Нийслэлд баярын уур амьсгал хэдийнэ орчихож. Эх үрсийн баярыг угтан энд тэндэхийн дэлгүүрүүд хямдрал зарлаж байгаа. Ээжүүддээ зориулж гутал, хувцас хямдарна. Үсчин гоо сайхны газрууд үнээ багасгаж бэлэг барина. Эх үрсийн баяраар хайртай ханиа баярлуулах гээд эрчүүд эртнээс төлөвлөөд эхэлчихэж. Торт хийдэг хэдэн байгууллагууд ч захиалгадаа дарагдчихаад байгаа гэнэ лээ. Өчигдрөөс эхлэн дэлгүүрийн лангуунууд хятад чихрээр боосон бэлэгнүүд зарж эхэлсэн байгаа юм.
Нэг баяраас нөгөө баяр нь залгачихдаг учраас худалдааны төвүүдийн хямдрал, элдэв бэлгүүд тасрахгүй. Цаашлаад баар цэнгээний газрууд нь ч архи, пивондоо хямдрал зарлаж, албан байгууллагын залуус ажлын газрынхаа ээжүүд, хүүхнүүдийг баярлуулах гэж архидаж нэг хоёр хоногийнхоо ажлыг алдана.
Энэ нь бичигдээгүй хууль болчихсон. Тэмдэглэлт баяр болгоны дараа тухайн газрын ажил ямар ч байсан хоёр гурван хоног назгайрдаг нь нууц биш. Энэ байдлыг засах ёстой, баярынхаа тоог цөөрүүлье, эсвэл амрахгүй ажиллана гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл үр дүнтэй байсангүй.
Дарга нь сайхан загначихвал нэг хоногийн ажлыг таслах юу ч биш. Цагаан сар, Улсын баяр наадам гэх мэт томоохон тэмдэглэлт баяруудын дараа Монгол Улс бараг л тэр чигээрээ ажил хаялт зарладаг гэвэл худлаа ярьсан болчихгүй. Ажлаа хийх хүн бараг л ховорхон.
Нэг нэгнийдээ очиж дайлуулж цайлуулах, найзуудаараа салхинд гарна гэх мэтээр нийтээр баярлаж дуусангуут нэг нэгээрээ баяр тэмдэглээд явчихаж байгаа юм. Энэ мэтээр үргэлжилсээр нэг сарын ажил бол найдвартай хаягдана. Тиймээс энэ бүх назгайрсан байдлыг хуулиар зохицуулах шаардлага бий болчихоод байна.
Төрд "наах” үг гэдэгчилэн гишүүдэд дайх хэдэн санаа байгаа юм. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд өнөө маргаашгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Яагаад гэвэл тун удахгүй улсын баяр наадам эхэлж гишүүдтэй, төрийн албан хаагчидтайгаа ажил хаялт зарлах гэж байна.
Аймаг, сумын ой хэсч ахиад "ажил хаялт” хийхээс нь өмнө Улсын наадмаар 10 хоног амардаг болгочихъё. Монгол түмний уламжлалт баяр болох Улсын баяр наадам, Цагаан сараар хангалттай амардаг, ах дүүтэйгээ учран золгож, наадам найраа назгайхан тэмдэглэчихээд эрч хүчтэй ажилдаа ордог байдлаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулчихвал дургүйцэх хүн лав л гарахгүй байх.
Хөдөө орон нутагт гишүүд ажиллахад ч ард түмэн ийм саналыг дайдаг юм билээ. Тойргийнхоо гишүүдийг ч ийм байдлаар зохицуулж хуулийн төсөл боловсруулаад өгөөч хэмээн өргөдөл өгсөн хүмүүс ч байдаг. Тэртэй тэргүй ажил хийхгүй аймгуудын тэмдэглэлт ой хэсдэг гишүүдэд ч амарч байна гээд хэсэхэд нь ч гэсэн амар байх биз.
Харин Эх үрсийн баяр, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяр гэх мэт бусад баярын өдрүүдийг ажлын өдөр болгочихвол асуудал маш амархан зохицуулагдах гээд байгаа юм. Хуулиар зохицуулаад өгчихөөр аяндаа дасан зохицоод архидан согтуурч амарч зугаалах нь багасаад ирнэ.
Өнөө жил нэлээд олон аймгууд ой тэмдэглэхээр байгаа юм. Улсын баярыг залгуулаад л аймгуудын ой, даншиг наадмууд эхлэх учраас нэн даруйхан хуульдаа өөрчлөлт оруулъя. Наадсан шиг наадаж, ах дүүтэйгээ амар мэндээ мэдсэн шиг мэдчихээд бусад баярт ач холбогдол өгөхгүй болчихвол монголчууд аяндаа дасан зохицно.
Худалдааны төв, дэлгүүр гоо сайхны газрууд нь ч уламжлалт хоёр баяраараа хямдрал зарласан шиг зарлачихаад бусад баяруудаар ингэж шоу хийхээ больчих хэрэгтэй юм.
Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг баяр баяр гэж 10, 20 хоногийн өмнөөс зарлаж эхлэхээр хүссэн ч эс хүссэн ч тэр баярыг тэмдэглэх хүсэл сонирхол тэр хүнд төрөөд байгаа юм. Наадмаар л хангалттай амаръя. Хуулиа өөрчлөөд өгөөч, гишүүд ээ.
Б.Өнөртогтох
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих