Интэрнэт, нийтийн сүлжээн дэх хамгийн сүүлчийн, хамгийн сонирхолтой үзэгдэл нь өөрөг зураг болоод байна. Өөрөө өөрийнхөө зургийг авч нийтийн сүлжээнд байршуулахыг хэлж байгаа үг л дээ. Ингээд өөргийн тухай сонирхолтой баримтуудаас толилуулъя.
Зураг: Анхны өөрөг.1839 он.
1. Түүхэнд хамгийн анх удаа хүний зураг авсан нь өөрөг байсан аж. Бүр 1839 оны явдал юм. АНУ-ын зохион бүтээгч Роберт Корнелиус өөрийнхөө бүтээсэн зураг авуураар өөрийнхөө хөргийг авч угаасан нь түүхэн дэх анхны хүнийг авсан гэрэл зураг төдийгүй анхны өөрөг болон үлдэх хувьтай байж.
2. Анх "селфи” хэмээх үг 2002 онд Австралийн интэрнэтийн нэгэн хэлэлцүүлэг дээр мэндэлжээ. 2013 онд харин Оксфордын англи хэлний толинд анх удаа орсноор барахгүй тус толины ажилтнуудын саналаар "Оны шилдэг үг”-ээр өргөмжлөгдсөн байна.
3. Селфи-г "өөрөг” хэмээн орчуулах санал Нүүр номын "Зугаатай хэл шинжлэл” бүлгэмээс төрсөн байна. "Өөрийн + хөрөг = өөрөг” гэсэн бүтэцтэй энэ үгийг залуус дэмжин, хэрэглээ нь олонд түгсээр байгаа юм.
4. 2013 онд нийт 238 тэрбум өөрөг сүлжээгээр цацагдсан гэсэн тооцоо гарчээ. Энэ нь дэлхийн бүх хүн дунджаар 34 удаа өөрийгөө өөрөгдсөн гэсэн үг юм. Дэлхийн хүн амын ихэнх хувь нь гар утас, зураг авуургүй гээд бодохоор өөрөгдөх бололцоотой хүмүүсийн хувьд энэ дундаж тоо хавьгүй их болох нь тодорхой байна. Манай монгол залуус ч хувь нэмрээ бас оруулсаар буй билээ.
5. Өөргийг моодонд оруулахад онцгой хувь нэмрээ оруулсан хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тодроод байна. Мань эрийн Нельсон Манделагийн оршуулгын үеээр өөргөө авч байгаа зураг олон хүний дургүйцлийг төрүүлснийхээ хэрээр бас өөрөгт олны анхаарлыг татсан юм.
6. Нэгэн судалгаагаар дэлхий дээр авч байгаа нийт өөргийн 48 хувь буюу бараг тал нь Нүүр номоор цацагддаг байна. Өөрөг, Нүүр ном хоёр ийнхүү хамтын ажиллагааны гүнзгий харилцаатай хөгжсөн аж. Өөрөг тархах талбарын хувьд удаах байруудыг утасны зурвас мэдээ, жиргээ, инстаграмм эзэлж байна.
7. Хүмүүсийн зургаан хувь нь тухайн үедээ хайртай байсан хүндээ өөргөө илгээсэндээ хожим нь харамсдаг гэнэ. Тэр өөрөг нь нэлээд янаг, ялгуун зураг байсан бол 36 хувь нь дараа нь "тархиа шаадаг” аж.
8. Эрчүүдийн гуравны нэг нь өөргөө заавал ахин авдаг гэсэн бол хүүхнүүдийн ердөө арван гуравхан хувь нь дахидаг гэжээ. Гэвч судалгаа авсан байгууллагаас бүсгүйчүүдийг "тоогоо дарсан” хэмээн сэжиглэж байгаа юм байна.
"Даяар Монгол " онлайн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих