Монголчуудын ганц хүсэл мөрөөдөл гадагшаа гарч боолын ажил хийж их мөнгөтэй болох гэсэн хүсэл юм. Гэвч хүсэхийн хэрээр хясах юм.
Сүүлийн жилүүдэд манайхан БНСУ-руу гарч сарын 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийх гэж олноороо оочер дараалал үүсгэн байж виз мэдүүлдэг болсон. Гэвч виз нь гарч байгаа нь цөөхөн.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дээрх улсад ажлын яг оргил үе нь эхэлдэг гэнэ. Тиймээс Монголчууд гарах гэж улайрч байна. Даанч виз мэдүүлсэн 10 хүн тутмын 9 нь татгалзсан хариу авч байна. Гэр бүлээрээ ч виз мэдүүлээд нэг ч гарахгүй байх тохиолдол байна.
Харамсалтай нь виз мэдүүлгийн цөөхөн газар нь ачаалал их, сүүлдээ бүр "визний материал хүлээж авахгүй” гэсэн зарыг үүдэн дээрээ наагаад хаалга тас түгжсэн байх жишээний. Сард виз мэдүүлгийн материал өгөхийн тулд сард нэг удаа номер тараана. Номероо 3 сарын 5-наас дараа сарын яг энэ өдөр хүртэл тараачихна. Тэгсэн хэрнээ ачаалал нь буурахгүй, мөнхийн хүн олонтой.
БНСУ-руу аялалын гурван сарын визээр гарах гэсэн иргэдийн групп байдаг юм. Тэнд байгаа хүн бүр юу болж байгаа талаараа, визний хариу нь яасан яаж гарсан, татгалзсан уу гэдэг бүх зүйлээ бичнэ, яг дэлгэсэн ном шиг нээлттэй харагдана. Солонгосын Элчинг болон виз мэдүүлгийн газруудыг хараасан, ерөөсөн хүмүүсийн пост олон харагдана. Нээрээ л амьдралаа дээшлүүлэхээр аялалын виз мэдүүлсэн иргэд байгаа юм. Тэд хэзээ ч аялах гэж гарахгүй, дандаа ажиллах гэсэн зарим нь бүр харлах гэсэн хүмүүс л байгаа нь илт. Сүүлийн үед төрийн алба хаагчдын тэр дундаа багш, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын виз гарахгүй, татгалзсан хариу авч байна. Яагаад гэвэл тэд гараад эргэж ирэхгүй харлаад байгаа тул Элчингээс хаалт тавьжээ.
Нөгөө талаар монголчуудыг энэ виз мэдүүлгийн газрууд үнэндээ мөлжиж, халаасыг нь сэгсэрч байгаа нь харамсалтай. Итгэл найдвараа гээлгүй тэдэнд хандаж тусламж эрж байхад сарын дараа "Таны материал татгалзсан” гэх хариуг сонсохоор өөрийн эрхгүй нүд харанхуйлж байгаа юм. Гэхдээ л гандан буурахгүй гурван сарын дараа дахин материалаа сайжруулаад орохоор дахиад л сарын дараа нөгөө л татгалзсан хариугаа сонсч байгаа юмдаа. Хэлэх ч үг олдохгүй дээ. Ингээд виз мэдүүлгийн газрууд иргэдийг хэрхэн мөлждөг талаар тооцоо судалгаа хийлээ.
Сүүлийн үед солонгосын виз мэдүүлгийн газраар хол ойрын хамаатан садан, найз нөхөддөө оочер дугаар бичүүлэх гээд хэд хэдэн удаа очлоо. Хүмүүсийн тэр бүр анзаарахгүй нэг зүйл байна. Манайхан ч анзаарах сөхөөгүй материалаа сайн бүрдүүлээд өгч байвал тэр нь хамаагүй ээ гэсэн хандлагатай ч юм шиг. Яг үнэндээ манайхан өөрсдөө солонгосчуудыг баяжуулаад байна шүү. 1-т Солонгосын виз мэдүүлгийн газар өдөрт хамгийн багаар бодоход өдөрт 40 хүн виз мэдүүлж байна. 1 хүний үйлчилгээний хөлс ойролцоогоор 55000. Ингээд виз мэдүүлгийн газар 8 ажиллаж байгаа гэж бодохоор өдөрт 8 газарт нийт 320 хүн үйлчлүүлж байна гэсэн үг. Зөвхөн нэг өдөрт монголчуудаас авч байгаа хөлс хамгийн багдаа 17.600.000 төгрөг. Энийг сараар бодоод үзэхэд ажлын 22 хоног гээд бодоход сард 387.000.000. Жилд 4.646.400.000 болно гээд боддоо.
Үүнээс түрээсийн төлбөр, үйл ажилгааны зардал, цалин хөлс гээд хамгийн их зардал гарлаа гэхэд ямар ч байсан сардаа хамгийн багдаа 2.500.000.000 цэвэр ашиг хийж байна. Ингээд харахаар манайхан баян юм шиг. Визний материал бүрдүүлэлтийн газрууд маш олон. Дээр нь Банкинд байршуулж байгаа мөнгө гээд бодохоор ядуу биш баян хүмүүс шиг харагдана. Гэхдээ зайлуул баян биш л дээ, дандаа өр зээл байгаа нь ойлгомжтой.
2-т визний материал бүрдүүлэлтийн газар. Эзэд нь монголчууд байдаг байх.
Эдгээр газруудаар 1 байгууллагад нь өдөрт дор хаяад 10 хүн гэж бодоход 8 байгууллагаар бодьё. 1 хүний үйлчилгээний хөлс 100.000 төгрөг. Нийт өдөрт 8.000.000 төгрөг, сард 176.000.000 төгрөг, жилд 2.112.000.000 болж байна.
3-т Банкинд байршуулах мөнгө. Дийлэнх хүмүүсийг НДШ- ээрээ виз мэдүүлдэг гэж бодоход өдөрт 120 хүн 5.000.000 төгрөгөө байршуулж байгаа. Банкинд өдөрт 600.000.000төгрөг угаагдаж байна. Энэ тоо тасралтгүй явагдаж байгаа учраас сараар бол 13.200.000.000 төгрөг жилд 158.400.000.000 болно. Бүх хүмүүс энэ мөнгийг 3 сарын хугацаатай хадгалуулдаг. Гэтэл визний гаралт 2-хон хувьтай байгаа яг одоо үед бол хүн амьтанаас зээлсэн, байр машинаа барьцаанд тавьсан, банк, банк бус байгууллагаас дандаа хүүтэй зээлсэн хүмүүс хий дэмий нэг сар байршуулаад ямар ч хүүгүй шахуу буцааж аваад дээр нь ахиад хүү нэмж төлөөд хүмүүсдээ буцааж өгнө. Нэг иймэрхүү байдалтай байна.
Ингэж л ядарсан бидний мөнгийг завшиж, угааж байна. Одоо бүр виз гаралт чангарсан юм байна гээд өөр хоорондоо ярилцаж байна. Нээрээ л тэр визний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж хөлжихөө болимоор байна. Өчнөөн хүний амьдрал ахуй ард нь явж байгаа шүү гэдгийг ойлгохыг хүсье.
Виз гаргаж өгөх нэрийдлээр иргэдийг залилж байна
Гэвч нөгөө талд монголчууд гэнэн итгэмтгий зангаасаа болж бусдад залилуулаад байна. Иргэдийн итгэл найдвар, эмзэг байдал дээр нь залилах хэрэг гарсаар. Дандаа танил талаар нь дамжуулж залилаад байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.
Баримт 1 ЕБ-ийн дунд сургуульд ажилладаг эмэгтэй найзынхаа танилаар дамжуулж Солонгосын виз найдвартай гаргаж өгнө гэсэн үгэнд нь хууртаж гурван сая төгрөгөө алджээ. Залилагч гурван сая төгрөгөө урьдчилгаа болгож өгвөл таны виз гарах магадлалтай.
Баримт 2 Гэр бүлээрээ гурван сараар БНСУ-руу гарч ажил хийх гэсэн эхнэр нөхөр хоёр нэгэн зуучлалын эмэгтэйд залилуулжээ. Тэд "Найдвартай виз гаргаж” өгнө гэсэн зараар уулзаж таван сая төгрөгөө алджээ.
Баримт 3 Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн мөрдөн шалгах хэлтсийнхэн "Хас ган” нэртэй компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус компанийнхан Солонгос найдвартай гаргаж өгнө, хөдөлмөр эрхлүүлнэ гэх нэрээр зөвхөн нэг дүүрэгт гэхэд 40 гаруй иргэнийг залилж 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.
О.Сайхан
Оллоо.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27302
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих