар томилогдохдоо дөнгөж 25-хан настай цэл
залуухнаараа байсан боловч байлдааны цагийн хүнд хатуу үүргийг гялалзтал
биелүүлж, цэргийн даргын төрөлхийн их авъяас билэгтэй нэгэн болохоо
харуулж чаджээ.
Тэр үед бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж Халхын голын дайнд Монгол
цэргийг гардан удирдаж байсан Монгол Улсын баатар, хурандаа генерал
Ж.Лхагвасүрэн дуртгалдаа "...Батын Дорж тэр үед Улаанбаатар дахь I морьт
дивизийн даргаар ажиллаж байсан бөгөөд эднийхэн шинэ цэргийг сургаж
хүмүүжүүлэх гол төв нь болж байлаа.
Энэ талаар Б.Дорж, түүний нөхөд ихээхэн хүч чармайлт гаргаж үүргээ сайн
биелүүлснийг энд би бахархан тэмдэглье. Халхын голд байлдаж байгаа
ангиудыг Доржийн дивизээс хэд хэдэн удаа нөхөн хангасан бөгөөд тэд цөм
байлдааны үүргийг гарамгай сайн биелүүлснийг хэлэх хэрэгтэй" гэж үнэлсэн
байна.
Дараа жил нь Дотоод явдлын яамны Хязгаарын ба Дотоодын цэргийг хэрэг
эрхлэх газрын даргаар томилогдсоноор тэрбээр амьдралынхаа 20 шахам
жилийг Монгол Улсын дархан хилийг баталгаажуулах, хамгаалах үйлсэд
зориулсан юм.
Хилийн цэргийн командлагчаар томилогдох үед Халхын голын дайн дууссан
хэдий ч Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргаан эцэслэн
шийдвэрлэгдээгүй, тэрхэн үед гал зогсоосон байсан ч улсын хилийн зурвас
фронтын тэргүүн шугам хэвээр байсан билээ.
Тэрбээр Монгол Манжийн хоорондох хилийн маргааныг зохицуулах бүлэгт
орон ажилласнаар хилийн хоёр талд хүч хуралдуулан сөрөн зогсож асан
цэрэг армиудыг тус тусын харьяа нутгийн гүнд шилжүүлэн байрлуулж, хилийн
халдашгүй дархан байдлыг хангах нөхцлийг бүрдүүлжээ.
Гэвч 1940-өөд оны дунд үеэр Хязгаарын цэргийг командлагч Б.Доржийн өмнө
бас нэгэн шинэ үүрэг зорилт тулгарсан нь эх орны баруун хязгаарын
аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудал байлаа.
Тэр үед Монгол улсын өмнөд, зүүн, зүүн өмнөд чиглэлд Япон заналхийлж
байсны зэрэгцээ баруун, баруун өмнөд стратегийн чиглэлд Гоминданы болон
Хасагийн дээрэмчид халдлага үйлдэн аюул учруулж байснаас нэгэн зэрэг
хоёр фронтод дайтах аюул тулгарч болзошгүй болсон байлаа.
Генерал Б.Доржоос улс орны тусгаар тогтнолыг батлан хамгаалах болон хил
хамгаалах үйл хэрэгт оруулсан өөр нэг хувь нэмэр бол 1945 оны Чөлөөлөх
дайны үед Хилийн цэргийг удирдан оролцож, хилийн операци, байлдааны
ажиллагааг бэлтгэн явуулах бодлого, үйл ажиллагааг төлөвлөн зохион
байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.
Түүний удирдлагаар Чөлөөлөх дайнд хилийн цэргийн бие даасан найман
бүлэг Зөвлөлт Монголын дайчидтай хамтран тулалдаж, хил хамгаапах урлаг,
Хилийн цэргийн байгуулалтад шинэ хуудас нээсэн юм.
1940-1948 онд Гоминдаан, Оспаны зүгээс баруун ба баруун өмнөд хилээр
манай улсад халдан цөмөрч улмаар түрэмгийлэлээ өргөжүүлэн тэлэхээр зэхэж
байсан үед тэрбээр "Мажиг'' гэдэг нууц нэртэйгээр баруун хилд очиж
байлдааны ажиллагааг удирдахдаа хилийн цагийн байдалд тохируулан
шийдэмгий, шуурхай ажилласны үр дүнд дайны байдалд хүргэхгүйгээр Монгол
Улсын хил хязгаарын аюулгүй байдлыг хангаж чадсан бөгөөд тэр ажиллагаа
нь генерал БДоржийн стратегийн мэдрэмж, удирдан зохион байгуулах авъяас
чадварын цар хүрээг тод харуулсан юм.
Тэрбээр 1943-1944 онуудад Оспантай Маршал Х.Чойбалсанг Ховд аймгийн
Булган сумын Алагтолгойд, Булган голын Майхан толгойд, өөрөө биечлэн хэд
хэдэн удаа уулзаж харилцан найрамдалтай байх, Хасагийн ард түмний эрх
чөлөөний тэмцэлд зэвсэг техникийн тусламж үзүүлэх зэрэг асуудлуудыг
хэлэлцэн үр дүнд хүргэснээр дэлхийн II дайн, Чөлөөлөх дайны ялалтуудад
шийдвэрлэх ач холбогдолтой гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан юм.
Хязгаарын газрын дарга байхад нь түүний нарийн бичгийн дарга байсан
бөгөөд хожим нь Батлан хамгаалах яамны сайдын халааг даргаасаа хүлээн
авч байсан хурандаа генерал Ж.Авхиа "Би генерал БДоржийн бие хамгаалагч,
нарийн бичгийн даргаар 1945-1947 онд ажиллаж байсан бөгөөд 1947 онд
баруун хилийн байлдааныг удирдахад нь хамт оролцсон юм.
Б.Дорж гуай бол энгийн даруу, ноён нуруутай, сайхан ааш зантай, жинхэнэ
цэрэг армийн удирдагч хүн байсан юм", Би Дорж гуайн гараар орж л хүн
болж, мэдлэг боловсрол эзэмшсэн юм шүү гэж дурсан ярьдаг байжээ. Энэ
бүхэн нь армийн генерал Б.Дорж хүнийг таньдаг, түүнийхээ зэрэгцээ бас
сурган хүмүүжүүлэх онцгой авъяастай хүн байсныг харуулж буй баримт юм.
Түүнээс гадна армийн генерал Б.Дорж хүнлэг, гүдэсхэн зан чанараараа
үеийнхэн дотроосоо, бусад сайд, нараас ерөөсөө цэргийн удирдлагад байсан
генерал, офицеруудаас онцгой ялгарч харагддаг байсан учир тэр үеийн
дайчид, хамтран зүтгэгчид нь "Б.Дорж гуай бол жинхэнэ эгэл Монгол эр
хүн" гэдэг дүгнэлтийг хийдэг байжээ.
Ийнхүү армийн генерал Б.Дорж улсын хилийн аюулгүй байдлыг хангах,
Хязгаарын цэргийн анги салбарыг үүсгэн байгуулах, бэхжүүлэх Монголын
ардын армийг өргөтгөн зохион байгуулах, гадаад улсад /БНАСАУ, БНАГУ,
ХБНСЮУ/ улсаа төлөөлөн эрх тэгш харилцах, хувьсгалт тэмцлийн ахмад
зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нэг хүн байтугай нэг
бүхэл бүтэн байгууллага ч хийж гүйцэлдүүлмээргүй нөр их ажлуудыг бүтээн
хойч үедээ өвлүүлэн үлдээжээ.
Хилчид бид аугаа хүмүүсийн түүх намтар, хичээл зүтгэлээс суралцах зүйл их байна.
Дэд хурандаа Н.Даваадорж
Эх сурвалж: "Эх орны манаа” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих