Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 6 дугаар тогтоолын "Уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай” заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Хэрлэн гол”-ын тахилгын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгээс өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Хэвлэлийн бага хурал хийж, "Хэрлэн гол”-ын тахилгын арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. "Хэрлэн гол”-ын их тахилгын арга хэмжээг Билгийн тооллын хаврын адаг сарын 28-нд буюу Аргын тооллын 5 дугаар сарын 13-ны лусын буулттай өдөр "Бөгтөр харын рашаан” хэмээх газарт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Арга хэмжээний үеэр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ариун зан үйл, ёс заншлаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, гол усаа хайрлан хамгаалах зорилгоор Хэрлэн голын ай сав дагуу орших Хөлөнбуйр, Булган, Хэрлэн, Чойбалсан сумдын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад нээлттэй хичээл орох бөгөөд, "Үл бүдгэрэх өв” төслийн хүрээнд "Хэрлэнгийн баръяа” чуулгын дуучид ая дуугаа өргөж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид "Хэрлэнгийн магтаал”-ыг уншиж, сонордуулах ажээ. Түүнчлэн тахилгын арга хэмжээнд үндэсний өв соёл, ёс заншлаа дээдлэн Монгол үндэсний дээлтэйгээ хүрэлцэн ирэхийг нийт Дорнодчууддаа зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27343
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих