Халхын голын түүхэн Ялалтын 80 жилийг ойг угтан Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Халхгол сумын "Ялалт” музейн хамт олон "Халхын голын дайны хээрийн үзүүллэг” төслийн нээлтийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Халхгол сумын төвөөс 12 км-ийн зайд орших Ремизовын өндөрлөгт зохион байгууллаа.
Мөн энэ үеэр Олон улсын "Музечдын өдөр”-ийн өдрийг 05 дугаар сарын 18-21-ний хооронд Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй төрийн байгууллагын төлөөллүүд, Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын А.К. Кузнецовын нэрэмжит музейн орлогч дарга Шелофаст Эдуард Викторович тэргүүтэй төлөөгөчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Манжуур”, "Хөлөнбуйр” хотын Музейн төлөөллүүд, Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх Ухааны акедеми, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хилийн музей, Хил хамгаалах газар, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллүүд тус тус оролцлоо.
"Халхын голын дайны хээрийн үзүүллэг” төслийн хоёрдугаар шат 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэх бөгөөд судалгаа шинжилгээний ажил дахин үргэлжилж, танк, хуягт, онгоц болон дайны үеийн түүхэн олдворуудыг нэмэдүүлэхээр зорьж байгаа аж. Харин гуравдугаар үе шат нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хэрэгжиж дуусах ба бүтээн байгуулалтын ажлууд бүрэн эхэлж, хээрийн үзүүллэгийн зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, мөн маршрутын дагуух замын аюулгүй байдал харуул хамгаалалтын асуудлаа шийдвэрлэх юм.
Ремизовын өндөрлөгт 3.5 километрийн радиуст сөнөөгч онгоцны тал бие, далавч, хуягт, танк, их бууны хэлтэрхий зэрэг дайны ул мөрийг гэрчлэх баримт, эд өлгийн зүйлүүдийг олон улсын болон бүс нутгийн музейчдэд дэлгэж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал хүсэлт, зөвлөмжийг авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгахаар төлөвлөж, музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 329 дүгээр ангийн тусгай салбарын "Гардан тулааны үзүүлэх тоглолт”, Хилийн цэргийн 0198 дугаар анги нохойн үзүүлэх тоглолтыг хийж, Хайлааст манханд Мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг түүхэн, дурсгалт газруудаар тогтоосон маршрутын дагуу аялуулсан юм.
Халхгол сумын "Ялалт” музейн хамт олны санаачилгаар хэрэгжиж буй "Халхын голын дайны хээрийн үзүүллэг” төслийн нээлт олон улсын болон Монгол эрдэмтэд, судлаачдын анхаарлыг татаж, хамтран ажиллах талаар хэлэлцэж, цаашид амжилттай хэрэгжих үндэс, суурь боллоо. Түүнчлэн ирэх 2018 онд түүхэн Ялалтын 80 жилийн ойгоо угтахаар бэлтгэл ажлаа ийнхүү эртнээс хангаж байгаад аймаг орон нутгийн зүгээс талархаж, бүхий л боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийлж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих